| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч *******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Дөчин дөрвөн овогт*******ийн *******, Хүрдийнхэн овогт*******ы ******* нарт холбогдох 2136000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 31 настай, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-76 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх******* регистрийн дугаартай, Хүрдийнхэн овогт*******ы *******,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-48 айлын орон сууцны 43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх регистрийн дугаартай, Дөчин дөрвөн овогт*******ийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-76 тоот хашаанд *******тай маргалдах явцдаа зодож биед дагзны дунд хэсгийн хуйхны шарх, дагзны зүүн доод хэсгийн хуйхны шарх, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун тохой хэсгийн зулгаралтууд, баруун шууны гадна хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-76 тоот хашаанд Б.*******тай маргалдах явцдаа зодож биед зулай хэсгийн хуйхны зулгаралт, баруун гарын 1 дүгээр хурууны дотор талын шарх, баруун алга хэсгийн шарх, өвчүүний баруун дунд хэсгийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Би тухайн үед болсон үйл явдлын талаар цагдаагийн байгууллага дээр мэдүүлгээ өгсөн учраас хэлэх зүйл байхгүй. Асуудлаа хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.******* мэдүүлэхдээ: Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Прокуророос торгох ял санал болгосон бөгөөд би түүнийг нь хүлээн зөвшөөрч тодорхой хугацаан дээр тохирсон тул торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Эрүүгийн 2136000000133 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
2. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/,
3. Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60-р хуудас/,
4. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 392 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 393 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
6. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
7. Яллагдагч Б.*******, ******* нарын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 72-73-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *******, Б.******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-76 тоот хашаанд маргалдах явцдаа харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд
1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр 1-76 тоот хашаанд хохирогч *******тай маргалдах явцад түүнийг зодож эрүүл мэндэд нь дагзны дунд хэсгийн хуйхны шарх, дагзны зүүн доод хэсгийн хуйхны шарх, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун тохой хэсгийн зулгаралтууд, баруун шууны гадна хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн өдөр би дүү Энхбаярын хамт дэлгүүр орох гээд талын хашаанд байдаг дэлгүүрт орсон. Тэгээд сагсны шийд дээр бөмбөг шидээд зогсож байтал нэг ах гарч ирээд зайл гээд байхаар нь би явж очоод та юу гээд байгаа юм бэ гэтэл намайг заамдаж аваад түлхээд унагаасан. Тэгээд би босоод ирэхэд тоглож байсан хүүхдүүд ирсэн. Тэгээд манай дүү Энхбаяр гарч ирээд бид хоёр хашаанаас гараад зугтаасан. Нэг эгч гарч ирээд утсаараа бичлэг хийгээд янз бүрээр хэлээд байхаар нь би урдаас нь хэрэлдсэн. Тэгтэл ******* гарч ирээд үзүүртэй тоосго юмуу, цавын чулуу шиг зүйлээр миний ар талын дагзруу цохиод миний толгойноос цус гарсан. Одоо надад санал гомдол байхгүй. Тухайн үед миний буруу байсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
Гэрч П.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 07 сарын 10-ны орой 23 цагийн үед найз *******, Батбилгүүн нарын хамт архи ууж яваад пиво авахаар дэлгүүр орсон. Дэлгүүрт зогсож байтал Батбилгүүн гаднаас дуудахаар нь яваад очсон чинь манай найз *******ыг дэлгүүрийн эзэн ******* хашаан дотроо найзуудын хамт зодож байсан. Тэгээд ******* бид хоёрыг хашаанаас хөөгөөд гаргасан. Тэгтэл эхнэр нь бичлэг хийгээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл ******* нь цавын чулуугаар *******ын толгойг цохиод хагалсан.Тухайн үед ******* эрүүл, ******* согтуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 392 дугаартай " 1. *******ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. *******ын биед дагзны дунд хэсгийн хуйхны шарх, дагзны зүүн доод хэсгийн хуйхны шарх, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун тохой хэсгийн зулгаралтууд, баруун шууны гадна хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан гэмтлүүд үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. *******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 5. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 сарын 10-ны орой 22 цагийн үед би хашаандаа элэг шараад гэрийхэнтэйгээ байж байсан. Манай эхнэр дэлгүүр ажиллуулдаг юм. Манай эхнэр дэлгүүрээ хаах гээд цэвэрлэгээ хийж байж байхад нэг залуу орж ирээд архи авах гэж нэг пиво авъя гээд 10000 төгрөг өгөхөөр нь манай эхнэр 11000 төгрөг гэж хэлэхэд манай эхнэрийг хэл амаар доромжлоход би хашаан дотор байж байгаад сонсоод дэлгүүрийн цонхоор “юу болоод байгаа вэ” гэж асуухад эхнэр хэл амаар доромжлоо хаах гэж байна гар гэхэд гарахгүй байсан. ...Манай эхнэр тэд нарын бичлэгийг хийгээд буцаад ирж байхад Энхбаяр манай эхнэрийг доромжлоод ******* гэх залуу манай эхнэрийг цохихоор нь би уурлаад гүйж очоод нөгөө ******* гэх залууж татаж унагаагаад хоорондоо зодолдсон. ******* намайг цохисон. Намайг яг юугаар цохисныг би мэдэхгүй. гэхээр нь би согтуу “гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60-р хуудас/,
Гэрч Р.Болортуяагийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгэхээр нь би утасныхаа камерыг асаагаад хашааны хаалга дээр очсон чинь нөгөө дэлгүүрт байсан залуу намайг янз бүрийн үг хэлээд байхаар нь би бас өөдөөс хэрэлдээд зогсож байсан чинь цаанаас нөгөө найз нь ирээд бас янз бүрийн үг хэлээд байхаар нь манай нөхөр цаанаас ирээд “чи манай эхнэрийг янз бүрийн үгээр хэлж доромжилдог хэн бэ, наад хүн чинь эмчилгээ хийлгэж байгаа” гээд уурлаад нөгөө хүмүүс хоорондоо бөөгнөрөөд хэрэлдээд модон хашааны тэнд л юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/,
Хохирогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд мэдүүлсэн “...Би шийдэн дээр тоголоод зогсож байсан чинь нэг ах “хөөё чи зайлаач” гээд орилоод байхаар нь би согтуудаа явж очоод “юу гээд байгаа юм вэ” гэсэн чинь шууд намайг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6-р хуудас/,
Гэрч П.Энхбаярын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн “...Дэлгүүрт зогсож байтал Батбилгүүн гаднаас дуудахаар нь яваад гарсан чинь манай найз *******ыг дэлгүүрийн эзэн Б.******* хашаан дотор найзуудын хамт зодож байсан. ...Тэгтэл Б.******* гэх залуу цавын чулуугаар манай найз *******ын толгойг цохиж хагалчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/
Яллагдагч Б.*******ын 2021 оны 08 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие*******ы ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч *******т учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, мөн прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 104-р хуудас/,
2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-76 тоот хашаанд хохирогч Б.*******тай маргалдах явцдаа түүнийг зодож түүний эрүүл мэндэд нь зулай хэсгийн хуйхны зулгаралт, баруун гарын 1 дүгээр хурууны дотор талын шарх, баруун алга хэсгийн шарх, өвчүүний баруун дунд хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 сарын 10-ны орой би хашаандаа элэг шараад гэрийнхэнтэйгээ байж байсан. Манайх Энэрэл гэдэг нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд байж байхад дэлгүүрт нэг залуу орж ирээд манай эхнэртэй хэрэлдээд байсан. Би орж ирээд тэр залууг манайх хаах гэж байна архи пиво зарахгүй гэхэд намайг чи юу юм бэ гээд миний өөдөөс хашхираад байж байхад манай хашаанд 3 залуу ороод ирчихсэн байсан. ******* гэдэг залуу сагсны шийд дээрээс ямар том дуутай бэ гээд хэлэхээр нь би *******тай маргалдаад зогсож байхад нэг өндөр залуу хашаан дээрээс чулуу аваад миний толгой руу шидсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 393 дугаартай " 1. Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.*******ын биед зулай хэсгийн хуйхны зулгаралт, баруун гарын 1 дүгээр хурууны дотор талын шарх, баруун алга хэсгийн шарх, өвчүүний баруун дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтлүүд үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 5. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар арын 10-ны орой 2 найзтайгаа архи ууж байгаад пиво авахаар дэлгүүр дээр очиж зогсоод манай найз Г.Энхбаяр дэлгүүр орсон. Би гадна дэлгүүрийн хашаан дотор байх сагсны шийд дээр үлдээд бөмбөг шидээд зогсож байтал хашаан дотроос нэг эрэгтай хүн чи согтуу минь зайлаач гэхээр би чи муу юу гээд байна гэж хэлээд урдаас нь очиход намайг заамдаж түлхэж унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдож байтал шийдэн дээр тоглож байсан хүүхдүүд ирээд бид на хоорондоо хэрэлдэж маргалдаад 2 найзтайгаа зугтаад хашааны гадна талд гарсан. ...Тэгтэл Б.******* хашаанаас гарч ирээд миний толгой хэсэгт юугаар цохисныг сайн санахгүй байна. Би Б.*******тай маргалдаж ноцолдож байх үед биед нь зулгаралтууд үүссэн байх. Бусдаад бол толгой хэсэгт нь цохиогүй. Ноцолдож байхад Б.*******ыг өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/,
Яллагдагч *******ын 2021 оны 08 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч Б.*******т учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, мөн прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 105-р хуудас/ шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хохирогч *******ын биед үүссэн дагзны дунд хэсгийн хуйхны шарх, дагзны зүүн доод хэсгийн хуйхны шарх, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, нурууны баруун хэсгийн зулгаралтууд, баруун тохой хэсгийн зулгаралтууд, баруун шууны гадна хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна дунд хэсгийн зулгаралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт бүхий гэмтэл, хохирогч Б.*******ын биед үүссэн зулай хэсгийн хуйхны зулгаралт, баруун гарын 1 дүгээр хурууны дотор талын шарх, баруун алга хэсгийн шарх, өвчүүний баруун дунд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч Б.*******ын шүүгдэгч *******тай маргалдах явцад харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хохирогч Б.*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.*******ыг хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь согтолтыг тодорхойлох тэмдэглэлээр /хавтаст хэргийн 2-р хуудас/ тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдох явцад бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч *******ын үйлдсэн гэм хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хор уршгийг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй мөн гомдол, саналгүй хохирлыг бүрэн барагдуулсан гэж хүсэлт гаргаж /хавтаст хэргийн болох 106-107-р хуудас/, шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул тэдгээрийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 76-77-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг арилгасан” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч С.Жамъянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь миний эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Б.******* нь хувь хүний хувьд төлөв даруу, томоотой суурь хүмүүжилтэй. Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 2008 онд төгссөн. Дархан-Уул аймагт политехник коллежид нэг жил сурч төгссөн. Боломжийн амьдралтай, 1 ах, 2 эгч, 2 дүүтэй.” гэх мэдүүлэг, гэрч Б.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь миний төрсөн дүү байгаа юм. 2008 онд Мянгад сумын сургуулийг төгсөөд Дархан-Уул аймагт нэг жил сурсан өрлөгчин мэргэжилтэй. 2010 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагаад 2021-2015 онуудад цэргийн ангид ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч А.Лигдэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз ******* нь төлөв даруу зантай, суурь хүмүүжил сайтай. Бид хоёр 205-2016 онуудад Ховд аймгийн нэгдүгээр сургуулийг төгссөн. ******* нь 2016-2020 онуудад Соёл урлагийн их сургуулийг хөгжимчнөөр төгссөн. Дундаж амьдралтай, эцэг 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж нь 2018 онд бурхан болсон, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. “... гэх мэдүүлэг, гэрч Б.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******тай багаасаа найзалсан нэг ангид 10 жил хамт суралцсан. ******* нь төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, хүнд их тусархуу, одоо аав хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Аав нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөрөө одоо ажилгүй байгаа.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаанууд зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч Б.*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв.
Шүүгдэгч нар нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******, ******* нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлав.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүрдийнхэн овогт*******ы *******, Дөчин дөрвөн овогт*******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баярсайханы *******,*******ийн ******* нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, *******т нарын тус бүрт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарласугай.
5. 2136000000133 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК