Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/951

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт С-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001147 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  “...” ХХК-нд агуулах, тээвэр түгээлтийн албанд сэрээт ачигч машины жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт С-ын Ц (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжинд Г.Г “машин мөргөөд зугтаачихлаа” гэж шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын нэвт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 3-р шүдний эмтрэл, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1х), хохирогч Г.Г-ийн мэдүүлэг (хх-ийн 7х), гэрч С.Н-ийн мэдүүлэг (хх-ийн 12-13х), гэрч Т.С-ын мэдүүлэг (хх-ийн 15х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6348 дугаартай дүгнэлт (хх-ийн 17-18х), шүүгдэгч С.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 34х), ... ХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 35-36х), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хх-ийн 37х), гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 38х), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 40х), Голомт банкны дансны хуулга (хх-ийн 42-44х), шүүгдэгч С.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-31х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжинд Г.Г-ыг “машин мөргөөд зугтаачихлаа” гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1х),

Хохирогч Г.Г-ын: “... Би 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжинд зогсож байсан ... улсын дугаартай Toyota AQUA маркийн машиныг шүргэсэн. Тэгээд уг машины эзэн болох жолооч нь машинаасаа бууж ирээд намайг машинаасаа бууж амжаагүй байхад зүүн гараараа намайг нэг цохисон. Тэгээд замын цагдаа дуудсан байсан. Тухайн үед би согтуу байсан. Замын цагдаа бид хоёрыг дагуулж яваад уг залуугийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээнд оруулж үнэлүүлсэн. Уг машиныг үнэлүүлэхэд уг жолоочид 953,000 мянган төгрөгийн хохирол учирсныг миний бие 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр барагдуулсан болно. Тухайн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжинд намайг цохиход миний уруул цоороод мөн нэгээс хоёр шүд хөдөлж эмтэрсэн. Намайг татаж буулгах үйлдэл хийгээгүй, шууд машинаасаа бууж ирээд л цохисон, тэрний дараа татаж буулгасан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг (хх-ийн 7х),

Гэрч С.Н-ийн: “... 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ...  дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хашааны үүдэн дээ улсын дугаартай Toyota AQUA маркийн машинаа зогсоосон байсан. Тухайн үед машин мөргөсөн чимээ гараад хартал манай машины жолооч талын хаалган талаас мөргөөд зугтаасан байсан тул араас нь манай нөхөр С.Ц хүү бид гурав машинтайгаа хөөгөөд ... дүүргийн ... дугаар хороо, усан сангийн хойд талд барьж авсан. Манай нөхөр С.Ц очоод “Чи миний машиныг мөргөөд зугтаачихлаа ш дээ” гэхэд тухайн хүн “би танай машиныг мөргөөгүй” гээд байсан. Манай нөхөр тэр залууг зугтаачихна гээд машинаас нь гаргаж ирэх гээд цонхоор нь татахад бууж ирэхгүй байсан тул манай нөхөр ахиж буулгах гээд татаж байгаад цохисон. Тэгээд тэр залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд манай нөхөр С.Ц Замын цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13х),

Гэрч Ч.С-ын: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед

...улсын дугаартай Тоёота Акуа машин мөргөчихлөө гэх дуудлагын дагуу  ... дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дүгээр гудамжинд дуудлагаар очсон. Тухайн үед хэргийн газарт очиход ... улсын дугаартай амьжиргаа цагаан портер нь ... улсын дугаартай Тоёота Акуа машиныг мөргөөд зугтаасан гээд С.Ц нь зогсож байсан. Тухайн үед амьжиргаа цагааны жолоочийн уруулаас цус гарсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6348 дугаартай:

Хэсэг газрын үзлэг хэсэгт: “...Г.Г-ын дээд уруулын баруун тал овойж хавдсан, гадна талд 1,4х0,3см хүрэн өнгийн тав тогтсон, дотор талдаа 1,5х0,6см язарсан зах ирмэг нь тэгш бус өнгөр тогтсон ангайсан нэвт шархтай, үүдэн дээд баруун 3-р шүд үзүүл хэсгээр эмтэрсэн, хүрэхэд эмзэглэлтэй.

Дүгнэлт хэсэгт: “...Г.Г-н биед дээд уруулын нэвт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 2021.07.13-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 17-18х),

Шүүгдэгч С.Ц яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хашааны урд талд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Toyota AQUA маркийн машинаа хашааныхан үүдэнд тавьсан байсан. Тухайн үед машин дотор манай хүүхэд Ц.Э маань сууж байсан чинь гэнэт ... улсын дугаартай амьжиргаа цагаан миний машиныг мөргөөд зугтаасан. Араас нь өөрийн машинаараа хөөгөөд усан сангийн орчмоос барьж авсан. Машинаасаа бууж очоод “Чи миний машиныг мөргөчхөөд зугтаачихлаа” гэхэд тэр залуу “Би мөргөөгүй” гээд байхаар нь заамдаад буулгах гэтэл машинаасаа буухгүй байсан. Тэгэхээр нь машинаас нь ахиж буулгах гээд хүчтэй татах үедээ цохисон. Тэгээд машинаасаа буугаад ирсэн. Бууж ирээд хэсэг хугацаа өнгөрсний дараа амаа бариад цус гараад байх шиг байсан. Би бууж ирснийх нь дараа замын цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30х) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч С.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч намайг зүүн гараараа цохисон гэж худал хэлсэн байна, би солгой гартай хүн биш. Би санаатай цохиогүй, машинаас буулгах явцад цохигдсон байх, санамсаргүй байдлаар гэмтэл учирсан” гэсэн байдлаар мэдүүлсэн ч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй, үгүйсгэгдсэн байна.

Тухайлбал, хохирогч Г.Г нь “...С.Ц нь шууд машинаасаа бууж ирээд л цохисон, тэрний дараа татаж буулгасан. Намайг цохих үед миний уруул цоороод 1-2 шүд хөдөлж эмтэрсэн” гэж мэдүүлсэн бол гэрч С.Н нь “...манай нөхөр тэр залууг зугтаачихна гээд ...татахад бууж ирэхгүй байсан тул ахиж буулгах гээд татаж байгаад цохисон” гэж, мөн шүүгдэгч нь өөрөө мөрдөн байцаалтад “...тухайн жолооч нь машинаас буухгүй байсан тул ахиж буулгах гээд хүчтэй татах үедээ цохисон” гэж мэдүүлцгээсэн байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл, шүүгдэгч С.Ц өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан даруйдаа зугтаасан иргэн Г.Г-ыг машинаас буулгах оролдлого хийх явцдаа цохиж гэмтэл учруулсан талаар мэдүүлцгээснээс бус хохирогч Г.Г-ыг машинаас татаж буулгах явцад юманд цохигдож, санамсаргүй байдлаар гэмтэл учирсан талаар мэдүүлээгүй байх ажээ.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн хэдий боловч шүүгдэгчийн дээрх шалтгаанаар бусдыг цохиж буй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, шүүгдэгч С.Ц нь хохирогчийн хууль бус үйлдэлд дургүйцлээ илэрхийлэн түүний бие махбодод нь халдаж цохисон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Ц-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч С.Ц-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Г.Г нь эмчилгээ оношилгоо хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, нөгөө талаас шүүгдэгч С.Ц нь хувийн байдлын хувьд, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн тэрбээр ... ХХК-нд ачигч машины жолоочоор ажилладаг, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээр нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Г.Г нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ц-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ