| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/116 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигон овогт д холбогдох 2136001000149 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Буянт сумын 01 дүгээр Нарийн roл багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Боржигон овгийн ,
Top of Form
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх "Буянт" голын салаа урсгал болох “Их гол” дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тайгаа “гол дээрээс явуулахгүй" гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Ц Бадамгаравын эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, хаван хавдар, хамрын урд хэсэгт цус хуралт, дээд уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаагийн байгууллага дээр гаргасан хэргийнхээ талаар сайн ярьсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай эхнэр одоо надад гомдол санал байхгүй. Би одоо араас нь очиж хамт амьдрах гэж байгаа гэв.
2136001000149 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1.Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
2.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
2.Гэрч Б.Дармаабазарын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/,
3. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
4. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
5. Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх "Буянт" голын салаа урсгал болох “Их гол” дээр шүүгдэгч ******* нь найз Д.Дармаабазар, эхнэр ******* нарын хамт согтууруулах ундааны хэрэглэж улмаар эхнэр *******тай “...гол дээрээс явуулахгүй..." гэж маргалдах явцад гараараа хохирогчийн нүүрэн тус газарт цохиж зодон, биед нь цус хуралт, шарх бүхий гэмтэл учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгчид холбогдох прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр "Буянт" голын салаа урсгал болох “Их гол” дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тайгаа маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн биед нь баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, хаван хавдар, хамрын урд хэсэгт цус хуралт, дээд уруулын язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч *******ын /1997 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, ам бүл 4, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн буянт сумын Нарийн гол багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 06 сарын 25-ны өдөр аймгийн төв дээр төв зах орчихоод явж байтал ******* өөрийн найзууд болох Балжинням, Дармаабазар нарын хамт архи уусан байдалтай санаандгүй таарсан. Тэр гурав намайг машинд суучих гээд байхаар нь би суухгүй гэсэн чинь Балжиннямын хар өнгийн Приус маркийн машинд суулгаад гол дээр очсон. Би буугаад явмаар байна гэхэд намайг явуулахгүй байхаар нь би *******тай хэрэлдсэн чинь нүүр хэсэгт гараараа 2-3 удаа алгадсан. Мөн духруу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед Дармаабазар намайг өмөөрөөд *******тай хэрэлдээд зодолдсон. Тухайн үед миний уруул сэтрээд цус гарсан байсан. ...Би Улаанбаатар хотод дэлгүүрт ажиллаж байгаа бөгөөд надад Ховд явах шаардлага байхгүй. *******аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Хохирогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн “...2015 оны 01 сарын 14-ний өдөр гэр бүл болсон. *******тай 5 жил гаруй хугацаанд амьдраад энэ хугацаанд ******* нь намайг зодож, цохиж хөөж туудаг байсан. Би энэ бүхнийг нуудаг байсан ба сүүлдээ залхаад 2020 оны 3 сараас тусдаа амьдрах болсон. 2021 оны 06 сарын 25-ны өдөр би манай нөхөр болох *******тай зах дээр таараад хамт гол дээр очсон. Тэгээд ******* нь найз нартайгаа хамт архи ууж байгаад миний барьж байсан гар утас булааж авчихаад өгөхгүй болохоор нь “гар утас өг” гэсэн чинь намайг зодоод эхэлсэн. Тэгээд намайг гэрчтэй зодож байна гээд нүүрлүү гараараа болон чулуу авч шидсэн. ******* нь гараа атгаж байгаад нүүрлүү цохьсон. Тэрнээс болж баруун талын нүд хөхөрсөн, уруул хавдсан, пивоны саваар толгой руу 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/,
Гэрч Б.Дармаабазарын зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр тэр хоёр хоорондоо утаснаас болоод муудалцаад машин дотор ******* *******ын нүүрлүү гараараа түлхэж байхыг би харсан. Түүнээс бол аймаар зодож цохисон асуудал байхгүй. Машинаас буугаад хоорондоо маргах гээд байхаар нь би салгасан. Тэгээд удаагүй би *******ын хашааны гадна тэд нар бууж үлдээд би явсан. Гараараа түлхэж байхад хүчтэй түлхсэн байж магадгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 361 дугаартай “1. *******ын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, хаван хавдар, хамрын урд хэсэгт цус хуралт, дээд уруулын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн цохих, дарах механизмаар үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 06 сарын 25-ны өдөр зах дээр хоёр найзтайгаа хамт явж байтал эхнэр ******* таараад бид 4 гол дээр очсон. Тэгээд пиво уугаад сууж байтал эхнэрийн утас дуугарахаар нь би аваад ярьсан чинь эрэгтэй хүн байсан. Удалгүй дахиад эхнэрийн утас дуугарахаар нь аваад ярьсан чинь намайг утас авлаа гэж уурлаад хэл амаар доромжлоод байсан. /Чи эцэг шигээ усанд живж үх гэх мэт/ тэгэхээр нь миний уур хүрээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд тэр орой би эхнэртэйгээ хамт гол дээр хоносон. Маргааш нь намайг ажилд явсны дараагаар цагдаад дуудлага өгсөн байсан . ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
Холбогдогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 06 сарын 25-ны өдөр халамцуу захын ойролцоо хоёр найзтайгаа явж байхад манай эхнэр явж байгаад тааралдаад хаашаа явж байгааг нь асуухад хоолонд орох гээд картнаас мөнгө авах гэж байна гэхээр нь би 20000 төгрөг өгсөн. Тэгээд зах орчихоод удалгүй гарч ирээд бид нартай хамт гол дээр очоод ойр зуурын юм ярьж байгаад, мөн түүний гар утсыг би бариад сууж байхад надаас утсаа булаацалдаад надтай хэрүүл хийгээд байсан. Би тухайн үед цаашаа бай гээд нүүрлүү нь түлхсэн. Тэгээд янз бүрийн юм ярихгүй цуг хоноод өглөө надаас салаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
“Эрсдэлийн түвшин дунд” гэх хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 7-9-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2136001000149 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 32-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэж гэрлэсний бүртгэлийн 8410000007 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр /хавтаст хэргийн 17-р хуудас/ нотлогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.
Хохирогч *******ын биед үүссэн баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, хаван хавдар, хамрын урд хэсэгт цус хуралт, дээд уруулын язарсан шарх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ.
Шүүгдэгч *******ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тай маргалдаж улмаар биед нь халдан зодож гэмтэл учруулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд цус хуралт, хаван хавдар, хамрын урд хэсэгт цус хуралт, дээд уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчтой маргалдах явцад цохиж зодон эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийг гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөр үгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “...Надад гомдол, санал *******аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж /хавтаст хэргийн 30-31-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 52-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Б.Эрдэнэхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. 2013-2014 онуудад Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан. Буянт сумын Нарийн гол багийн бага сургуулийн 2 дугаар ангийг төгссөн. ******* нь айлын отгон хүүхэд 2 эгч 4 ахтай. Хүнд тусч, нийтэч ажилч хөдөлмөрч хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* 6 дугаар сургуулийн дээд талд баригдаж байгаа барилга дээр ажил хийдэг. Сардаа 1000000 төгрөгний цалин авдаг. ...2013 оноос 2014 оны хооронд Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 17, 18, 19, 44-50, 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2136001000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д сануулсугай.
5. 2136001000149 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК