| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/01101/и |
| Дугаар | 1495 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 1495
Л.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01322 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдох
7 592 170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Болор-Эрдэнэ нь “Юу би эйч проперти” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи Таун хотхоны ХД-71 дүгээр байрны 11 давхрын 133 тоот хаягт байрлах, 46.4 м.кв бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай байрыг 1 м.кв-ийг нь 1 880 000 төгрөгөөр тооцож, нийт 87 232 000 төгрөгийг захиалагчийн зүгээс төлөхөөр тохиролцсон. Захиалагч нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд заасны дагуу урьдчилгаа 30 хувь болох 26 169 600 төгрөгийг төлж, үлдэх 70 хувийг түлхүүр гардаж авахдаа төлөхөөр тохиролцсон. Л.Болор-Эрдэнэ 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас “Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 60 000 00 төгрөгийн ипотекийн зээл авсан. Ийнхүү 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Юу би эйч проперти” ХХК-ийн дансанд 60 000 000 төгрөгийг ипотекийн зээлийн данснаасаа шилжүүлсэн бөгөөд энэ төлбөрийг хугацаанаасаа өмнө буюу түлхүүр гардаж авахаасаа өмнө төлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Ингээд 2014 оны 10 сарын 24-ний өдөр “Юү би эйч проперти” ХХК-ийн борлуулалтын ажилтан Мягмарсүрэн гэх хүнээс орон сууцныхаа түлхүүрийг хүлээн авч 26-ны өдөр байрандаа нүүж орсон. Гэтэл орон сууцны м.кв нь гэрээнд заасан 46.4 м.кв биш 43.1 м.кв байна. Өөрөөр хэлбэл 3.3 м.кв-ийн төлбөр болох 6 204 000 төгрөгийг захиалагч илүү төлсөн байна. Энэхүү төлбөрийг Улаанбаатар хотын банкны зээлээр төлсөн болохоор өнөөдрийг хүртэл нийт 32 сарын хугацаанд сарын 0.66 хувийн хүү төлж хохирч байна. Иймд хариуцагчаас орон сууцны м.кв-ийн зөрүүний илүү төлсөн төлбөр 6 204 000 төгрөг, орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох хэмжилтийн төлбөрт төлсөн 64 650 төгрөг, илүү төлсөн төлбөрийн банкинд төлсөн хүүгийн төлбөр буюу 32 сарын зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 1 323 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хүүгийн төлбөрийн хэмжээнд тооцооллыг хийж үзэхэд 13000 төгрөгөөр илүү тооцсон байх тул илүү м.кв-ийн төлбөр 6 204 000 төгрөг, хохиролд орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн төлбөр 64650 төгрөг, хүүгийн төлбөрт 1 310 284,8 төгрөг, нийт 7 578 935 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Юу би эйч проперти” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө “худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-аас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг барилга нь 2008 оноос өмнө баригдаж эхэлсэн тул талуудын хооронд үүссэн харилцааг худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй, орон сууцыг хүлээн авах үедээ доголдлыг мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дахь заалтад зааснаар шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-аас 5 140 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 451 520 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 136 425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-аас 97200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо:..Нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэ нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" байгуулж, улмаар Улаанбаатар хотын банкнаас ипотекийн зээлд хамрагдаж, манай компаниас БЗД-ийн 5-р хороо, 15-р хороолол, Хаппи таун хотхоны ХД 71-р байрны 11 давхрын 133 тоотын 2 өрөө, 46.4 м.кв орон сууцыг худалдан авсан юм. Улмаар уг орон сууцны талбайн хэмжээ дутсан гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаарзүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзжээ. Гэвч нэхэмжлэгчтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулагдсан брловч уг гэрээ нь Худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан юм. “Юу Би Эйч Проперти” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-тай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулж, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авсан. Мөн нэхэмжлэгч нь уг орон сууцны үнийг төлөхдөө 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулж, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан юм. Монгол улсын засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмын 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцыг худалдан иргэд авахад зориулагдсан зээл юм. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр тухайн эд хөрөнгийг хүлээн авсан.Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж буй хэлбэр юм. Иймээс Талуудын хооронд Иргэний хуулийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, тухайн орон сууцны үнийг төлснөөр дуусгавар болсон буюу энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд талбайн хэмжээп тогтоохдоо MNS 6058:2009 стандартын дагуу хийгдсэн тооцно гэж заагаагүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2014/709 "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт"-аас үзэхэд маргаан бүхий орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр баригдаж дууссан байдаг. Энэ нь уг орон сууц батлагдсан зураг төслийн дагуу 2008 онд нэгэнт барьж эхэлсэн байсан тул барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг хэрэглэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шидвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэ нь хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны тайлбан зөрүүд 6 204 000 төгрөг, зээлийн хүүд илүү төлсөн 1 323 520 төгрөг нийт 7 592 170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК нь нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэтэй 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр HPT13C32 дугартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, Л.Болор-Эрдэнэ Баянзүрх дүүрийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хаппи таун орон сууцны ХД 71 дүгээр байрны 2 дугаар орцны 11 давхарт байрлах 46.4 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулах, хариуцагч орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. Түүнчлэн талууд орон сууцыг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэ нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар дутуу талбайн хэмжээгээр ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа “... хариуцагч байгууллагаас авсан орон сууцыг хэмжүүлэхэд талбайн хэмжээ нь 3.3 м.кв дутуу тул орон сууцны үнэд илүү төлсөн 6 204 000 төгрөгийг гаргуулна гэсэн үндэслэл заажээ.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах эрхтэй байдаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор орон сууцны талбайн хэмжээг тогтоосон “Инженер геодизи” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 16/249 тоот Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосн актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг дүгнэлтэд хариуцагч маргаагүй байна.
Иймд уг дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ.
Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-д зааснаар орон сууцны талбайн хэмжээ 46.4 м.кв байхаас 43.1 м.кв буюу 3.3 м.кв-аар аар бага болох нь тогтоогджээ. /хэргийн 18 дугаар тал/
Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас орон сууцны талбайн зөрүүд 5 140 650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Харин зээлийн гэрээг нэхэмжлэгч Л.Болор-Эрдэнэ нь Улаанбаатар хотын банктай байгуулсан уг гэрээгээр зээл, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн байх тул түүний зээлийн гэрээний үүрэгт төлсөн хүүг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ИЧИНХОРЛОО