Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/941

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч И.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт И.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108013971288 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ... ХХК-нд арматурчин, ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй ч Х дүүргийн  ... дүгээр хороо ... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт И М /РД:... /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч И.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байдаг ээж А.И  гэр рүү таксигаар хүргүүлж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  Д.Б-тэй “...архины  мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас  маргалдаж улмаар  түүний хацар тус  газарт  гараараа алгадаж,  таксинаас буугаад  буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг  “...” нэртэй шатахуун  түгээх станцын  дэргэд  дахин  барилгын хамгаалах малгайгаар  толгойн тус газар нь  цохиж зодон  бие махбодод нь  зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 48-50х, 118-119х/, насанд хүрээгүй гэрч М.М-ийн мэдүүлэг /хх-ийн 61-63х/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 57-58х/, гэрч А.И мэдүүлэг /хх-ийн 113-114х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6981 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54х/, аюулын зэргийн үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 25х, 69-76х/, шүүгдэгч И.Мын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97х/, хохирогч Д.Б, шүүгдэгч И.М нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 32-38х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 76х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81х/, ... ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 94х/, шүүгдэгч И.М-ын мэдүүлэг /хх-ийн 106-108х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот руу очихоор таксигаар хүргүүлж байх зуур “...архины  мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  Д.Б-тэй  маргалдаж түүний хацар луу алгадсан, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун  түгээх станцын  дэргэд буусан хойноо  дахин  каск малгайгаар  толгойн тус газар нь  цохиж зодон зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг   хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан үйл баримт нь:

Хохирогч Д.Б-ийн: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нөхөр ажилдаа явсан бөгөөд намайг гэртээ байж байхад  11 цагийн  үед миний гар утас  руу залгаад  өнөөдөр ажилгүй болчихлоо, СХД ... дугаар хороо, ... тоот хашаагаа очиж эргэх зуураа гэрээ гаргаад барих уу гэхээр нь би дунд охин М-ийн  хамт хашаан дээрээ ирээд байж байхад нөхөр ажлаасаа согтуу  хүрч ирсэн. Тэгээд байж байхад  бороо ороод М согтуу болохоор гэр  бариагүй юм. Тэгтэл охин М СХД ... дугаар хороо ... байдаг хадам ээж И-ийн  гэрт очъё гэхээр нь  бид 3 таксинд суугаад явж  байхад надаас  мөнгө өг гээд байсан. Өгөхгүй гэсэн чинь  миний хацар луу  гараараа алгадсан. Бид 2 таксинд муудалцаж яваад ...  автобусны буудал дээр буугаад ... шатахуун түгээх станцын дэргэд явж байхад надаас архи авч өг гээд орилж хашхираад  байхаар нь  М-ын барьж явсан барилгын  хамгаалалтын  хуванцар малгайг  нь аваад ташаа хэсэгт нь цохисон чинь уурлаад надаас булааж аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гараад би толгойгоо  гараараа дараад  байж байхад  охин түргэн тусламж дуудсан. Тэгээд түргэний эмч ирээд оёдол шаардлагагүй гэж хэлээд цэвэрлэгээ хийж өгөөд явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х, 118-119х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6981 дугаартай:

“1. Д.Б-ийн биед зулайн хуйханд шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54х/,

Насанд хүрээгүй гэрч М.М-ийн: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ээж аав 2 хойд хашаанд очиж  гэр барина гэж тохирсон. Тэгээд ээж бид хоёр 12 цагийн үед гэрээс гараад  СХД ... дугаар хороо ... тоотод очихоор гарсан. Тухайн үед аав ажилдаа яваад эрт тарна гэсэн болохоор шууд хашаанд уулзахаар ярилцсан. Тэгээд ээж бид 2 хашаандаа ирээд  аавыг хүлээж  хэсэг сууж байгаад  ирэхгүй болохоор нь автобусны буудал орсон чинь аав автобуснаас согтуу бууж ирсэн. Тэгээд тэр өдөр бас бороо ч орохоор болсон байсан тул гэр бариад яах вэ гэж ээж хэлээд  аавыг хараад архи уулаа гээд уурласан. Тэгээд бид 3 таксинд суугаад явж байхад  ээж аавд хандаж  чи гэр барина гээд архи уугаад  байх юм бол  ээжийг дуудаад  бариулахаас  гэж хэлтэл аав уурлаад  миний ээжээр гэр бариулах гэлээ гээд ээжийн  хацар луу 2 удаа алгадсан. Тэгсэн ээж улам уурлаад  эмээгийн гэрийн ойролцоох автобусны  буудлын  хажуугийн  ... бензин колонкийн  хажууд  таксинаас буугаад явах гэхэд ээж аавын  нуруу руу хуванцар малгайгаар цохисон чинь аав түүнийг нь  булааж аваад ээжийг  цохиод  зугтаагаад явчихсан. Тэгэхэд ээжийн  толгойноос цус  гараад байхаар нь  би түргэн тусламж , цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63х/,

Гэрч А.И: “...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг  гэртээ байхад бэр Б охин М, М бид 3 танай гэр лүү явж байна. Гэр барих гээд хашаандаа ирсэн чинь М ажлаасаа архи усан ирсэн байна, тэгэхээр нь больчихлоо гэж ярьсан. Түүнээс хойш удаагүй хүү М  бага зэргийн  согтолттой ганцаараа ирсэн. Би гайхаад нөгөө 2 чинь хаачив гэж асуухад би Б-тэй  маргалдаад  миний каскаар намайг цохихоор нь булааж аваад  өөрийг нь цохичхоод хүрээд ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48х/,

Шүүгдэгч И.М-ын: “...Б бид 2 маргалдаад явж байхад  миний барилгын  хамгаалалтын каскыг  булааж аваад  Б-ийг  цохих үед  толгойг  нь оночихсон чинь толгойноос нь цус  гараад эхэлсэн. Тэгэхээр нь айгаад  шууд ээжийн гэрт  очоод болсон  зүйлийн талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч И.М, хохирогч Д.Б нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагаар тогтоогдсон, гэр бүлийн харилцаа үүсгэн 18 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа, дундаасаа 6 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэхээр байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч И.М нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, энэ үедээ бусад руу агсарч агсам зан гаргадаг, мөн үргэлжлүүлэн уухаар эхнэрээсээ архины мөнгө нэхдэг асуудал нь хэрүүл маргаан гарах нэг шалтгаан үндэслэл болдог байх бөгөөд хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч И.М нь архи уусан байхдаа эхнэр Д.Б-ээс архины мөнгө нэхэж, хохирогчийг архины мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар түүний толгойн тус газар каск малгайгаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтлийг учруулсан, энэ үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн төдийгүй гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч И.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч И.М нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзориг нь И.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ И.М-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч И.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-т учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч И.М нь хувийн байдлын хувьд, ганцаараа хөдөлмөрлөж орлого олдог, эхнэр, 6 хүүхдээ тэжээн тэтгэхээс гадна түрээсийн төлбөр төлдөг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул эдгээр байдлуудыг тус тус харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнээс халихгүйгээр шүүгдэгчийн төлбөл зохих торгох ялын хэмжээг бууруулж, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сард олох орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч И.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт И М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ