Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/936

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Н.Улсболд /томилолт/,

шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Ө-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108013041290 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 17 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Ө.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 5 сар 17 хоногийн баривчлах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 100 цаг албадан ажил хийлгэх ялын 8 цагийг  баривчлах ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 82а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар  хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр, өмнөх 82а тогтоолоор  оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг  нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 7 сараар тогтоосон, Булган аймаг дахь сум дундын  шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдийн 439 дугаартай  шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоногийн  хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, А овогт Ө-ын Д /РД: ... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны орой 23  цагийн  үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань дэлгүүрийн үүдэнд  хохирогч Н.Э-ын  гар утсыг илээр, хүч  хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Н.Э-ын мэдүүлэг /хх-ийн 19-20х, 23х/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 27-29х/, гэрч Ө.Б-ын мэдүүлэг /хх-ийн 31х/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 12х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37х/, шүүгдэгч Ө.Д-ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 79х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75-76х/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 77х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-65х/, шүүгдэгч Ө.Д-тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны орой 23  цагийн  үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань дэлгүүрийн үүдэнд  иргэн Н.Э-ын эзэмшлийн Самсунг S-8 маркийн гар утсыг илээр, хүч  хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Э-ын: “...2021 оны 06 дугаар сарын 22-ны орой би ажлаа тараад  бага зэрэг архи уучхаад Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороонд байлах ... гэр лүүгээ харихаар алхаж байгаад зам дагуу байрлах Чандмань  дэлгүүрийн үүдэнд зүс таних Д гэх залуутай тааралдсан. Тэр  нэг үл таних эмэгтэйтэй хамт  пиво уугаад сууж байсан. Тэгээд би Д-аас юу хийж байгаа юм гэхэд  чамд ямар хамаатай юм гээд  хэрүүл маргаан үүсгэх шинжтэй  байхаар нь би цагдаа дуудна гэж хэлээд халааснаасаа гар утсаа гаргаад ирсэн чинь Д нь миний гар утсыг булааж аваад зугтаачихсан. Би хамт байсан эмэгтэйгээс нь Д-ыг ямар учиртайг асуусан чинь надад  хамаагүй, өрсдөө учраа ол гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утас нь улаан өнгийн гэртэй, Самсунг эс8 маркийн гар утас, 2021 оны 5 сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ө.Д нь намайг цохиж зодоогүй, шууд утас аваад зугтаасан. Ө.Д нь миний хохирлыг төлж барагдуулсан тул  нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х, 23х/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: “...хохирогч Н.Энхбат нь өөрийг нь дээрэмдсэн гэх этгээд нь 2 дугаартай Ө.Д мөн байна гэж заасан” талаар тэмдэглэгдсэн.” /хх-ийн 12-15х/

Гэрч Б.А-ын: “...хамтран амьдрагч Ө.Д-ын хамт Чандмань дэлгүүрийн урд талд пиво уугаад сууж байтал  нэг согтуу ах өнгөрч явснаа бид хоёр дээр ирээд юу хийж сууж байгаа юм гэхэд Ө.Д чамд ямар хамаатай юм, зүгээр мөрөөрөө яв гэж хэлсэн чинь нөгөө ах Д-д чи ямар овоо гар вэ, дошин дээрээсээ хөөгдчих юм байна л даа гээд  гээд хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд нөгөө ах цагдаа дуудна  гээд гар утсаа гаргаад ирсэн байх шиг байсан. Тэгсэн Д  гэнэт нөгөө ахаас зугтаасан ба нөгөө ах миний гар утсыг булаагаад зугтаачихлаа гэсэн. Тэгэхээр нь би өөрсдөө учраа ол гээд орхиод явсан юм. Ө.Д нь тэр ахыг цохиогүй, зүгээр маргаж байгаад зугтаасан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/ 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг S8 маркийн гар утас 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн.” /хх-ийн 36-37х/

Шүүгдэгч Ө.Д-тын: “...Ч дэлгүүрийн гадаа найз эмэгтэй А-ын хамт пиво уугаад сууж байхад зүс таних эрэгтэй бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид хоёроос юу хийж байгаа юм гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ, цаашаа яв гэхэд нөгөө эрэгтэй дошин дээрээсээ хөөгддөг байна ш дээ гээд  надтай хэрүүл маргаан үүсгээд халааснаасаа гар утас гаргаж ирээд цагдаа дуудна гэхээр нь  би гар утсыг нь булааж аваад зугтаачихсан юм. Тэгээд би тэр гар утсыг өөр дээрээ байлгаж байгаад  70.000 төгрөгөөр зараад өөртөө хэрэглэсэн. Улаан гэртэй утас байсан,  ямар загварын утас байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Н.Э-ын эзэмшлийн Самсунг эс8 маркийн гар утсыг түүнд хүч хэрэглэхгүйгээр авч зугтаасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ө.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-д 250.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ө.Д нь хохирлыг мөнгийг Төрийн банкны дансаар хохирогч Н.Э руу шилжүүлж төлсөн болох нь дансны хуулга /хх-ийн 80х/-аар тогтоогдсон тул байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ө.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ Ө.Д-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан,  бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.5 дахь заалтад  заасан  оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж  байгаа  эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жил 6  сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ө.Д нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ө-ын Д-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.5 дахь заалтад  заасан  оршин суугаа газраа  өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж  байгаа  эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх  үүргийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ