Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/924

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000001251 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” хүнсний дэлгүүрт ... оны ... дугаар сарын ... -ны өдөр тус дэлгүүрийн худалдагч Г.Ө-ийн  гээгдүүлсэн Самсунг А-9 маркийн гар утсыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч  гар утсыг нь унтрааж завшиж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Г.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 9-10х/, гэрч Ц.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 18х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-39х/, Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31х/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... хүнсний дэлгүүрийн хяналтын камерын  бичлэг,  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 40-44х/ шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагааны хуулбар /хх-ийн 69х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 71х/, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 72х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 73х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/, шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 62-63х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Батжаргал нь ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрийн шалтан дээр иргэн Г.Ө-ийн унагааж гээгдүүлсэн Самсунг А-9 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Ө-ийн: “...  оны ... дугаар сарын ... -ны өдөр ...  дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” хүнсний дэлгүүрт ажлаа хийж байхдаа Самсунг А-9 маркийн гар утсаа гээсэн.  Тэгээд дэлгүүрийн  камер шүүж  үзэхэд ... орчим насны  эрэгтэй аваад дэлгүүрээс гараад машинд суугаад явж байгаа бичлэг байсан. Миний гар утас нь Самсунг А-9 маркийн  хар өнгийн гар утас, энэ оны 6 сарын 15-нд ...  төвөөс 480.000 төгрөгөөр  авч байсан. Гадуураа гэр байхгүй, шилэн наалт нь баруун дээд буландаа багахан цуурсан, өөр асуудалгүй гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Гэрч Ц.Х-ийн: “...тухайн өдөр ... цагийн үед  ажлаа тараад байж байхад эхнэр О машинтай ирээд манай ажлын газрын Б ах, Э эгч бид 3-г аваад С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүр орж хүнсний зүйл аваад  ... руу хамтдаа явцгаасан. Тэгээд ... гэрлэн дохионы уулзвар дээр явж байхад  ... ах Урьхан дэлгүүрт явж байгаад шалан дээрээс утас олж  авсан талаараа хэлэхээр нь  лангуун дээр та үлдээхгүй яасан юм бэ гэж хэлсэн, тэгээд өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг А-9 гар утас-400,000 төгрөг” /хх-ийн 31х/,

Шүүгдэгч Б.Б-аас Самсунг А-9 маркийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /хх-ийн 38-39х/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...  дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрт хүнс цуглуулах гээд орсон, тэгтэл дэлгүүрийн шалан дээр хар өнгийн гар утас байхаар нь би аваад хармаандаа хийгээд юм авалгүйгээр дэлгүүрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Ө-ийн эзэмшлийн Самсунг А9 маркийн гар утсыг дэлгүүрийн шалан дээрээс олсон, тухайн эд зүйлс өөрт нь хамааралгүй, өөр хэн нэгэн хүний унагаасан, гээгдэл эд зүйлс гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Г.Ө-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ө 400,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эзэмшлийн Самсунг А-9 маркийн гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатар нь шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Б.Б анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувиараа ажил хийдэг,  сарын дундаж орлого 600.000 төгрөг, мөн ар гэрийн нөхцөл байдал зэргийг тус бүр харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын хэмжээ, байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ