Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0926/З |
Дугаар | 221/МА2023/0438 |
Огноо | 2023-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0438
“П..” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Нэхэмжлэгч: “П..” ХХК
Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын “П..” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 391 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0926/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/ 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П..” ХХК-ийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын “П..” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...шүүх хэргийг хуулийн дагуу, үнэн зөв шийдвэрлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н намайг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
2.2. Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас үйл ажиллагаа нь олон хоногоор хязгаарлагдсан үйлчилгээний салбаруудтай 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Хариуцлагын гэрээ” байгуулсан.
2.3. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэл, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 2021 оны 26 хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай штабын цахим 15 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай штабын 16 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Худалдаа, үйлчилгээний газруудын “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавих шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж ажилласан.
2.4. Удирдамжийн дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас “П..” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в/239 дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай албан бичгийг ирүүлсэн. Албан бичгийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин ажилласан “П..” ХХК-ийн захирал Б.Э-ыг байлцуулан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан. Сонсох ажиллагааны үеэр оролцогч Б.Э Нийслэлийн Засаг даргын А/739 дүгээр захирамжийг зөрчиж ажилласнаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар “Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, цуцлах тухай” тушаалаар “П..” ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
2.6. Шүүх 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан сонсох ажиллагаанд нэхэмжлэгч “П..” ХХК оролцсон болохыг зөв дүгнэсэн атлаа тус байгууллага яагаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд ямар нэг дүгнэлт хийлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалд хяналт тавьж ажиллах талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн тээврийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/89 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн ба уг албан бичгийг үндэслэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “П..” ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хураан авсан байдаг.
2.7. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу тус албаны цахим хаягт А тушаал тухай бүртээ нийтлэгддэг тул нэхэмжлэгч “П..” ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гэдгийг мэдээгүй байх ямар ч боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч “П..” ХХК нь согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлдэг тухай нэхэмжлэл болон тайлбар, мэдүүлэгтээ дурдсан байдаг. Энэ үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл бөгөөд түрээслэгч байгууллага тухайн үед хэлээгүй, хожим мэдэгдсэн гэх зэргээр тайлбарлаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н миний төрсөн ээж Ш.Д нойр булчирхайн хорт хавдрын 3-р үе шатанд оношлогдож, хагалгаанд орох болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н миний бие ажлаас 3 хоногийн чөлөө авсантай холбоотой шүүх хурлыг боломжит хугацаанд хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ шүүхийн и-мэйл хаягаар илгээсэн бөгөөд чөлөөний хуудсыг төлөөлөгч Я.Б шүүхэд өгч нөхцөл байдлыг тайлбарласан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, процессын хууль зөрчсөн шийдвэр болсон. Миний бие хариуцагч байгууллагын хуулийн мэргэжилтэн тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зэргээр хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой асуудлаар шүүх хуралдаанд мэтгэлцэх байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0391 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “П..” ХХК-иас Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын “П..” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “П..” ХХК-д Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 4/0314 дүгээр тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар “Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, цуцлах тухай” тушаалаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26в/3290, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26в/239 тоот албан бичгийг үндэслэн тогтоосон цагийн хязгаар зөрчиж үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж 10 дугаар хавсралтад дурдсан 16 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсны хавсралтын 2-т “П..” ХХК багтсан байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай байдаг.
2.4. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн (2001 оны) 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гээд 14.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан”, 14.1.2-т “хуулийн этгээд татан буугдсан”, 14.1.3-д “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон”, 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 14.1.5-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” бол цуцлах хуулийн зохицуулалттай.
2.5. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “П..” ХХК нь Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 4/0314 дүгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй буюу маргаан бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаал нь нэхэмжлэгч “П..” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр дуусгавар болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байхад түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж, мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26в/3290, мөн газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в/239 дүгээр албан бичгүүдийг үндэслэл болгосон боловч эдгээр албан бичигт нэхэмжлэгчийн нэг зөрчлийг тогтоож торгуулийн арга хэмжээ авагдсан, харин 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зөрчил нь шалгагдаж байгаа шийдвэрлэгдэж дуусаагүйг тус тус тодорхойлсон байхад ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна хэмээн анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.
2.7. Өөрөөр хэлбэл, “удаа дараа” гэж 2 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн (2001 оны) 14 дүгээр зүйлийн 14.1.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад нэг удаагийн зөрчлийг тодорхойлсон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в/239 дүгээр албан бичгийг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.8. Нөгөөтээгүүр, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд харин хариуцагчаас “П..” ХХК нь тогтоосон цагийн хязгаар зөрчиж үйл ажиллагаа явуулж, удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий актын үндэслэл нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт буюу “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан” гэх заалтыг баримталсан, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г, Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Д.М, нэхэмжлэгч “П..” ХХК-ийн захирал Б.Э нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 11-2/18 тоот “Хариуцлагын гэрээ”-нд заасан гэрээ цуцлах үндэслэл тухайн тохиолдолд тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2.9. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо шүүхээс нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд ямар нэг дүгнэлт хийлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу тус албаны цахим хаягт А тушаал тухай бүртээ нийтлэгддэг тул нэхэмжлэгч “П..” ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гэдгийг мэдээгүй байх ямар ч боломжгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн тайлбарлаж байна.
2.10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7328 дугаар захирамжаар “П..” ХХК-иас Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан гаргасан “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны А/12 дугаартай тушаалын “П..” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд нэхэмжлэгчээс гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 770 дугаар тогтоолоор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна гэсэн дүгнэлт хийж, дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.
2.11. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 оны)-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ” гэснийг хариуцагч захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Мөн шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-д шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу 13 хоногийн өмнө мэдэгдсэн байхад шүүх хуралдаан товлогдсон өдөр хувийн чөлөө авсан баримтаар тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагчаас өөр хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаа нотолсон баримтыг хавсаргаагүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус албаны мэргэжилтэн Г.Н, Я.Б, Ж.Б нарт хариуцагчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхтэйгээр төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх тул шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-г оролцуулан хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ы гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА