Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигон ургийн овогт *******т холбогдох 2136000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 7 дугаар гудамжны 04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх,******* регистрийн дугаартай, Боржигон овгийн *******,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01 дүгээр гудамжны 03 тоот хашаан дотор байрлуулж зогсоосон байсан 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ асааж хөдөлгөхдөө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж хөдөлгөсний улмаас иргэн *******ийн эрүүл мэндэд дагзанд оёдол тавьсан шарх, зүүн хацарны язарсан шарх, баруун мөрний зулгаралт, зүүн гарын бугалга, шууны цус хуралт, зүүн гарын алганы ар талын зулгаралт, хэвлийд цус хуралт, зулгаралт, зулгарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулж,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр ******* бид хоёр ногоо тарьж байсан. Манай нэг дүү өвчтэй байж байгаад хөдөөнөөс орж ирсэн. Тухайн өдөр үер болж байсан тул гэрийнхээ хажуу талын усыг янзалж байсан. Ж.Батжаргалынх машин авсан байна. Хоол хийчихсэн байна очиж хөзөр тоглоё гэхээр нь очиж хөзөр тоголж байгаад 0,5 литрийн архи уусан. Тухайн архиа ууж дуусгахад Ж.Батжаргал дахин нэг архи гаргасан. Ууж байсан архиа дуусгаад манай эхнэр ******* намайг архинд яв гэхээр нь би 0,5 литрийн шилтэй архи авчиртал намайг 0,75 литрийн архи авсангүй. 0,5 литрийн архи авлаа гэж уурлаад болохгүй байхаар нь би дахин явж архийг нь авчирч өгсөн. Хамт тэр архиа уусан. Би харихгүй тэнд унтъя гэж бодож байсан гэв.

          2136000000143 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:

          1. Жолооч *******ын согтуурлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-р хуудас/,

          2. Гэрч Б.Өлзийтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

          3. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-115-р хуудас/,

          4. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 80-82-р хуудас/,

          5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 67-69-р хуудас/,

          6. Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 152-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Хэргийн үйл баримтын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн  нутаг дэвсгэрт байрлах Ш.Батжаргалын гэрт эхнэр *******, хүү Н.Энхбаатар нарын хамт өөрийн эзэмшлийн 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн машинаар очсон. Ш.Батжаргалын гэрт бүгдээрээ хөзөр тоглож архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтсон. Улмаар шүүгдэгч нь хашаан дотор байсан Портер машиныг асааж хөдлөх үед хохирогчийг мөргөснөөр тэнд байгаа хүмүүс түргэн дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хохирогчийн машинаар мөргөсний улмаар түүний биед гэмтэл учирч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан, мөн зам тээврийн ослын актаар жолооч буюу шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогджээ.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01 дүгээр гудамжны 03 тоот хашаан дотор байсан 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ асааж хөдөлгөхдөө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж хөдөлгөсний улмаас хохирогч *******ийг мөргөж эрүүл мэндэд дагзанд оёдол тавьсан шарх, зүүн хацарны язарсан шарх, баруун мөрний зулгаралт, зүүн гарын бугалга, шууны цус хуралт, зүүн гарын алганы ар талын зулгаралт, хэвлийд цус хуралт, зулгаралт, зулгарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

1. Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “ Хэрэг учрал болсон гэх газар нь  Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-03 тоот хашаанд болсон байв.” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 3-13-р хуудас/,

2. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал болон  зам тээврийн осол гарсан байдлын тухай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “...Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 01-03 тоот хашаанд эмэгтэй хүн автомашинд дайруулаад ухаангүй байна гэх гомдол, мэдээлэлд 8827 ХОҮ улсын дугаартай машины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна.” гэх ослын акт /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,

3. Автотээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн В21/10  дугаартай “ 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, үнэлгээгээр тогтоогдсон дүн 7362756 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,

4. Жолоочийн согтуурлыг ALCOTEST 7510” багажаар шалгасан тухай “Жолооч *******ыг цагдаагийн газарт 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 49 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 2,31 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 30-р хуудас/,

5. Гэрч Х.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед дуудлага хүлээн авах сувилагч Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-03 тоотод хөл нь хөдлөхгүй босож явж чадахгүй хүн байна яаралтай эмч явуул гэсэн дуудлага ирсний дагуу жолооч Ц.Мандахбаярын хамт Бугат багийн 1-03 тоот хашаанд очиход хашаан дотор байрлах гэрийн урд талд 50 орчим насны эмэгтэй хүн босож чадахгүй хэвтэж байсан. Тухайн хүнийг үзэхэд даралт 61,41-тэй унасан, пульс сатуурац нь хэвийн, хөл дээрээ босож чадахгүй, биеийн байдал хүнд байсан. Тэгээд би жолоочтойгоо тээвэрлээд 103 хүлээн авах тасагт гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч Л.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн “...Манай ээж ******* 00 ороод буцаад Ш.Батжаргал ахын гэрлүү ирж байтал аав машинаа асаагаад явах гэж байгаад ээжийг мөргөөд ээж машин доор орсон аав хойш ухарсан чинь ээжийг 2 метр газар чирч явсан. Ш.Батжаргал ахын хүүхэд тухайн үед миний хажууд байж байгаад аавдаа очоод Нямжав ах Оюунаа эгчийг дайрчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42-р хуудас/,

7. Насанд хүрээгүй гэрч Б.Баярбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн “...******* ах намайг гэрт байхад гадна машинаа асааж байсан. Тэгээд ухарч явж байгаад даамангийн шон мөргөж дахиад урагш явж байгаад эхнэрээ мөргөсөн. Тэгээд сандраад буцаж ухарсан чинь эхнэр нь машины урд талаас чирэгдээд явсан. Тэгээд дахиад даамангийн шон мөргөөд зогсчихоод машинаасаа бууж ирээд хажуу талаас нь харж зогсож байгаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-44-р хуудас/,

8. Гэрч Ш.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед би эхнэр Б.Өлзийтогтохтой хамт Домбот худалдааны төв дотор хүүхдийн маск аваад зогсож байтал миний 99657540 утас руу *******ын эхнэр *******ийн утсаар залгаж “хаана байна, танайд очиж хөзөр тоглоё” гэх хэлэхээр нь “бид хоёр гадуур ажилтай явж байна 1 цагийн дараа гэрт очно тэгэхээр хүрээд ир” гэж хэлсэн. Гэртээ очоод байж байтал *******, эхнэр ******* нар хүүхэдтэйгээ өөрийнхөө 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн машинтай ирсэн. Бид нар хөзөр тоглож хоол унд идэж байгаад ******* 1 шил 0,5 литрийн Ерөөл архи задлаад бид 4 дуусгаад байж байтал ******* эгч машинаасаа 0,75 литрийн Хараа нэртэй  архи авч орж ирээд задлаад ууж байгаад бид нар манайд хонохоор болоод сууж байсан. ******* эхнэр ******* нарыг гэрээс гарсныг мэдээгүй. Гэнэт *******ын хүүхэд гэрт орж ирээд аав, ээжийг машинаараа мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гүйгээд гарсан чинь ******* гэрийн үүднээс 20 метр зайд шороо дээр толгой хэсэг нь зүүн тийш харж дээш харсан байрлалтай гар нь шалбарсан ухаангүй байхаар нь толгойг нь түшиж суугаад 103-т дуудлага өгсөн. ...*******ын хүүхэд нь хажууд нь байсан байх. Надад аав, ээж машинаар дайрчихлаа гэж хэлээд би сандраад гарсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48-р хуудас/,

9.Гэрч Б.Өлзийтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Хүүхдүүдээсээ “аав чинь хаана байна вэ”  гэж асуухад “орой цагдаа ирээд аваад явсан” гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад ******* ах машинаа унаж гэрлүүгээ харина гэж хөдлөхдөө Оюунаа эгчийг дайрсан. Тэгээд аваад явсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

10.Гэрч Ч.Баймуратын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ш.Батжаргалын хүүхэд нь гүйж ирээд ******* ах хашаагаар гараад явчихлаа гэж хэлэхээр нь би араас нь авч ирэх гээд гараад хайгаад олоогүй. Тэгээд буцаад ирсэн чинь Ш.Батжаргалын үүдэн дээр эмнэлгийн машин ирсэн байхаар нь юу болсон юм бол гэж бодоод машинаасаа буугаад хашаа руу ороод ирсэн чинь эмнэлгийн жолооч, эмч хоёр *******ийн машинд хийж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

11. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай “...Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн гарын 2 ширхэг мөрийг “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж буй гарын “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын зүүн гарын алганы дардастай тохирч байна.” гэх  мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

12.  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай “...1. *******ы биеэс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Цусанд 2,2 промилли спиртийн зүйл илэрч байгаа ба согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх  мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-69-р хуудас/,

13. Хохирогч *******ийн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчилгээ хийлсэн талаарх 6650 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 93-100-р хуудас/,

14. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаартай “...1. Иргэн *******ийн биед дагзанд оёдол тавьсан шарх, зүүн хацарны язарсан шарх, баруун мөрний зулгаралт, зүүн гарын бугалга, шууны цус хуралт, зүүн гарын алганы ар талын зулгаралт, хэвлийд цус хуралт, зулгаралт, зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байна. 3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 102-103-р хуудас/,

15. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021.06.30-ны өдөр гэртээ байж байтал Ш.Батжаргал “манайд ирээд цай уу”  гэж хэлэхээр нь өглөө эрт 10 цаг өнгөрч байхад Ш.Батжаргалын гэрт манай нөхөр *******, бага хүү болох Н.Энхбаатарын хамт өөрийн 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн машинтайгаа очсон. Замдаа дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн архи аваад Ш.Батжаргалын гэрт очоод хоол, цай идэж уунгаа хөзөр тоглож байгаад авч очсон архиа уусан. Ш.Батжаргал авдраасаа 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 4 уусан. Мөн ууж дуусгаад би нөхөр *******ыг явуулж дэлгүүрээс 0,75 литрийн архи авахуулж уусан. Тэр архи ууж байгаад юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх  зүйл алга байна. Би нөхрөөсөө юу нэхэмжлэх вэ, намайг байнга асарч сахиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114-р хуудас/,

16. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би хүлээн зөвшөөрч байна. Архи уучихаад согтуу машин барьдаг, миний буруу” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114-р хуудас/,

          17. Шүүгдэгчийн эзэмшлийн гэх 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-19-р хуудас/,

          18. Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон ******* миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч  цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож, албадлагын арга хэмээг хүлээн зөвшөөрч байгаа тул  өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 152-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 81, 82 дугаартай дүгнэлтээр хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 80-81-р хуудас/ 

          Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байж хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах нь хуулиар хүлээсэн түүний үүрэг бөгөөд хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэн  аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж ажиллах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

          Шүүгдэгч ******* нь 8827 ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчиж хөдөлсний улмаас хашаан дотор байсан хохирогч *******ийг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь ослын акт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч *******ийн биед үүссэн дагзанд оёдол тавьсан шарх, зүүн хацарны язарсан шарх, баруун мөрний зулгаралт, зүүн гарын бугалга, шууны цус хуралт, зүүн гарын алганы ар талын зулгаралт, хэвлийд цус хуралт, зулгаралт, зулгарсан шарх бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч тэрээр замын хөдөлгөөнд оролцоогүй, хашаан дотор портер машинаар ухрах үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан  гэж үзлээ.

          Шүүгдэгч *******ын согтуурсан үедээ хашаан дотор байсан өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө  замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгчийг машинаа хөдөлгөхдөө болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан, хэрэг учрал болох үед хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, анхаарал болгоомжгүй байдал зэрэг  нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Иймд шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

        Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлээгүй.“...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 112-114-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзээ.

Харин хохирогч цаашид гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 134-р хуудас/ тогтоогдож байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Г.Дугаржавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...******* нь айлын 6 дахь хүүхэд, дээрээ 3 ах, 2 эгчтэй. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 7-04 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, гэрч Л.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Урд нь Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвд жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо хувиараа Буянт сумд ногоо тарьж байгаа. ” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 721 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 128-131, 136-138 -р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

          Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв.

          Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно.

          Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Шүүгдэгчийн өндөр насны тэтгэвэрт гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох  ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 

          2136000000143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

          Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******т тайлбарласугай.

          5. 2136000000143 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.БАХЫТБЕК