| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0924/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/950 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/950
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт Д-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108003131156 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э овогт Д-ын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Э нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д түгээлтийн жолоочоор ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс хойш ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу борлуулалтын орлогоос нийт 6,711,101.60 (зургаан сая, долоон зуун арван нэгэн мянга нэг зуун нэг төгрөг жаран мөнгө) төгрөгийг хувьдаа завшиж бусдад хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7х, 8х), ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 10х), ... ХХК-нд ажилд орохыг хүсэгчийн анкет (хх-ийн 16-17х), шүүгдэгч Д.Э-ийн ... ХХК-ийн захиргаанд гаргасан баталгаа (хх-ийн 18х), ... ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-ийн 19х), эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээний хуулбар (хх-ийн 20х), нууцлалын баталгаа гаргах, компанийн нууцлал хадгалах тухай гэрээний хуулбар (хх-ийн 21х), ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хх-ийн 22-23х), ... ХХК-ийн авлагын бүртгэлийн тайлан (хх-ийн 13-15х), шүүгдэгч Д.Э-ийн ... ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан тайлбар, баримтуудын хуулбар (хх-ийн 24-34х), ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б овогтой А-г томилсон тухай албан тоот (хх-ийн 79х), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн мэдүүлэг (хх-ийн 42-43х), гэрч Б.Т-ын мэдүүлэг (хх-ийн 45х), Ингүүмэл Жаргалант Аудит ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлт (хх-ийн 50-53х), шүүгдэгч Д.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60х) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д түгээлтийн жолоочоор ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс хойш ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус компаниас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг харилцагч дэлгүүрүүдэд тараах явцдаа борлуулалтын орлогын мөнгийг ... ХХК-ны дансанд тушаалгүй бэлнээр авч хувьдаа завшиж, нийт 6,711,101.60 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7х, 8х),
... ХХК-нд ажилд орохыг хүсэгчийн анкет (хх-ийн 16-17х),
Д.Э-ийн ... ХХК-ийн захиргаанд гаргасан баталгаа (хх-ийн 18х),
... ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-ийн 19х),
Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээний хуулбар (хх-ийн 20х),
Нууцлалын баталгаа гаргах, компанийн нууцлал хадгалах тухай гэрээний хуулбар (хх-ийн 21х),
Ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хх-ийн 22-23х),
... ХХК-ийн авлагын бүртгэлийн тайлан (хх-ийн 13-15х),
Д.Э-ийн ... ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан тайлбар, баримтуудын хуулбар (хх-ийн 24-34х),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн: “...Манай ХХК-д ... оны ... дугаар сарын ...-ны өдөр анх түгээгч жолоочоор ажилд орсон Д.Э гэгч нь ажилд орсон анхны өдрөөс хойш ... оны ... дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа харилцагч байгууллагууд зээлээр авсан гэж худлаа тооцоо нийлж байгууллагад нийт 7,341,682 төгрөгийн хохирол учруулсан болох нь сар болгоны тооллого болон ... оны жилийн эцсийн тооллогоор тогтоогдсон, өөрөө энэ тухай удаа дараа тайлбар бичиж өгч цалингаас суутгуулах болон бусад осол аваар гаргасны улмаас орлогыг хувьдаа авснаа хүлээн зөвшөөрч нөхөн төлнө гэж удаа дараа бичиг хийж өгдөг. Бид ч хугацаа тохирч хүлээсэн боловч одоо болтол хохирол барагдуулахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Д.Э нь ажилд анх орсон өдрөөсөө хойш л байнгын алдаа дутагдал гаргаж байсан нь санхүүгийн баримтуудаар тогтоогддог бөгөөд Д.Э нь өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, бид ажиллах боломжоор нь хангаж тухайн өр төлбөрийг цалин дээрээс нь суутгаж байхаар ажиллуулсан боловч уг зөрчил дутагдал арилахгүй дахин гарч байсан ба өөрөө ажлаа орхиж сураггүй хэл чимээгүй явсан. Өр яаж үүссэн бэ гэхээр Д.Э нь өдөрт дунджаар 300-400,000 төгрөгийн бараа материал байгууллагаас авч гардаг ба үүний тодорхой хувийг буюу 20-50,000 төгрөг дутуу тушаадаг байсан ба үүнийгээ нэг бол зээлээр өгсөн. Нэг бол өөр шалтаг шалтгаан тоочиж өр гэж бичүүлж байсан. Тэр нь хуримтлагдсанаар ийм хэмжээний авлага үүссэн байна. Уг асуудлыг бол эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажилтан нь өөрөө хариуцахаар тодорхой тусгасан байдаг. Мөн бид зээлээр өгсөн гэх өөрийнх нь хэлсэн ААНБ-аар тулган баталгаажуулалт хийхэд өр төлбөртэй ААНБ байгаагүй. Манайх жил болгон аудит оруулж дүгнэлт гаргуулж санхүүгийн баримтуудаа баталгаажуулдаг. Гэхдээ уг аудитын дүгнэлт дээр бол ажилчдын талаар мэдээлэл байхгүй, байгууллагын ерөнхий бусад татвар, даатгал зэрэг байгууллагад ашигладаг дүгнэлт байгаа. Д.Э-ийн хувьд тухайн зөрчил дутагдлыг санхүүгийн баримтаар манай нярав, нягтлан бодогч нар тухайн өр авлагыг тогтоосон байгаа. Манай компанийн зүгээс Д.Э-тэй холбоотой төлбөрийн маргааныг бүрэн шийдвэрлэгдсэн тохиолдолд ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43х),
Гэрч Б.Т-ын /... ХХК-ийн нягтлан бодогч/: “...Манай ... ХХК нь 2015 оноос хойш ундаа жүүсний үйлдвэрлэл борлуулалт түгээлтийн үйл ажиллагаа явуулж байна. Манай ХХК-нд түгээгч жолоочоор Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажиллаж байсан ажилтан юм. Ажиллаж байх хугацаандаа буюу ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс хойш ... оны ... сарын хугацаанд ажиллах хугацаандаа харилцагч байгууллагуудаас зээл гэж гаргаж падаан өгч нийт 7,341,682 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хувьдаа завшсан байсан. Ингээд байгууллагад худлаа тооцоо нийлж зээл гэж хаалгаж байсан боловч үнэн хэрэг дээрээ харилцагч ААНБ-аас бэлнээр авчихсан байсан. Компанийн зүгээс уг асуудлыг шалгаж цалингаас нь суутгах нөхцөлтэй ажиллуулж байсан боловч уг зөрчил арилахгүй давтан ийм асуудал гарч байсан учир бид ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 45х),
Ингүүмэл Жаргалант Аудит ХХК-ийн хараат бус аудиторын: “...Түгээлтийн жолооч Д.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар “...” ХХК-д нийт 6,711,101.60 /зургаан сая долоон зуун арван нэгэн мянга нэг зуун нэг төгрөг жаран мөнгө/-ны өр төлбөрийг төлөх тооцоотой бөгөөд тус өр төлбөрийг тооцоо нийлж холбогдох акт баримтыг үйлдээгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 50-53х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Э нь ... ХХК-ийн борлуулалтын албаны түгээгчээр ажиллах хугацаандаа шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас тус компанийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос завшиж, 6,711,101.60 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ... ХХК-нд 6,711,101.60 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Э-ээс 6,711,101.60 төгрөг гаргуулж хохирогч ... ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулна. Эхнэр хоёр нялх хүүхдийн хамт амьдардаг, харж хандах хүн надаас өөр байхгүй. Эхнэр хоёр сартай жирэмсэн. Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм буруу дээр маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Э нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Д-ын Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с 6,711,101.60 (зургаан сая долоон зуун арван нэгэн мянга нэг зуун нэг төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулж, хохирогч ... ХХК-нд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ