Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0448

 

   Б.Гын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Ц.и.” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 309 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0675/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, мөн зүйлийн 21.2.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0309 дүгээр шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан, шийдвэрлэх ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомж зэргийг зөрчсөн зэрэг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

3.2. Нийслэлийн Засаг даргаас 2022 оны А/788 дугаар захирамжийг батлан гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дээрх маргаан бүхий актыг баталсан.

 

3.3. Мөн маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа иргэн Б.Гт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх баримт цуглуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцагчаас иргэн Б.Гт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01-06/2848 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа мэдэгдлийг хүргүүлсэн зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн зэрэг зөрчлийг гаргасан.

 

3.4. Иймд Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/788 дугаар захирамжийг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлээр үүсгэсэн Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ц.и.” ХХК нь “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/Ш32022/8806 дугаартай “Гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарснаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, улмаар 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан болж 128/ШШ2023/0309 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байгаа болно.

 

4.2. Шүүх гуравдагч этгээдийг хэргийн оролцогчийн хувьд авч үзээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж буй тухайд: Шүүх хэргийн оролцогчдын, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбар татгалзал, түүнийгээ нотолсон баримтын хувьд шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэг бүрчлэн үнэлэлт дүгнэлт хийх ёстой бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн шаардлага, тайлбар татгалзал, нотлох баримт, мэтгэлцээний үйл баримтыг үнэлж дүгнэсэн хэдий боловч гуравдагч этгээдийн хувьд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.4..., 5.5..., 5.6...-д тус тус дүгнэн үүгээрээ гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзал, мэтгэлцээний болон бусад шүүхийн журмаар гаргуулсан хэрэгт хамааралтай гэж үзсэн нотлох баримтыг тухайн хэрэг маргаанд хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүйгээр, нэхэмжлэгч хариуцагчийн мэтгэлцээний хүрээнд зөвхөн ийнхүү шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, гуравдагч этгээд энэ хэрэг маргаанд оролцох болсон шалтгаан, оролцсоноороо зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх ашгаа, хэрхэн яаж хамгаалж буй энэ үндэслэлийн, нотолгоо баримтын талаар огт үнэлж дүгнээгүйгээрээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж энэхүү гомдол гаргаж байна.

 

4.3. Хариуцагч талын хариу тайлбар татгалзлыг шүүх буруу үнэлж дүгнэсэн, үүнтэй холбоотой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нь: Хариуцагч талаас хариу татгалзал, тайлбартаа дурдаж байгаагаар иргэн Б.Гт газар эзэмшүүлэхдээ шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үндэслэн газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ хуулийн энэ заалтын дагуу эзэмшүүлэхээр байх боловч хуулийн энэ зохицуулалтад нь ...шүүхийн шийдвэрийг үндэслэн эзэмшүүлэх... тухайд байхгүй тул үүгээрээ хуулийг зөрчсөн байна гэж, мөн нөгөө талаас “...төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаагаар эзэмшүүлж болно” гэж заасан байдаг бөгөөд үүнд мөн шүүхийн шийдвэрээр эзэмшүүлэх асуудал хамааралгүй учир гэж, улмаар тэрхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд нь иргэн Б.Гт газар эзэмшүүлэх тухайд заагаагүй, тийм асуудлыг шүүх шийдвэрлээгүй байхад гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн байхад шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.1-д: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Агуулгын хувьд нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, нийслэлээс “Ц.и.” ХХК-д нөхөн олговор өгсөн, тэгэхээр тухайн газар төрийн мэдэлд ирсэн, цаашид арга хэмжээ авах шаардлага байсан учраас Б.Гын 580 м.кв газрыг хүчингүй болгосон, нийслэл өөрөө барилгыг авч байгаа учраас 580 м.кв газрыг хүчингүй болгож захирамж гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл бодит байдал дээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж олгосон үндэслэлээр биш харин хариуцагч маргаан бүхий газарт байх барилгын карказын гэм хорын хохиролд шүүхийн шийдвэрээр төлбөр төлсөн тул барилгын карказыг ашиглах эзэмших зорилгоор нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон байх ба энэ нь захиргаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ ... гэж, шүүх дүгнэсэн нь илт үндэслэлгүй буюу баримт нотолгоогүйгээр хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар гэсэн байдлаар өөрийн ойлголт, дотоод итгэл үнэмшлийг /таамаглал/-ыг үндэслэн үнэлж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.4.      Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2..., 2.3..., 2.4..., 5.3...-д тус тус дүгнэхдээ хариуцагчийн зүгээс тайлбарласан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан гэх тухайд энэхүү нотлох баримтыг шүүх шаардан гаргуулаагүй шалтгаанаа дээрх хуулийн зүйл заалт, зохицуулалтуудаар буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өөрөөр хэлбэл захирамжийг хүчингүй болгох үндэслэл болсон энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг хуулийн дагуу захиргааны шүүх нотлох баримтаар гаргуулаагүй, ингэхдээ уг баримтыг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж нэг дүгнээд, мөн шүүхэд хандаж гаргуулах боломжтой байсан гэж нэг дүгнээд, түүнчлэн хэрэгт хамааралгүй учраас нотлох баримтаас хасуулах буюу шүүх шаардан гаргуулахгүй гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээр зайлшгүй гаргуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь авч үзэж, үнэлж дүгнэж, шийдвэрлэх энэхүү нотлох баримтыг нь гаргуулалгүй, үнэлж дүгнэлгүй шийдвэрлэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно.

 

4.5. Шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-д: Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэсний үндсэн дээр Б.Гт олгосон газарт хамааралгүй, шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгжүүлэх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “... маргаан бүхий газар Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хот тосгон бусад суурины гадна олгогдсон газар” буюу зам, шугам сүлжээний газар биш бөгөөд анхнаасаа иргэн аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдож ирсэн газар ...” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж ийнхүү шийдвэрлэсэн нь илэрхий нэг талыг баримталсан, мөн үүгээрээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх замаар шийдвэрлэсэн болно.

 

4.6. Өөрөөр хэлбэл хариуцагч түүний төлөөлөгчөөс шүүхэд, шүүх хуралдаанд тайлбарлахдаа иргэн Б.Гт газар олгохдоо Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, 504 дүгээр магадлал, 336 дугаар тогтоол, тэдгээрийн ТОГТООХ НЬ хэсэгт иргэн Б.Гт ийнхүү газар эзэмшүүлэх тухай заагаагүй байхад түүнийг үндэслэн газар олгох боломжгүй байсан гэж, энд дурдагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор мөн 580 м.кв газрыг олгох тухайд огт шийдвэрлээгүй гэж, иймээс шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн, энэ зөрчлийг Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар залруулж хүчингүй болгосон гэсэн тайлбар татгалзлыг агуулгаас нь өөр байдлаар тайлбарлаж үнэлж дүгнэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул үндэслэлгүй байна.

 

4.7. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр үнэлж дүгнээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болох тухайд: Маргааны зүйл, үйл баримт нь хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, 504 дүгээр магадлал, 336 дугаар тогтоолд үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/742 дугаар захирамж гарсан гэж, уг захирамжийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж маргасан, харин хариуцагч, гуравдагч этгээд нь энэ шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд, тэдгээрийн ТОГТООХ хэсэгт зааж шийдвэрлээгүй тийм асуудлаар үндэслэн энэ А/742 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргасан, иймээс буруу гаргасан захирамжаа хүчингүй болгосон гэж тус тус маргаж, мэтгэлцэж байгаа ба шүүх энэ агуулгыг нь авч үзээгүйгээр, зөвхөн хэлбэрийн талаас буюу нэгэнт гарсан А/788 дугаар захирамжийн хуулийн зүйл заалтуудаар нь авч үзэж, үнэлж дүгнээд байгаа нь шүүх маргааны зүйлийг тодорхойлж, үүгээрээ хаана, хэний ямар эрх зөрчигдсөн, зөрчигдсөн тэр эрхийг шүүх яаж хамгаалах тухайд шийдвэр гаргах ёстой болно. Гэтэл хэргийг тал бүрээс нь бодитой, бүрэн дүүрэн судалж, үнэлж дүгнэхгүйгээр А/788 дугаар захирамжийн хуулийн зүйл заалтуудын хувьд үнэлж дүгнэн шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.

 

4.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноороо гуравдагч этгээд нь шүүхэд хандаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаж, энэ дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн журмаар хүсэлт эцэслэн шийдвэрлэгдэж, энэ дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болох иргэн Б.Гын 2010 оны 4 сард газраа нэмэгдүүлж эзэмшсэн Нийслэлийн Засаг даргын 255 дугаар захирамж, мөн энэхүү газраа 4 хувааж хамаарал бүхий этгээд нарт шилжүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаар захирамж, эдгээр захирамжуудыг нь шүүхийн маргаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж шийдвэрлэсэн буюу газрын давхцал буюу хэмжээг нь багасгасан асуудлыг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон, энэхүү маргаанд хамааралтай буюу давхцалтайн шалтгаанаар иргэн Б.Г 580 м.кв газрыг буцаан эзэмшсэн гэх үйл баримтын үндэслэл нь болсон эдгээр баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй орхигдуулсан.

 

4.9. Тодруулж дурдахад иргэн Б.Г /М.г./-ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр “Ц.и.” ХХК оролцсон захиргааны хэргийн маргааны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд тодорхой, тэр шаардлагуудыг л шүүх шийдвэрлэсэн, тэр явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүд ч тодорхой буюу барилга баригдаагүй, карказ ороогүй бусад хэсгээр газар 156 м.кв-аар л давхцалтай байдаг.

 

4.10. Энэ захиргааны маргаан бүхий хэргийн хянан шийдвэрлэгдэж байх үед иргэн Б.Г эзэмшил 25,885 м.кв газраа 4 хувааж, 4 хуулийн этгээдэд шилжүүлсэн, үүнээс “Ц.и.” ХХК-тай хил залгаа газар болох “О.п.” ХХК-д 9240 м.кв газрыг шилжүүлье гэсэн байхад 9084 м.кв болгож багасгасан гэх маргаанаар шүүхэд гомдол гаргасан, шүүх хангаж шийдвэрлэсэн, тухайн хэрэгт нь шинжээч 580 м.кв давхцал дурдсан дүгнэлт гаргасан байдаг ба бодитоор 156 м.кв давхцалтай гэж дүгнэгдсэн дагуу тухайн 156 м.кв-аар нэхэмжлэлийг нь хангаж шүүхийн шийдвэр гарсан ба энэ нь шүүхээр тогтоогдсон үйл баримт болж, нийслэлийн Засаг даргын А/742 дугаар захирамж гарах үндэслэл нь болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд гарсан байдаг болно.

 

4.11. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг, түүний үндэслэх хэсэгт тусгагдсан асуудлаар гуйвуулаад 580 м.кв газар эзэмшсэн, улмаар энэ карказны доогуур оруулаад эзэмшсэн нь илт үндэслэлгүй байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн танилцаж, бодитойгоор үнэлж дүгнээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

 

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0309 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хуулийн хүрээнд зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Б.Гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/742 дугаар захирамжаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг үндэслэн, тус захирамжийн хавсралтын 6 дахь заалтаар Б.Гт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

2.3. Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаар захирамжаар дээрх газрыг иргэн Б.Гт эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Б.Гт орон сууцны зориулалтаар олгосон 580 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

 

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх”,  4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг баримтлах хуулийн зохицуулалттай.

2.5. Маргаан бүхий актын үндэслэлтэй холбогдуулан анхан шатны шүүхээс “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т... заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсний үндсэн дээр Б.Гт олгосон газарт хамааралгүй, шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгжүүлэх зохицуулалт... байна, ...хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгч Б.Гт эерэг нөлөөлөл бүхий газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

2.6. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр “М.г” ХХК, “М.э.и.к” ХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн “Ц.и.” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 тоот захирамжийн “Ц.к.” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, ...нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн “Ц.и.” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ...нэхэмжлэгч “Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.7. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар Б.Гт 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээ шинээр газар олгох нөхцөл байдалтай адилтган үзсэн нь буруу төдийгүй Б.Гын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, “Ц.и.” ХХК-д холбогдох маргаан бүхий газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

 

2.9. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг мөн зүйлийн 48.2-т тодорхой заасан. Харин тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан эдгээр үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хариуцагчаас хуулийг буруу хэрэглэж, дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

2.10. Нөгөөтээгүүр, хариуцагчаас маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба ...нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч ...нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” талаар хуульд тодорхой заасан байхад хэргийн оролцогчоос энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.12. Мөн гуравдагч этгээд “Ц.и.” ХХК-иас дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргаас хохиролд 1,355,521,176 төгрөг гаргуулж “Ц.и.” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1570 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

2.13. Гуравдагч этгээдийн хувьд нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох захиргааны байгууллагаас өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой болсон, хэдийгээр гуравдагч этгээдээс “...өмнөх хэрэгт нь шинжээч 580 м.кв давхцал дурдсан дүгнэлт гаргасан байдаг ба бодитоор 156 м.кв давхцалтай гэж дүгнэгдсэн дагуу тухайн 156 м.кв-аар нэхэмжлэлийг нь хангаж шүүхийн шийдвэр гарсан ба энэ нь шүүхээр тогтоогдсон үйл баримт, ... гэтэл шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг, түүний үндэслэх хэсэгт тусгагдсан асуудлаар гуйвуулаад 580 м.кв газар эзэмшсэн, улмаар энэ карказны доогуур оруулаад эзэмшсэн нь илт үндэслэлгүй” гэх гомдлыг ирүүлсэн боловч давхцалгүй хэсэгт газар эзэмших хүсэлт өгөөгүй энэ тохиолдолд иргэн Б.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/788 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий энэ маргааны тухайд “Ц.и.” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн талаар дүгнээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.14. Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн Б.Гт эзэмшүүлсэн газраас 580 м.кв газрыг “Ц.и.” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэж “Ц.и.” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосон байгаа энэ тохиолдолд “...шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын ТОГТООХ хэсэгт зааж шийдвэрлээгүй асуудлаар үндэслэн маргаан бүхий А/742 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргасан, иймээс буруу гаргасан захирамжаа хүчингүй болгосон гэж хариуцагчаас маргаж, мэтгэлцэж байгаа, шүүх энэ агуулгыг нь авч үзээгүй...” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

2.15. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, талуудаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА