Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01097

 

 2017 оны 05 сарын 11 өдөр

          Дугаар 183/ШШ2017/01097

             

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9А байр 69 тоотод байрлах “Скайстар” ХХК /РД:2045397/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө 4 дүгээр байр 1 тоотод байрлах “Буурал-Алтай” ХХК /РД:2065045/-д холбогдох 14 923 540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цогтсайхан,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, гэрч Д.Баттөр, Д.Мягмаржав, Б.Лхагвасүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайстар” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Буурал-Алтай” ХХК-тай газар шорооны ажил хийхээр  10 910 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн дагуу гүйцэтгэгч  манай байгууллага нь гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл захиалагч “Буурал-Алтай” ХХК нь гэрээний төлбөр болох 10 910 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл 9 910 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Мөн “Буурал-Алтай” ХХК нь манай компаниас 5 013 540 төгрөгийн үнэтэй хавтан бараа материалыг авсан боловч мөнгөө төлөөгүй. Иймд “Буурал-Алтай” ХХК-аас нийт 14 923 540 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь “Скай стар” ХХК-тай гэрээ байгуулан хамтарч ажилласан нь үнэн боловч  Скайстар” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч Элдэв-Очирыг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Манай компани нь газар шорооны ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг бид техник орох боломжгүй газар технологийн дагуу гүйцэтгэсэн. Акт үйлдээгүй гэж байсан. Гэрээний 5.3-д захиалагч тал ажлын үр дүнг хугацаанд нь биелүүлээгүй бол ажлыг хүлээн авсан тооцож шаардах эрхтэй гэж бичсэн байгаа. Мөн гэрээний 4.7-д заасан ямар нэг зөрчил гараагүй. Замын ажил үе шатаар явдаг манайх газар шорооны ажлыг л хийсэн. Дараагийн ажлыг Элдэв-Очир гэж хүн хийсэн байх үүн дээр бид маргахгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх ажлын үүргийн тухай тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Мөнгөнцэцэг тамга дараагүй захирал тамга дарсан учир гэрээ нь хүчин төгөлдөр тооцогдоно. Компани гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа бөгөөд акт үйлдээгүй учраас үр дүн байхгүй байна гэж байна. Хийсэн ажил болгоноо нотолно гэсэн зүйл бол байхгүй. Иргэний хуулийн 343.1, 344.2 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэлийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх бөгөөд ажлын үр дүн нь захиалагч хүлээж авдаг цалингаа гүйцэтгэгч хүлээж авдаг гэрчүүдэд хууль сануулж тайлбар авдаг учир хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсийг нотлох шаардлага байхгүй. Гэрээний үндсэн нөхцөлд 801 квадрат метр талбайд хийх ажлуудыг бичсэн байдаг. Элдэв-Очиртой хийсэн гэрээг мөн нөхөж хийсэн байх гэж бодож байна. Мөн бид 1,000,000 төгрөг авсан гэдэг хариуцагч 1,700,000 төгрөг өгсөн байх гэдэг боловч үүнийгээ нотолдоггүй. Тиймээс нийт 14,923,540 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөнцэцэг гэж хүн компанийг төлөөлөх эрх бүхий хүн биш мөн компанийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан. Өнөөдөр гэрээ байгуулах эрхтэй гэсэн баримт гаргаж өгч байна. Гэтэл өнгөрсөн зүйлийг өнөөдрийн он сараар гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ажлын үр дүн тогтоогдоогүй байж гэрээний дагуу нэхэмжилж байна гэж байгаа болов ч гэрээ нь хууль ёсны бус тул эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрчүүд “Скайстар” ХХК-д ажилладаг гэдгийг нотлох зүйл байгаагүй. Ажиллаж байсан баримт нь байхгүй байна. Мөн хийсэн ажлынхаа төлөө цалин авсан баримт нь байхгүй байна. Нэхэмжлэлийг шаардах эрх нь “Скайстар” ХХК-д байхгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайстар” ХХК нь хариуцагч “Буурал-Алтай” ХХК-д холбогдуулж “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 9 910 000 төгрөг, бараа материалын үнэд 5 013 540 төгрөг, нийт 14 923 540 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 9 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-г хүртэлх хугацаанд “Буурал-Алтай” ХХК-д бараа материал нийлүүлсэн баримт зэргийг нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

 

Уг гэрээгээр “Буурал-Алтай” ХХК нь 400 м2 талбайг шороогоор дүүргэж компактороор нягтаруулж, 1 м2 7000 төгрөг нийт 2 800 000 төгрөг, 811 м2 талбайн суурийг тэгшилж нягтаруулан, дайргаар дүүргэлт хийж, индүүдэж зам хийх суурийг нь бэлдэж грааш руу орсон 2 пандусынны суурийг хийх 1 м2 нь 10 000 төгрөг нийт 8 110 000 төгрөг нийт 10 910 000 төгрөгөөр уг ажлыг хийж “Скайстар” ХХК-д хүлээлгэн өгөх,  “Скайстар” ХХК нь гэрээний нийт үнэд 10 910 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-ийн 6/

 

Захиалагч болох “Скайстар” ХХК нь гүйцэтгэгч “Буурал-Алтай” ХХК-д бараа, материал 2015 оны 11 дугаар сарын 18-наас 2015 оны 12 дугаар сарын 3-н хүртэл 5 013 540 төгрөгийн бараа материал шилжүүлсэн, хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь уг  асуудлаар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэгч манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, захилагч тал гэрээний дагуу 1 000 000 төгрөг төлсөн үүн дээр маргахгүй, мөн хавтан нийлүүлсэн 5 013 540 төгрөгийг төлөөгүй учир “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 9 910 000 төгрөг, бараа материал нийлүүлсэн 5 013 540 төгрөг, нийт 14 923 540 төгрөг гаргуулна” гэх тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь “...бараа материал нийлүүлсэн гэх 5 013 540 төгрөг дээр маргахгүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй юм. Учир нь Мөнгөнцэцэг нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, тухай үед Мөнгөнцэцэгт гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан, мөн яг ямар ажлын үр дүн тогтоогдохгүй, нотлогдохгүй, гэрээний дагуу нэхэмжилж байгаа нь  гэрээ нь хүчин төгөлдөр бус, ажлын үр дүнг тооцсон баримт хэрэгт байхгүй, уг ажлыг хаяад явсан учир Эрдэнэ-Очир гэх хүнтэй гэрээ байгуулж хийлгэсэн” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хавтаст хэрэгт “Буурал-Алтай” ХХК-нь “Скайстар” ХХК-аас бараа материал хүлээн авсан талаараа маргахгүй зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5 013 540 төгрөгийг хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан гэрчээр Эрдэнэ-Очирыг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр төлөөлөгч нь уг хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээний хугацаанд “Скайстар” ХХК нь гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх ба энэ талаар талууд маргаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь бүрэн биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

 

Гэрээний 4.4-д Ажлын гүйцэтгэлийг цаг тухай бүрд нь хүлээн авч актаар баталгаажуулах үүрэгтэй.., гэрээний 5.3-д захиалагч тал ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож хөлс төлөхийг захиалагчаас шаардах эрхтэй... гэж тус тус заасан байна.

 

Гэрээний уг заалтаас үзвэл хариуцагч нь ажлын үр дүнг тооцсон баримт хэрэгт байхгүй тогтоогдохгүй байна гэж маргасан нь гэрээний 4.4-т заасан үүргээ захиалагч тал буюу “Буурал-Алтай” ХХК нь биелүүлээгүй байх тул “Скайстар” ХХК хөлсийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр уг гэрээ хүчин төгөлдөр бус, шаардах эрхгүй буюу нягтлан Мөнгөнцэцэг нь тухайн үед ажил гүйцэтгэх гэрээг байгуулах эрхгүй этгээд байсан гэсэн нь...уг гэрээг “Буурал-Алтай” ХХК захирал З.Мөнхтуяа, “Скайстар” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан нар баталж, гарын үсэг тамга тэмдэг дарсан бөгөөд уг гэрээний үндэслэх хэсэгт ...”Скайстар” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Г.Мөнгөнцэцэг нар нь харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэсэн нь эрх бүхий этгээд мөн байх тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг тул хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10 910 000 төгрөгний ажил хийж гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэгчийн 1 000 000 төгрөг гэрээний дагуу хүлээн авсан үлдэгдэл 9 910 000 төгрөг нэхэмжилж байна гэснийг хариуцагч 1 000 000 төгрөг шилжүүлсэн эсэх үнийн дүн дээр ямар нэгэн байдлаар маргаагүй, баримтаар нотлоогүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчид уг мөнгийг төлөхгүй байх үндэслэл, сөрөг шаардлага, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу өөрийн татгалзлыг шүүх хуралдаан дээр нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаан дээр гэрч Б.Лхагвасүрэн, Д.Мягмаржав, Д.Баттөр нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч “Буурал-Алтай” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 9 910 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч бараа материалын үнэд 5 013 540 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 568 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Буурал-Алтай” ХХК-аас 9 910 000 /есөн сая есөн зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайстар”  ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бараа материалын үнэд 5 013 540 төгрөг гаргуулахыг хариуцагч “Буурал-Алтай” ХХК нь зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 568 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Буурал-Алтай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 173 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Скайстар” ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ