| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0923/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/949 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/949
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Р.Мягмардорж (томилолтоор),
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Г-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108014691112 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г-ийн Д (РД: ... )
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод иргэн Т.Ц-г гэрээсээ явсангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн үүдэн доод 1-р, баруун доод 2-р шүднүүдийн сулрал, доод уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Ц-ийн мэдүүлэг (хх-ийн 9х, 12х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6306 дугаартай дүгнэлт (хх-ийн 19-20х), шүүгдэгч Г.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 27х), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 28х), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 29х), оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар (хх-ийн 31х), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 32-33х), шүүгдэгч Г.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-46х) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод иргэн Т.Ц-г “гэрээсээ явсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Т.Ц-ийн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоотод байрлах гэртээ байж байтал миний өөрийн ... гэсэн дугаар луу урьд өмнө нийтийн байранд хөрш болж амьдарч байсан ... гэх залуу над руу ... гэсэн дугаараас ярьж баярын мэнд хүргэж, хамт баярлах уу манай гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд гэрээсээ 09 цаг өнгөр байхад гарч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах нийтийн байранд гэрт нь явж очтол 0.5 литрийн Хараа нэртэй архи задалж надтай хувааж уусан юм. Тэгтэл Д хүнтэй утсаар ярьчхаад одоо манай найз хүүхэн Б ирэх гэж байна. Чи одоо манай гэрээс явчих гэж хэлэхээр нь би явахгүй жоохон байж байгаад явъя гэж хэлтэл, манай гэрээс зайл пизда минь гэж хэлээд гэнэт огцом уурлаж миний доод үүдэн шүд болон эрүү хэсэгт баруун гараараа хүчтэй цохиж, би тухайн үед манарч яаж гэрээс нь гарсан талаараа санахгүй байгаа. Нэг мэдэхэд хашааных нь гадна уйлаад ганцаараа сууж байтал Б ирээд яасан бэ эгчээ гэж асуухаар нь Д намайг зодсон гэж хэлтэл, ямар аймар хүн бэ гэж хэлэхээр нь эгчийнх нь гар утас Д гэрт байгаа юм шиг байна. Ороод аваад ирээч гэж хэлтэл за гэчхээд алга болчихоор нь араас нь ортол өөдөөс Б, Д хоёр гарч ирэхээр нь Б утсаар өөрийнхөө дугаар руу залгатал шатны доор дугарч байхаар нь автал Д намайг зайл ална шүү пизда минь явахгүй юу хийгээд байгаа юм гэж хэлэхээр нь би гэр лүүгээ явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, ажил ихтэй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9х, 12х),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6306 дугаартай: “...Т.Ц-н биед баруун, зүүн үүдэн доод 1-р, баруун доод 2-р шүдний сулрал, ооч, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 19-20х),
Шүүгдэгч Г.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ..., тоотод байрлах нийтийн байрны ... тоот түрээсийн гэртээ байж байгаад өмнө нэг газар хөрш болж хамт амьдарч байсан хуурай дүү болох Ц гэж эмэгтэйтэй гар утсаар ярьж наадмын мэнд хүргэж ахынхаа гэрт хүрээд ирэх үү хамт баяр тэмдэглэх үү гэж асуутал яваад очъё гээд манай гэрт ирэхээр нь хоол цай хийж өгөөд “Хараа ” нэртэй 0.5 литрийн архи задалж хувааж уучхаад хуурай дүү Б утсаар ярьсан чинь манай гэрт яваад очъё гэж хэлэхээр нь за гэж хэлчхээд Ц миний дүү одоо манай гэрээс яв гэж хэлсэн чинь явахгүй ахиад нэг шил архи өгчих гэж хэлэхээр нь уур хүрээд чамд яахаараа архи авч өгдөг юм. Манай гэрээс яв пизда минь гэж хэлээд баруун гараараа Ц уруул хэсэгт нь нэг удаа цохитол амаа дарж сууж байгаад гараад явсан юм. Ц надаас ямар нэгэн эмчилгээний зардал нэхэмжлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 45х) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд гэмтэл учирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Г.Д-ыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-ыг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Д-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын хувьд, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мөн орлоготой эсэхийг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээр нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олдог орлогын байдлыг нь харгалзан 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ