Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0810/З |
Дугаар | 134 |
Огноо | 2019-02-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 134
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “УУА” НҮТББ.
Хариуцагч: УУХҮС .
Нэхэмжлэлийн шаардлага: “УУА” НҮТББ-ын тэргүүн М.Э 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг Уул. Уурхай хүнд үйлдвэрийн сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , Г.Н******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Үндсэн хуулиар монгол улсын иргэн дараах үндсэн эрхийг эдлэхийг баталгаажуулсан. Үүнд: 16-р зүйлийн 1.Амьд явах эрхтэй; 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй; 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан.
Налайх Дүүргийн 2-р хороо, Нарлагийн 6-А гудамжинд хамаарах нутаг дэвсгэрт компани болон тусгай зөвшөөрөлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийг зөрчин иргэдийн амьдарч буй суурьшлын бүс, газрын доогуур нүүрсний олборлолт хийсний улмаас газрын доор их хэмжээний хөндийлөл 2016 оноос эхлэн үүсч тус хорооны иргэдийн орон байр, сууц, газарт суулт өгч тус гудамжинд амьдарч буй иргэдийн амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл бүрдэж, газар өмчлөх, эзэмших эрх нь ноцтойгоор зөрчигдөж, эд хөрөнгөнд нь бодит хохирол учирсан байна.
Тус хорооны иргэд хууль бус нүүрс олборлолтыг таслан зогсоож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт өргөдөл гаргасан боловч бодит үр дүнд хүрээгүй, хуулиар уг асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байгаа тул тус хорооны иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг манай байгууллагаас хүссэнийг хүлээн авч уг асуудлыг шийдвэрлүүлэхээр манай байгууллага ажиллах болсон
Улмаар манай байгууллага 2017 оны 10 сарын 12-ний өдрийн 173 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий Сайдад хандан “Налайх Дүүргийн 2-р хорооны иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн" агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Харин Монгол 'Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар 2017 оны 10 сарын 23-ний өдрийн Хэг/1533 тоот албан бичгээр “Ус, Ургамал- амьдрал НҮТББ-аас Ерөнхий Сайдад ирүүлсэн бичгийг УУХҮЯС Д. Сумъяабазарт хүргүүлсэн, албан бичигт дурдсан асуудлыг судлан үзэж, тус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хамтран ажиллан уу” гэж хариу мэдэгдсэн.
Гэвч УУХҮЯС манай байгууллагаас гаргасан тус хүсэлтийг ИТБАТГӨГШ тухай, Захиргааны Ерөнхий хуулиудад заасан 30 хоногийн хугацаанд, зохих журмын дагуу хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг манай байгууллагад өнөөдрийг хүртэл өгөөгүй, хүсэлтэд дурдсан асуудлаар манай байгууллагатай хамтран ажиллахгүй байгаа нь хууль бус юм.
УУХҮЯС дээрхи хүсэлтийг хуульд заасан хугацаанд, зохих журмын дагуу шийдвэрлээгүйгээс манай байгууллага төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдлөө хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106.3,4 дэх заалтыг үндэслэн. “Ус.Ургамал-Амьдрал” НҮТББ-аас 2017 оны 10 сарын 12-ний өдрийн гаргасан Налайх Дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн” өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариуг өгөх холбогдох захиргааны акт гаргахыг УУХҮЯСад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “УУА” НҮТББ нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан өргөдөл гаргасан. Засгийн газраас танай өргөдлийг УУХҮЯ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шилжүүллээ. Эдгээр байгууллагаас өргөдлийг судлаад хариуг өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 015/33 тоот албан бичгээр мэдэгдсэн. Албан бичгийн хариуг УУХҮЯ өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид өгөөгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллага холбогдох захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлтийг шилжүүлсэн тохиолдолд өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан байгууллага хариуг өгөх ёстой.
Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд эрхээ эдлэх, төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх үүрэгтэй. Хариуцагч байгууллага нь энэ үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хуулиудад зааснаар тодорхой ажиллагаануудыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг явуулдаг. Гэтэл хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Хариуцагчаас Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад ажлын хэсгийн хүрээнд ажиллагаа хийсэн энэ нь захиргааны акт гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг мэдэхийг хүсч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “УУА” НҮТББ-иас “2017 оны 10 сарын 12-ний өдөр гаргасан Налайх Дүүргийн 2-р хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж, компани, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн” өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариуг өгөх холбогдох захиргааны акт гаргахыг даалгах”-аар нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх асуудал нь манай яамны чиг үүрэгт хамаарах асуудал биш байна. Учир нь хууль бусаар нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд манай яамны зүгээс хяналт тавих хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй асуудал бөгөөд эдгээр иргэд, аж ахуйн нэгжид Цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг хяналт, шалгалт хийх эрх бүхий субьектүүд хяналт тавьж асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Дээрх хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд манай яамны зүгээс ямар нэгэн тусгай зөвшөөрөл болон лиценз олгосон үйлдэл байхгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “УУА” НҮТББ-ын өргөдөл 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ХЭГ015/33 тоот албан бичгээр УУХҮЯ анд ирсэн байдаг. “УУА” НҮТББ-ын өргөдлийн судлан үзэхэд “...төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж байна. Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүсэд газарт суулт үүсч эд хөрөнгө, байшин, барилгад цууралт үүсч эдийн засгийн хохирол учирч эхэллээ. Иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзах талаарх хүсэлтийг тавьсан байдаг.
Үүний дагуу тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга н.Г******* болон холбогдох албан хаагчид “УУА” НҮТББ-ын тэргүүн Д.Э******* болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар томоохон хэмжээний ажлын хэсэг байгуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УУХҮЯ ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 332, А/242 дугаар хамтарсан тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байдаг.
Ажлын хэсгийн хүрээнд холбогдох хууль, журмын дагуу хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох арга хэмжээг авахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Налайх дүүрэгт ажилласан байдаг.
Тус яам нь “УУА” НҮТББ-ын нэхэмжлэлтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулга авахаар албан бичгийг хүргүүлэн хариуг аваад байна. Уг хариу албан бичгийг хүлээн аваад нэхэмжлэгчид хариу өгөхөөр бэлтгэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шалгалтыг гүйцэтгээд Нийслэлийн Засаг дарга С.Б******* болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга н.Х******* нарт улсын байцаагчийн дүгнэлт болон шалгалт хийсэн танилцуулгыг хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн өргөдөлд дурдагдсан “Э*******” ХХК-д шалгалт хийж Нийслэлийн Засаг даргад холбогдох арга хэмжээ авахаар санал хүргүүлсэн байна. Бид асуудлыг судлан үзээд нэхэмжлэгчид хариу өгөхөд татгалзах зүйлгүй. Бэлэн байдлыг хангачхаад байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Өргөдөлд хүлээн авч уулзахыг хүссэн байсан. Үүний дагуу иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан. Харин бичгээр хариу өгөөгүй асуудалд алдаа, дутагдал гаргасан байна. Бичгээр хариу өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
“УУА” НҮТББ-ын тэргүүн М.Э 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг Уул. Уурхай хүнд үйлдвэрийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “УУА” НҮТББ-ын тэргүүн М.Э Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдийг төлөөлж тус хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү нүүрс олборлодог компани иргэд хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаагаас тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авч зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсэж Монгол улсын Ерөнхий сайдад өргөдөл гаргасныг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/1533 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлсэн боловч тус яамнаас бидэнд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй нь хууль бус гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс Монгол улсын Ерөнхий сайдад хаяглан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХЭГ/1533 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлж дурдсан асуудлыг судлан хамтран ажиллах чиглэл өгчээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтдээ дурдсан асуудлыг судалж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлж чиглэл өгснийг нэхэмжлэгч зөвхөн УУХҮЯ ыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй гэсэн тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг судлан шийдвэрлэх ажлын хүрээнд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 322, А/242 дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийх эрх бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Дээрх 322, А/242 тоот хамтарсан тушаалыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/02 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, хууль бусаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, иргэн, нөхөрлөлүүдэд холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар шалгалт явуулж дүгнэлт танилцуулга гаргажээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу Налайх дүүрэгт үүссэн нөхцөл байдлыг судлах, арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх зэргээр зохих үйл ажиллагаа явуулсан боловч энэ талаараа нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас дээрх хүсэлт, өргөдөлд дурдсан асуудлаар ямар ажил зохион байгуулсан талаар хариу өгөөгүй нь хууль бус гэж дүгнэв.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан , өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл гомдол гаргагч дараахь эрх эдлэнэ:”, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;”, 5 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх;”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, энэ зүйлийн 4 дэх хэсэгт “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах;”, 6 дахь хэсэгт “өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдв*******э. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.” гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлтэд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хариу хүргүүлээгүй эс үйлдэхүй хууль бус бөгөөд ямар ажил зохион байгуулж хэрэгжүүлсэн талаараа мэдэгдэх үүрэгтэй байсан гэж үзнэ.
Энэ талаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль байсныг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд үндэслэл бүхий хариуг бичгээр өгөх тухайгаа тайлбарласныг тэмдэглэж байна.
Ийнхүү хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан , өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “УУА” НҮТББ-ын тэргүүн М.Э ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн амьдарч буй суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрч нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж хариу өгөхийг Уул. Уурхай хүнд үйлдвэрийн сайдад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР