Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

“Хариуцагч “Гүрдэд баян” ХХК-ийн захирал ажилтай Б.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “Гүрдэд баян” ХХК нь фермийн аж ахуй, өрөмдлөг хийх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж 1 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн байна. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 998,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Гэрийн хаягаар очиж уулзахаар тийм хүн байдаггүй гээд хаалгаа онгойлгож өгдөггүй. Утсаар ярихаар энэ дугаарыг худалдаж авсан гэсэн хариу өгдөг. Иймд Баярмагнай овогтой Баянмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд хандаж хариуцагч “Гүрдэд баян” ХХК-ийн захирал ажилтай Б.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

            Ажил олгогч “Гүрдэд баян” ХХК нь нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Гүрдэд баян” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байна.     

            Ажил олгогч “Гүрдэд баян” ХХК нь фермийн аж ахуй, өрөмдлөг хийх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2015 оны 06 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж өгсөн байх боловч шимтгэл төлөлгүй 998,000 төгрөгийн өр үүсснийг одоог хүртэл төлөөгүй байна.

Ажил олгогч “Гүрдэд баян” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дүрмэнд заасан үйл ажиллагаа явуулахаа больсон байна. 

            Ажил олгогч “Гүрдэд баян” ХХК-ийн төлөөлөгч Б.Баянмөнхийн оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-67 тоот, Шанд багийн 34-11 тоот хаягтаа амьдрахгүй байгаа, 99356246, 98666246 дугаарын утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсны улмаас Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон болох нь батлагдаж байна.      

            Иймд Ажил олгогч “Гүрдэд баян” ХХК-ийн төлөөлөгч Б.Баянмөнхийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

             Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан “Гүрдэд баян” ХХК-ийн захирал ажилтай, Хонин онход овогт Баярмагнайгийн Баянмөнхийг /РД:РЭ67102571, утас нь: 99356246, 98666246/-г эрэн сурвалжилсугай.

               2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Баянмөнхийг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

               3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

               4.  Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН