| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Р.Дагдандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Шувуутынхан овогт Рагчаасүрэнгийн ******* холбогдох 2136000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2, хүүхдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх ******* регистрийн дугаартай, Шувуутынхан овогт Рагчаасүрэнгийн Дагдандорж,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах лагерийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Л.*******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Л.******* биед халдан зодож зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралтууд, зүүн суганы хэсгийн цус хуралтууд, баруун суганы хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт******* мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би *******той архи ууж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан. Б.******* эмчилгээ болон бусад хохирлыг бүрэн төлсөн. Би торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Эрүүгийн 2136000000151 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
2. Иргэн Л.*******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,
3. Хохирогч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
4. Гэрч Т.Пүрэвширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 450 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/,
6. Яллагдагч Р.******* 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Р.Дагдандорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч Л.*******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийг зодож, биед нь зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралтууд, зүүн суганы хэсгийн цус хуралтууд, баруун суганы хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, хохирогч Л.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 22-05 тоотод оршин суудаг, Лхагвасүрэнгийн *******/ “...Тухайн өдөр Т.Пүрэвширнэн,******* бид гурав Р.******* лагерийн гэрт очоод 2 шил архи хувааж уугаад Т.Пүрэвширнэн согтоод унтсан, ард нь Дагдандорж бид хоёр архи ууж байгаад нэг мэдсэн миний нүүрлүү цохисон. Яг юугаар цохисоныг мэдэхгүй. Би согтуу байсан учраас мэдэхгүй байна. ...Тэгээд Т.Пүрэвширнэн босож ирээд салгасан. Би Р.******* санал гомдол байхгүй.******* надаас уучлалт гуйсан бөгөөд бид хоёрын хооронд ямар нэгэн хохирлын тооцооны талаар маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Т.Пүрэвширнэн луу утсаар ярьтал Р.******* гэрт хашаа хадаж байна хүрээд ир гэхээр нь би очоод хашаа хадалцаж дуусаад Р.******* машинтай бид гурвуулаа Р.******* гол дээр байх эзгүй гэр лүү очсон. Тэнд очоод******* 2 шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг ууж байгаад*******той би маргалдаад зодолдсон юм. ...Би их согтсон байсан болохоор юунаас болж зодолдсоноо санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Гэрч Т.Пүрэвширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 08 сарын 01-ний өдөр би Р.******* гэрт очоод хашаа таталцаж байтал ******* ирсэн. Бид гурав хашаагаа татаж дуусгачихаад ******* лагерийн гэрт очсон. Дагдандорж гэрээсээ 2 шил архи гаргаж ирсэн. Түүнийгээ ууж байгаад би нилээн согтолттой байсан ба нэг мэдсэн*******, Б.******* хоёр хоорондоо зодолдоод эхлэхээр нь би салгасан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа нар ирээд******* бид хоёрыг аваад явсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би салгах гээд босоход Б.******* толгойноос цус гоожсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 450 дугаартай " 1. Л.******* биед гэмтэл тогтоогдлоо. 2. Л.******* биед зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралтууд, зүүн суганы хэсгийн цус хуралтууд, баруун суганы хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Л.******* биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. Л.******* биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,
Яллагдагч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би тухайн өдөр хашаагаа гүйцээж барих гээд Т.Пүрэвширнэнг дуудаад хамт юм хийж байтал ******* ирээд бид гурав хамтдаа манай хашааг барьж дуусгаад гол дээр байдаг манай гэрт очиж өмнө үлдээсэн байсан хоёр шил архийг бид гурав хувааж уусан. Тухайн үед Т.Пүрэвширнэн тасраад унтсан, Л.******* бид хоёр үлдээд ууж байгаад хоорондоо маргалдсан. Бид хоёрын дунд жаахан мөнгө төгрөгний асуудал байсан учраас түүнээсээ болж маргалдаад тэгээд би шаазан аягаар Л.******* толгойг хага цохисон. Тэгээд Л.*******ыг босоод ирэхээр нь би нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд би дараа нь 60000 төгрөгийн асуудлаа шийдээд Л.******* ахаас уучлал гуйгаад эв зүйгээ олсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,
Яллагдагч Р.******* 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Рагчаасүрэн овогтой Дагдандорж нь 2021 оны 08 сарын 02-ны өдөр иргэн Л.*******той харилцааны зөрчил гаргасан нь үнэн болно. Иймд хөнгөн шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах лагерь дэх өөрийн гэртээ хохирогч Л.*******, Т.Пүрэвширнэн нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогчтой маргалдаж түүний толгой, нүүр хэсэг болон биед нь гараараа цохиж зодож биед нь гэмтэл үүсгэсэн, шүүгдэгч болон хохирогчийг Т.Пүрэвширнэн салгаж түргэн дуудсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч Л.******* биед үүссэн зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зүүн шанаа хацар хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралтууд, зүүн суганы хэсгийн цус хуралтууд, баруун суганы хэсгийн цус хуралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.******* хохирогч Л.*******той маргалдах явцад зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийг гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч*******ийг хохирогч Л.******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч учирсан хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн “...Надад гомдол санал*******оос нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлсэн /хавтаст хэргийн 13-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч******* урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 42-45-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.******* хувийн байдлын талаар гэрч Б.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би*******той ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Манай дүү******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Их найрсаг, үг дуу цөөнтэй, хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг, гэрч Б.Хүрэл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би*******той найз нөхдийн холбоотой. Манай найз эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хүнтэй найрсаг харьцдаг, хүн амьтантай нэг их маргаад байдаггүй.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 778 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 22-27, 59-61-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно.
Шүүгдэгч*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2136000000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шувуутынхан овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Р.******* тайлбарласугай.
5. 2136000000151 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.******* оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Р.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК