Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00017

 

 

 

                                               З.Э-дд холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

                                           

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      Т.Ганзориг

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Бямбажав

   Хохирогч                                                       Ш.М

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      И.Дунгармаа

   Нарийн бичгийн дарга                              Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолтой З-ын Э-д холбогдох, 1725003340217 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт, оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой З-ын Э-д.

 

Шүүгдэгч З.Э-д нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ш.М-ийг тамхи авч ирж өгсөнгүй гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч З.Э-дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Б овгийн З-ын Э-г бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэн заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Э-дг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч З.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д. Оюунчимэгээс 160.850 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Дунгармаад олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцэлд:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд “өсвөр насны шүүгдэгчийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараахь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Ш.М... Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ээжтэйгээ  хамт худаг уруу усанд явж байсан юм. Тэгсэн худаг дотор Дэлгэрбаяр байж байгаад намайг харчихаад алнаа гээд байсан. Тэгээд би усаа аваад гэртээ тавиад найз Ариунтэмүүлэнгийн гэрт мод хурааж байсан юм. Тэгсэн Э-д, Дэлгэрбаяр хашааны гадаа ирээд намайг нааш ир гээд дуудсан. Тэгэхээр нь би очоогүй юм. Тэгсэн Э-д хашаа даваад ороод ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад эмээ, эмээ гээд орилсон чинь Э-д намайг барьж аваад миний 2 шанааруу цохиод эрүү рүү өшиглөсөн, тэгээд Э яваад өгсөн. Би эмээгийнд очоод эгчрүүгээ яриад хэлсэн. ...Э- миний нүүр рүү 2 удаа цохисон, эрүү рүү 1 удаа өшиглөсөн. Бас миний хоолойг боосон, намайг зодохдоо дандаа гар хөлөөрөө зодсон... гэсэн  мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 894 дугаартай “...Ш.Мөнх-Эрдэний биед тархи доргилт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч М.Ариунтэмүүлэнгийн ... Ариунболд М бид 3 манай хашаанд мод хагалаад байж байхад Э-д хашаанд орж ирээд М-ийг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа цохиж аваад газар унагаагаад нүүр рүү нь өшиглөж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг баримтаар өсвөр насны  шүүгдэгч З.Э-д нь Ш.М-ийг үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн болох нь үгүйсгэгдэж байна.

 

Учир нь урьд өдөр нь тамхи авч ирж өгнө гэж хохирогч хэлээд авч ирж өгөөгүй нь гэмт хэрэг үйлдэгдэх зөвхөн шалтаг шалтгаан болсон. Өсвөр насны шүүгдэгч З.Э-д нь мөрдөн байцаалтын шатанд ... М 15 минутын дараа тамхи аваад ирнэ гэж хэлээд алга болсон. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ээжтэйгээ худаг дээрээс ус аваад явж байсан. Үүний дараа Ариунтэмүүлэнгийн хашаанд мод хагалж байхад нь ороод М-ийг барьж урьд өдөр нь тамхи авч ирээгүй учраас нүүр рүү нь 2 удаа цохиж авсан. М надаас зугтаагаад Ариунтэмүүлэнгийн гэрт орсон... гэж мэдүүлдэг /хх-ийн 32 дугаар тал/ бөгөөд ямар нэгэн үйлдэл хийхийг шаардаж зодоогүй болох нь давхар нотлогдож байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн насанд хүрээгүй хохирогч Ш.Мөнх-Эрдэний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, шийдвэр гаргаагүй орхигдуулан шийдвэрлэсэн.

 

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д “... хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх”-ийг дурьдахаар заасан гэтэл өсвөр насны шүүгдэгч З.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунчимэгээс 160.850 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Дунгармаад олгохдоо ямар хугацаанд ямар хэмжээгээр олгохыг заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.д зааснаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр  прокурорын эсэргүүцэл бичив.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Эсэргүүцэл үндэслэлтэй... шүүх зүйлчлэлийг хүндрүүлж өөрчилсөн..., учир нь торгуулийн ялын дээд хэмжээ 2700 нэгж болсон байгаа..., гэхдээ давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрх хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэв.

 

Хохирогч Ш.М түүний хууль ёсны төлөөлөгч И.Дунгармаа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

...Хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичсэн...,эсэргүүцлээ дэмжиж байна. Хохирол төлбөрийн талаар хугацаа, хэмжээ заагаагүй.., мөн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З-ын Э-г 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ш.М-ийг найз Ариунтэмүүлэнгийн хашаанд хамт мод хурааж байхад нь хашаа давж орж ирээд нүүрэн тус газарт цохиж, эрүү орчим нь өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл дээрх үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч Ш.М-ийн өгсөн:

... тэр өдөр 10 цагийн үед ээжтэйгээ хамт худаг руу усанд яваад найз Ариунтэмүүлэнгийн гэрт мод хурааж байтал Э-д, Дэлгэрбаяр хоёр хашааны гадна ирээд намайг нааш ир гээд дуудхаар нь би очоогүй..., Тэгсэн Э-д хашаа даваад ороод ирээд миний нүүр рүү 2 удаа цохиж эрүү рүү өшиглөсөн..., Урьд өдөр нь намайг Э-д тамхи авч ирээд өг гэхээр нь би аваачиж өгөөгүй ....гэсэн мэдүүлэг,  

 

Насанд хүрээгүй гэрч М.Ариунтэмүүлэнгийн өгсөн:

 ...Аринуболд, М бид гурав манай хашаанд мод хагалаад байж байхад Э-д хашаанд орж ирээд М-ийг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа цохиж аваад газар унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн...гэсэн мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч З.Э-дгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн

... М 2017 оны 10 сарын 14-ний өдөр Ариунтэмүүлэнгийн хашаанд мод хагалж байхад нь би хашаа давж орж ирээд орж ирээд түүний нүүр рүү нь 2 удаа цохиж өшиглөсөн нь үнэн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 894 дугаартай:

...Ш.Мөнх-Эрдэний биед тархи доргилт үүссэн.., Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.   

 

Харин анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хуулийн үндэслэлгүйгээр өөрчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шүүгдэгчийн санаа зорилгоос үл хамааран “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” байх шинжийг агуулдаг бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн...хүч хэрэглэх, заналхийх, ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээлэл, баримт тараахаар сүрдүүлсэн... байх нь энэ зүйлийн үндсэн шинж бөгөөд бусдын эрүүл мэндэд тухайлбал ...хүнд, хүндэвтэр, хөнгөн... хохирол учруулсан байхыг шаардахгүй.

 

Мөн анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор явагдах бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж болох ба шүүгдэгч З.Э-дд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ энэ зарчмыг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийн энэ талаар бичсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Харин прокурорын эсэргүүцлийн ...шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг заагаагүй ... гэснийг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь энэ заалт шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдвал зохих асуудлыг  ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн эд хөрөнгийн хэмжээ түүнийг эзэмших, өмчлөх эрх, байршилийн талаар нотлож тогтоогоогүй, хохирол нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна.

 

Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь хурдан хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлтэй байдаг бөгөөд шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа заах, хойшлуулах, хэсэгчлэх боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоодог.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар ...гэмт хэргийн улмаас... учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан байдаг учраас шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн барагдуулах талаар хугацаа, хэсэгчлэн төлүүлэх хэмжээг заавал заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2., 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дүгээр заалтыг хүчингүй болгож,

 

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг ...шүүгдэгч З-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай... гэж,

 

-тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Э-дг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй... гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ХОСБАЯР

                                                                                      

               ШҮҮГЧИД                                                                      С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                                     Ц.ТУЯА