Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/946

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч П.Ганбаатар (томилолтоор),

хохирогч, шүүгдэгч Э.С,

хохирогч, шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Э, Б овогт Э.С нарт холбогдох эрүүгийн 2108000001134 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хувиараа том оврын автомашинаар тээвэр хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд нь

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 366 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Э-ын С /РД: ... /,

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа оёдол хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, Б овогт П-ын Э /РД: ... /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.С нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод эхнэр П.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, П.Э-ийн биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод нөхөр Э.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүү, хамар, баруун зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9х/, хохирогч П.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 20х, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Э.С-ийн мэдүүлэг /хх-ийн 15х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч П.С-ын мэдүүлэг /хх-ийн 25-26х/, гэрч Э.Ц-ийн  мэдүүлэг /хх-ийн 39х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6273 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109х/, шүүгдэгч П.Э, Э.С нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48х, 64х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50х/, эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 51х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52х, 68х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х, 78х/, шүүгдэгч Э.С-ийн мэдүүлэг /хх-ийн 98х, шүүх хуралдааны тэмдэглэл/,  шүүгдэгч П.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 87х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С, П.Э нар нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч Э.С нь өөрийн эхнэр П.Э-ийг тийрч унагаан, үснээс нь зулгааж, зүүн нүд рүү нэг удаа цохиж, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Э нь нөхөр Э.С-ийн нүүр толгойн тус газар цохих, маажих, юм мөргүүлэх зэргээр халдаж эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүү, хамар, баруун зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9х/,

Хохирогч П.Э-ийн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өглөөний 7 цагийн үе манай нөхрийг найз С нь аваад явсан юм. Тэгээд  өдөр гэртээ байж байтал нөхрийн найз С нь над руу халамцуу залгаад  танай нөхөр  чинь манай гэрт  хүүхдүүдтэй хамт үлдсэн шүү би хөдөө явлаа, нөхрөө очиж аваарай гэхээр нь уур хүрээд нөхрийн дүү Ц, ... настай хүүгээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот С-ын гэрт явж очиход манай нөхөр С нь гэрийнх нь зүүн талын орон дээр  унтаж байхаар нь уур хүрээд бос гэж хэлээд дуудтал босохгүй байхаар нь  үснээс нь зулгааж татаад футболкоор нүүр лүү нь ороолгож цохиж яах гэж хүн доромжлоод байна чи  гэж хэлээд  нүүр, хүзүү амыг нь самардаж хоёр гараараа  толгой руу нь нэлээн олон удаа цохитол намайг хөлөөрөө тийрч газар унагаагаад  үснээс нь зулгааж  дарахаар нь нүүрнээс нь базтал баруун гараараа миний зүүн нүд  рүү нэг удаа  цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Э.С-ийн: “...Тухайн өдрийн өглөө найз С ирээд манай гэрт очиж хорхог хийж идээд ганц нэг шил юм ууя гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот тэдний гэрт очиж  хорхог хийж, 0,75 гр Хараа архинаас 2 шилийг хувааж ууж дуусгаад гэрт нь тасраад унтсан юм. Тэгээд унтаж байтал миний толгой руу хүн цохиод  байхаар нь сэрээд хартал манай эхнэр Э ирчихсэн, хоёр гараараа миний толгой руу цохиж байсан. Тэгтэл миний толгойн зүүн талаас цус гарахаар нь миний уур хүрээд Э-ийг үсдэж дараад зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохитол хажуугаас манай дүү Ц салгаж холдуулсан. Миний толгойг манай эхнэр Э-ээс өөр хэн нэгэн цохиж хагалаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч П.С-ын: “...С над руу залгаад танай гэрийн  түлхүүр хаана байгаа юм, танайд ороод унтчихъя гэхээр нь би гэрийн түлхүүр гэрийн бүрээсэнд байгаа гэсэн.  Тэгээд би эхнэр Ч рүү залгаад нөхөр С чинь манайд согтуу орлоо гэсэн чинь  юм хэлээгүй. Тэгээд би 22 цагийн үед  найз М-тай гэртээ иртэл  манай  найз С-ийн  толгойноос цус гарсан байдалтай  ганцаараа байж байхаар нь  юу болов гэсэн чинь эхнэр Ч ирээд зодчихлоо гэхээр нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

Гэрч Э.Ц-ийн: “...Ах С-г ирэхгүй болохоор нь түүний найз О гэх хочтой С гэх залуугийн  гэрт очиход манай ах С нь согтуу ганцаараа  унтаж байсан. Тэгээд С эхнэр Э нь сэрээгээд гэртээ харь бос гээд босгоод суулгатал би очихгүй, чадахгүй, хуцаад байгаарай, чамд ямар хамаатай юм гэхээр нь манай бэр эгч Э нь С-ийн футболкоор нь С-ийн толгой болон  биеийг нь ороолгож цохиод, мөн гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгсэн С манай бэр эгч Э-ийн үснээс зулгаасан чинь цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд би хаягийг нь тодорхой болгох гээд гарчхаад ирэхэд Э-ийн нүд нь хавдаад уйлчихсан, ах С-ийн нүүр царай нь шалбарчихсан цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6273 дугаартай шинжээчийн:

“...Э.С-ийн биед духанд шарх, зүүн зовхи, уруулын  зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүү хамар, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх  шарх гэмтэл нь  ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тогтоогдсон гэмтэл нь уналтаас үүсээгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 104х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6288 дугаартай шинжээчийн:

“...П.Э-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр  үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 109х/,

Шүүгдэгч П.Э-ийн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өглөөний 7 цагийн үе манай нөхрийг найз С нь аваад явсан юм. Тэгээд  өдөр гэртээ байж байтал нөхрийн найз С нь над руу халамцуу залгаад  танай нөхөр  чинь манай гэрт  хүүхдүүдтэй хамт үлдсэн шүү би хөдөө явлаа, нөхрөө очиж аваарай гэхээр нь уур хүрээд нөхрийн дүү Ц, .. настай хүүгээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот С-ын гэрт явж очиход манай нөхөр С нь гэрийнх нь зүүн талын орон дээр унтаж байхаар нь уур хүрээд бос гэж хэлээд дуудтал босохгүй байхаар нь үснээс нь зулгааж татаад футболкоор нүүр лүү нь ороолгож цохиж яах гэж хүн доромжлоод байна чи гэж хэлээд нүүр, хүзүү амыг нь самардаж хоёр гараараа толгой руу нь нэлээн олон удаа цохисон. Тэгээд уур хүрээд байхаар нь С-г хоёр гараараа цохиж түлхэж орны булан мөргүүлчихсэн юм. Тэгтэл толгойноос нь цус гарсан. С нь танай нөхөр хүүхнүүдтэй хамт байна гэхээр нь уур хүрсэн юм. Надаас өөр хүн халдаж гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Э.С-ийн: “...С-ын гэрт 0,75 гр Хараа архинаас 2 шилийг хувааж ууж дуусгаад гэрт нь тасраад унтсан юм. Тэгээд унтаж байтал миний толгой руу хүн цохиод  байхаар нь сэрээд хартал манай эхнэр Э ирчихсэн, хоёр гараараа миний толгой руу цохиж байсан. Тэгтэл миний толгойн зүүн талаас цус гарахаар нь миний уур хүрээд Э-ийг үсдэж дараад зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохитол хажуугаас манай дүү Ц салгаж холдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 96х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Э нь өөрийн нөхөр Э.С-г бусадтай хардаж маргалдах явцдаа бие биеийнхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг харсан гэрч Э.Ц-ийн харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, Э.С, П.Э нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 6273, 6288 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С, П.Э нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Хохирол төлбөрийн тухай: Хохирогч Э.С, П.Э нар нь харилцан бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б, Э.С, П.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.С, П.Э нар нь “торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Э-ийн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын харилцан бие биедээ учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын орлоготой болохыг илэрхийлсэн баримтууд тус хэрэгт авагдсан, нөгөө талаас шүүгдэгч Э.С, П.Э нарын хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэргийг харгалзан шүүгдэгч Э.С-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.С, П.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн С, Б овогт П.Э тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Э-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, П.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, П.Э нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Э.С, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ