| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0934/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/939 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/939
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000000915 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, С дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй ч ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.А /РД: ... /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны зүүн хойд талд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-тэй машины түлхүүр булаалцалдаж байхдаа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор булангийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/, хохирогч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25х/, гэрч Ц.Т-ын мэдүүлэг /хх-ийн 33-34х/, гэрч Ц.Г-ын мэдүүлэг /хх-ийн 48х/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 53х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7828 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61х/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-6х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 12-13х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 7-11х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15х/, шүүгдэгч Ц.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 76х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77х/, шүүгдэгч Ц.А-ын мэдүүлэг /хх-ийн 75х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны зүүн хойд талд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-тэй машины түлхүүр булаалцалдаж байхдаа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан үйл баримт нь:
Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/,
Хохирогч А.Б-ийн: “...Би нөхөр Ц.А-тай 14 жил хамт амьдарч байна, 4 хүүхэдтэй. 2021 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байх үед нөхөр бид 2 нөхрийн найз Э-ийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байран дахь гэрт нь очоод Э-ийн эхнэр бид 4 нэг литрийн багтаамжтай “Эдэн” нэртэй нэг шил архийг юм яриад хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад 23 цагийн үед нөхөр бид 2 тэдний гэрээс гараад байрных нь гадаа байж байхад нөхөр надаас машины түлхүүр өг, машинаа унаад явъя гэхээр нь би нөхөртөө машиных нь түлхүүрийг өгөхгүй гээд нөхрийгөө согтуу машин бариулахгүй гэж бодоод уг асуудлаас болж бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл нөхөр уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би тухайн үед нүдний шилтэй байсан бөгөөд миний нүүр лүү цохих үед нүдний шилийг давхар цохигдож нүдний шилний ирмэг хэсэг нь миний зүүн нүдний зовхи хэсгийг бага зэрэг зүсэж гэмтээсэн байсан. Нүдний шил бол хагараагүй. Тэгээд 24 дүгээр байрны гадна нөхөр маань дүү Т-гаа хүрээд ир гээд дуудахад удалгүй ирсэн. Тэгээд гэртээ очоод цагдаад дуудлага өгчхөөд төрсөн эгч Б-ийн гэрт очиж хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7828 дугаартай:
“1. А.Б-ийн биед зүүн нүдний дотор булангийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61х/,
Гэрч Ц.Т-ын: “...2021 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод ээж Ц.Г-ын гэрт байж байхад төрсөн ах А залгаад архи уучихсан байна, ... дүгээр байран дээр ирээд аваадах гэхээр нь би ойрхон байсан учир 5 минутын дотор очсон. Тэгсэн ах А, ахын эхнэр Б 2 байсан ба хоорондоо маргалдсан бололтой ах эхнэрийгээ түлхүүр аваад ир гэж хэлээд тэр хоёр байрны булан тойроод харагдахгүй болсон. Тэгээд би машиндаа хүлээлгээд сууж байхад удалгүй ах над руу залгаад булан тойроод машин дээр хүрээд ир гэхээр нь очиход тэр хоёр бие биеэ пизда гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би эхнэрийг нь машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөхөд Б-ийн зүүн нүд хөхөрсөн, бага зэрэг цус шүүрсэн байдалтай харагдсан ба А нүд рүү цохичихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
Гэрч Ц.Г-ын: “...манай дунд хүү Т 00 цаг өнгөрч байх үед гэрт орж ирээд А ах эхнэртэйгээ маргалдаад хоорондоо зодолдох шиг боллоо, Б эгчийнхээ гэр лүү явчихлаа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48х/,
Гэрч А.Б-ийн: “...Б надад А намайг зодсон гэж хэлсэн. Яг ямар учир шалтгааны улмаас яаж зодсон талаар дэлгэрэнгүй надад хэлээгүй. Мөн тухайн шөнө Б-ийн биед зүүн талынх нь нүд нь хөхөрч хавдсан, зовхи нь бага зэрэг зүсэгдсэн юм уу урагдсан бололтой цус гарсан байсан. Өөр шарх гэмтэл бол байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15х/,
Шүүгдэгч Ц.А-ын: “...Э-ийн гэрээс гараад байрных нь гадна гарч ирээд би машинаа бариад явъя гэхэд эхнэр чи барьж хэрэггүй, би машинаа уная гээд бид 2 уг асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд миний уур хүрээд би эхнэрийнхээ нүүрнийх нь хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд эхнэр өвдгөөрөө өвдөглөөд газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.А, хохирогч А.Б нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагаар тогтоогдсон, гэр бүлийн харилцаа үүсгэн 14 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа, дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэхээр байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.А нь эхнэр А.Б-ийн хамтаар бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аль алин нь тээврийн хэрэгслийг жолоодож явна гэх асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч нь өөрийн эхнэр А.Б-ийн бие махбодод халдсан буюу зүүн нүдэн тус газар цохиж хөнгөн гэмтлийг санаатайгаар учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа нь Ц.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ Ц.А-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-т учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Ц.А нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн баримтууд тус хэрэгт авагдсан байх тул эдгээр байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сард олох орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ