Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0447

 

   “Ц..” ХХК, “МЭ.” ХХК-иудын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б

Нэхэмжлэгч: “Ц..” ХХК

Нэхэмжлэгч: “МЭ.” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нийтийн эзэмшлийн автомашины зам талбайд болон нийтийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцуулан иргэн Д.Сд газар нэмж эзэмшүүлсэн 951 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн Д.Сгийн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 443 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Ц..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2019/0056/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц..” ХХК, “МЭ.” ХХК-иудын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжийн Д.Сд холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...Шүүх   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зарчим, зохицуулалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Тухайлбал: Тус хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг заасан бөгөөд шүүх нэхэмжлэгч нарын хэт нэг талыг баримталсан тайлбар, баримтыг үндэслэж хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, баримтыг бодитоор үнэлэхийг зориогүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдаж байна. Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Тус хуулийн 7 дугаар зүйлд “Нотлох зарчим”, 34 дүгээр зүйлд “Нотлох баримтыг үнэлэх” зохицуулалтыг тусгасан. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад талуудын эзэмшлийн газар хоорондоо ямар нэг давхцалгүй эрхийн Зөрчилгүй, нийтийн эзэмшлийн зам, талбай орц, гарц хаагаагүй, талууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн байдаг.

2.2. Хариуцагчийн зүгээс ч хууль тогтоомжийн ямар нэг зөрчил байхгүй талаар тайлбар, баримтыг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч нар нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон эсэх, тэдний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар болон нийтийн эзэмшлийн зам талбай, дулааны шугам сүлжээг эзэмшдэг, хариуцдаг төрийн холбогдох байгууллагаас энэ талаар маргасан гомдол гаргасан шалгалт явуулсан, дүгнэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй, ийм зүйл огт байхгүй юм.

2.3. Түүнчлэн нэхэмжлэгч “Цаст проперти” ХХК, иргэн Д.С хоёр хоёулаа нийтийн эзэмшлийн зам, дулааны шугамтай давхцалтай гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Гэхдээ талууд нийтийн эзэмшлийн талбай буюу авто замыг хэвийн ашиглаж байгаа баримт шүүхэд авагдсан Дулааны шугам, сүлжээ зэрэг дээр барилга барьсан зүйл байдаггүй. Гэтэл шүүх эдгээр баримт, үйл баримт, бодит нөхцөл байдлыг үнэлэхгүй, тогтоохгүйгээр шууд нэхэмжлэгч нарын тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна.

2.4. ...Тус хуулийн 11 дүгээр зүйлд “Хууль хэрэглэх зарчим”-ыг заасан хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалздаг. Нэхэмжлэгч нар 2011, 2017 онд гарсан Засаг даргын захирамжтай маргаж байгаа нь илт, мөн талууд хөрш зэргэлдээ байрладаг, бүгд барилга байгууламжаа бариад хэвийн ашиглаад олон жил болж байсан. Энэ заалтыг шүүх хэрэглээгүй нь хууль зөрчиж байна.

2.5. Харин шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” бол захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж заасныг баримталж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Учир нь нийтийн эзэмшлийн зам талбай, шугам сүлжээтэй давхцаж байгаа нь хууль зөрчиж байгаа тухай холбогдох хууль хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлт хэрэгт авагдаагүй, ийм баримт байдаггүй. Хариуцагч хуулийн зөрчил байхгүй гэдгийг нотолж тайлбарладаг.

2.6. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг шүүх зөрчсөн. Талууд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан болон 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалттай огт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад ч эдгээр зохицуулалт болон зохицуулалтын утга, агуулгатай огт маргаагүй байхад шүүх Тогтоох хэсэгтэй баримталж байгаа нь ойлгомжгүй байна.

2.7. Шүүх нэхэмжлэгч нарын шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа гэх боловч ямар шаардлагыг нь хангахгүй орхиж байгаагаа дурдаагүй ба тогтоох хэсгийн агуулгаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нь хууль зүйн логикийн зөрчилтэй байна.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0443 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч, хариуцагчаас гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Ц..” ХХК, “МЭ.” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нийтийн эзэмшлийн автомашины зам талбайд болон нийтийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцуулан иргэн Д.Сд газар нэмж эзэмшүүлсэн 951 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн Д.Сгийн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 951 дүгээр захирамжийн хавсралтаар 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 21-рт гуравдагч этгээд болох Д.Сгийн газрын хэмжээг 1044 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, мөн даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/798 дугаар захирамжаар Д.Сгийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

2.3. Анх гуравдагч этгээд Д.Сд нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 600 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2010 оны 882 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, харин Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хуримын ордны хойд талд байрлах 1089 м.кв газрыг “Ц..” ХХК-д, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/893 дугаар захирамжаар 3624 м.кв газрыг “МЭ.” ХХК-д тус тус эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2.4. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...нэхэмжлэгч нар нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон эсэх, тэдний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар 2011, 2017 онд гарсан Засаг даргын захирамжтай маргаж байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлаагүй, шүүх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 951 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн аль заалтын үндэслэж илт хууль бус гэж тайлбарласнаа дүгнээгүй, мөн 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримталж байгаа нь хууль зөрчсөн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга ойлгомжгүй” гэх үндэслэлээр гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

2.5. Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.2-т “Монгол улсын газрын нэгдмэл сангийн ...нийтийн эдэлбэрийн газар”, 6.2.3-т “зам, шугам сүлжээний газар” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, ... зэрэг газар хамаарна”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна”, 56 дугаар зүйлийн 56.3-д “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... нийслэл, дүүргийн ... Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж тус тус хуульчилсан.

 

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12/2726 дугаартай албан бичгээр маргаан бүхий газарт дундын эзэмшлийн дулааны шугам байрладаг болохыг тодорхойлсон төдийгүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/49 дүгээр дүгнэлтэд “...бетонон хучилттай 201 м.кв талбайтай газартай, давхцуулан үзэхэд 1460600056 дугаартай газартай 28 м.кв талбайгаар давхцаж байна” гэж дүгнэсэн нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд нэмэгдүүлэн олгосон 1043 м.кв газар нь нийтийн эзэмшлийн талбайтай 28 м.кв-аар давхацсан болохыг тогтоосон тул маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуульд заасныг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

 

2.7. Энэ талаар анхан шатны шүүхээс “...хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2011 оны 951 дүгээр захирамжаар иргэн Д.Сгийн газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ газрын нэгдмэл санд хяналт тавих чиг үүргээ эс хэрэгжүүлж нийтээр ашиглахаар хуульд заасан газарт давхцал үүсгэж эзэмшүүлсэн байх тул уг захирамж нь өөр бусад байдлаар хууль тогтоомж зөрчсөн захиргааны илт хууль бус акт байна. ...Захиргааны илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхад уг актыг үндэслэж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэлгүй тул ...нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

2.8. Тодруулбал, нийслэлийн Засаг даргаас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Сд газрын хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо нийтийн эзэмшлийн гудамж, талбай, зам бүхий газрыг давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, түүнчлэн хариуцагчаас уг шийдвэрийг үндэслэж 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг гаргахдаа өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй учраас холбогдох хэсэг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

 

2.9. Түүнчлэн анх 2011 онд маргаан бүхий захиргааны актыг гарахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” бол захиргааны байгууллага, албан тушаалтан тус захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаар хуульчилсан байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхээс энэ үндэслэлээр маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоосон нь зөв байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.10. Мөн нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж буй процессын хуулийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул гуравдагч этгээдийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

2.11. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...нэхэмжлэгч нар нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон эсэх, тэдний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар 2011, 2017 онд гарсан Засаг даргын захирамжтай маргаж байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлаагүй” зэрэг гомдолд дурдсан үндэслэлүүдийн талаар нэгэнт анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дурдаж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

 

2.12. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга ойлгомжгүй” талаар дурдсан байх бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Сд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо нийтийн эзэмшлийн талбайтай 28 м.кв-аар давхцуулан олгосон тул маргаан бүхий актуудад тусгагдсан талбайгаас давхцал бүхий хэсэг болох 28 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бусд тооцож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг тодруулах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА