| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/01098/И |
| Дугаар | 183/ШШ2017/01133 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/01133
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2017/01133 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Твин парк цогцолбор хотхоны өөрийн байранд байрлах “Твин парк” СӨХ /ГД:15/90/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Твин парк цогцолбор хотхоны 102 дугаар байр 402 тоотод оршин суух Ядамсүрэнгийн Энх-Амгаланд холбогдох,
1 243 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Твин парк” хотхоны 102 дугаар байрны 402 тоотод оршин суугч буюу сууц өмчлөгч Я.Энх-Амгалан нь 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл нийт 19 сарын төлбөр, нийт 1 237 850 төгрөгийг /нэг сарын төлбөр 65 150 төгрөг/ төлөөгүй байгаа бөгөөд түүнд Иргэний хуулийн болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн. Сууц өмчлөгч Я.Энх-Амгалан нь хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Твин парк” цогцолборын нийт оршин суугчдын хурлын тогтоолоор сууц өмчлөгчдийн СӨХ-ны төлөх төлбөрийг 65 150 төгрөгөөр тогтоосон байдаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэжээ. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж тус тус заасны дагуу орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.8, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Я.Энх-Амгалан нь 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл 19 сарын төлбөр 1 237 850 төгрөг, нотариатын зардал 5 200 төгрөг, нийт 1 243 050 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг СӨХ-ны төлбөрт 529 669,5 төгрөгийн алданги гарч байгаа боловч нэхэмжлэлийн үнийн дүнд уг алдангийг тооцож оруулаагүй болно гэжээ.
Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Я.Энх-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ нь хариуцагч Я.Энх-Амгаланд холбогдуулан 1 243 050 төгрөггаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Энх-Амгалан нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 243 050 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Твин парк” СӨХ нь хариуцагч Я.Энх-Амгаланд холбогдох 1 243 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34 383
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 17 191,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Твин парк” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ