| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0103/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга,
улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ад холбогдох 2136000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, ******* овгийн *******;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн ******* маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаа, прокурорын шатанд өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг ярьсан. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би прокурорын шатанд торгох ялыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн гэв.
Эрүүгийн 2136000000148 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,
3. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,
6. Яллагдагч *******ын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 79-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* маргалдах явцад түүний толгойд ташуураар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /1982 оны 07 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 8, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагын үед Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан хад” гэх газар манайд хадам ах Б.Оюунболд ирээд гүү барьж өгөөд гүүний зэлэн дээр бид хоёр байж байтал Баянбулаг багийн иргэн ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай морьтой ирээд шууд Б.Оюунболдыг “чи хонины ноос гурван мянгатай байхад хоёр мянга гурван зуугаар авлаа” гээд Б.Оюунболдыг ташуураар толгойруу нь цохиод эхэлсэн. Тухайн үед манай эхнэр Б.Оюунцэцэг гүйж ирээд салгах гэсэн боловч мөн морин дээрээсээ эхнэрийн толгойруу ташуурдаад эхлэхээр нь би эхнэрээ хамгаалах гэж ороод толгой дундуураа хоёр удаа ташуураар цохиулаад толгой эргээд суусан чинь ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдэхэд аймгийн гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 19-р хуудас/,
Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Д. Энхбат гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд, ...******* толгой дундуур нь 2 удаа цохиод, ...газар унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Хохирогч Б.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед ах ******* бид хоёр зэлэн дээр гүү сааж байсан. Гэтэл ******* бор хээр зүсмийн морьтой согтуу ирээд чи миний ахыг шулж идлээ гээд шууд ташуураар цохиод эхэлсэн. Тэгээд мориноосоо бууж ирээд ******* толгой руу ташуураар 2-3 удаа цохисон. Тэгээд зодоон болж байх хооронд ******* эхнэр Б.Оюунцэцэг ирээд *******тай ноцолдож байж салгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/
Гэрч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Эрдэнэбатын хадам ах болох Оюунболдтой маргалдаж байтал дундуур орж ирээд цохиулчихлаа гэж хэлж байсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 384 дугаартай “1. ******* биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтэл нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 3.Гэмтлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хохирол, өөрчлөлт учраагүй байна. 4. Дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би өөрийн төрсөн ах болох Д.Шижиртуяад “танай хонины ноосыг авна шүү” гээд урьдчилгаа 200000 төгрөг өгчихсөн байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал манай ах болох Д.Шижиртуяагийн хонины ноосыг манай саахалт айлын хүн болох Б.Оюунболд ачаад ирж байхаар нь би морьтой очоод Б.Оюунболдод “та яаж байгаа юм бэ” би Д.Шижиртуяагийн хонины ноосыг авах гээд мөнгийг нь өгчихсөн байсан шүү дээ” гэтэл “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг хэл амаар доромжлохоор нь би морин дээрээсээ Б.Оюунболдын нуруун дундуур нэг удаа ташуурдаад мориноосоо буутал надтай барилцаж аваад миний нүүрлүү нулимахаар нь би дахиад нэг удаа нуруун дундуур нь ташуурдсан. Гэтэл Б.Оюунболдын дүү болох Б.Оюунцэцэг гүйж ирээд миний нуруун дундуур модоор цохиод нүүрлүү маажихаар нь би Б.Оюунцэцэгийг түлхээд унагаасан гэтэл Б.Оюунцэцэгийн нөхөр болон ******* нар хажуу талаас миний төмсөгрүү өшиглөөд авахаар нь би ташууртай гараараа ******* толгойруу нэг цохитол тэр хойшоо толгойгоо дараад суухаар нь би нуруун дундуур нь ташуураараа нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” хэмээх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хонины ноосыг авлаа гэх шалтгааны улмаас Б.Оюунболд, Б.Оюунцэцэг, ******* маргалдаж улмаар шүүгдэгч нь хохирогч ******* толгойн тус газарт нь ташуураар цохиж биед нь гэмтэл үүсгэсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч ******* биед учирсан тархи доргилт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын хохирогч ******* маргалдах явцад зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийг гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******ыг хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй мөн “...*******аас нэхэмжлэх төгрөг, эд зүйл байхгүй.” гэж хүсэлт гаргасан /хавтаст хэргийн 80-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, /хавтаст хэргийн 65-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* хувийн байдлын талаар гэрч Я.Гончигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Манай дүү аав ээжтэйгээ Мянгад суманд мал маллаж амьдардаг, дээрээ хоёр ахтай доороо нэг дүүтэй. ******* их даруу төлөв зантай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, ааш авирын талаар илүү дутуу зангүй, хүнд үгүй гэж хэлдэггүй, өрөвч зөөлөн зантай, амархан уйлчихдаг хүн байгаа юмаа.” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэндхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бид хоёр найзууд. Манай найз Мянгад суманд аав ээжтэйгээ мал маллаж амьдардаг, их даруу төлөв зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд оромтгой, хүнд үгүй гэж хэлдэггүй залуу.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 740 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 32-33, 35-36, 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэггүй, мал маллаж амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
2136000000148 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******ад сануулсугай.
5. 2136000000148 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК