| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2017/01164 | Улаанбаатар хот | Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж, 14 дүгээр байр, 6 тоотод байрлах, “Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК /РД:5960711/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 25 дугаар байр, 3 тоотод оршин суух Тайж овгийн Алгаагийн Энхбаатар /РД:ЦЗ73011912/-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 58 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 4 дүгээр сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК нь зээлдэгч А. Энхбаатартай 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-01/10 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 20.000.000 /Хорин сая/ төгрөгийг 20 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь үндсэн зээлээс ямарч төлбөр төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүү болох 38.400.000 төгрөг, нийт 58.400.000 төгрөгийг хариуцагч А.Энхбаатараас гаргуулан өгнө үү гэжээ. Зохигчдын байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Энхбаатарт холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав. “Монголиан Фүчэ Финанс ББСБ” ХХК нь 58,400.000 төгрөг нэхэмжлэснээс 20,000.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч А.Энхбаатар нь үлдэх 38,400.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК нь хариуцагч А.Энхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 38 400 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.“Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Энхбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 58 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 20 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 38 400 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 174 975 төгрөгийг хариуцагч А.Энхбаатараас гаргуулж, 174 975 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч.“Монголиан фүчэ финанс ББСБ” ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай. 4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ |