Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/989

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч Г.Мөнхтүвшин (томилолтоор),

хохирогч Ю.О-ын өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт У-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108015321254 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын 5 дугаар баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол ... байр ... тоотод түр оршин суух, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг эдлээгүй, Х овогт У-ын Х (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.Х нь интернет зарын дагуу Ю.О холбогдож утсаар болон цахим зурвасаар “би 300 адуутай түүнээсээ унагатай гүү 12-ыг худалдана, уг адуунуудыг ... аймгаас ачаад аваад ирж байна, түлшний мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... байрны ... тоотод байхдаа ... оны ... дугаар сарын ...-ны өдөр 1.500.000 төгрөг, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр 400.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлснийг А.Б-ийн Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан залилан авч Ю.О-д  нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ю.О-ын Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, Ю.О болон У.Х нарын хоорондоо харилцсан мессенжер чатууд, өргөдөлд хавсаргасан банкны дансны хуулга, А.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар (хх-ийн 3-4х, 6-8х, 11-12х, 15-18х), хохирогч Ю.О-ын мэдүүлэг (хх-ийн 26-27х), гэрч А.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 35-36х), гэрч Б.Ө-ын мэдүүлэг (хх-ийн 62х), шүүгдэгч У.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-ийн 63х, 71-75х, 77-79х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 64х), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хх-ийн 65х), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдийн 5а/1074 дугаартай “У.Х-д холбогдох ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол тус албаны мэдээллийн санд бүртгэлгүй” тухай албан тоот (хх-ийн 69х), шүүгдэгч У.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-52х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Х нь иргэн Ю.О-ын тавьсан “унагатай гүү авна” гэсэн интернэт зарын дагуу Ю.О холбогдож, утсаар болон цахим зурвасаар “би 300 адуутай түүнээсээ унагатай гүү 12-ыг худалдана, уг адуунуудыг ... аймгаас ачаад аваад ирж байна, түлшний мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр худал ярин хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... дүүргийн ...  дугаар хороо, ...  дугаар хороолол ... байр ... тоотод байхдаа 1.500.000 төгрөгийг, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ...  дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэр, ...  байрлах ...  шатахуун түгээх газрын дэргэд 400.000 төгрөгийг тус тус А.Б-ийн Хаан банкны ... дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч, Ю.О-д  нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ю.О-ын ... дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 3-4х),

Ю.О болон У. нарын хоорондоо харилцсан мессенжер чатууд, өргөдөлд хавсаргасан банкны дансны хуулга (хх-ийн 6-8х, 11-12х)

А.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “......-...-нд 1.500.000 төгрөг, ...-...-...-нд 400.000 төгрөг орлого болж орсон тухай (хх-ийн 15-18х),

Хохирогч Ю.О-ын: “...Би ... оны ... дугаар сард өөрийн фейсбүүк цахим хаягаас “малын зар” гэсэн группт “адуу авна” гэх зар байршуулсан. Тэгсэн ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу залгаад өөрийгөө ... гэж танилцуулан холбогдож улмаар ... оны ... дугаар сарын ... -ны өдөр өөрийгөө  Б гэх фейсбүүк цахим хаягаас 300 адуутай, тэр адуунаас хэсэг адууны зураг харуулсан. Мөн  одоо худаг дээр байгаа адууны зураг гээд 4 зураг илгээхээр нь хартал тухайн адуунууд нь хонгор зүсмийн адууны зураг байхаар нь “видео колл хийж авах адуугаа харъя” гэтэл “одоо дата байхгүй байна, яг ачихдаа залгаад харуулъя, бүгд ижил тамгатай адуунууд байгаа” гэхээр нь алаг гүү байгаа юу гэж асуухад “зарах боломжгүй” гэсэн. Тэгээд манайх унаа байхгүй, яаж очиж авах уу гэтэл би өөрөө том машинтай хүргээд өгнө, тийм болохоор манай зүгээс ачиж ирэх түлшний зардлыг дааж 12 унагатай гүү худалдаж авахаар тохиролцсон. Тэр Б гэх залуу адуугаа ачих гээд хөдөө явах гэсэн чинь машины дугуй байхгүй байна, хүнд дугуй захиалах гэж байгаа юм, дугуйны 1,500,000 төгрөгийг миний Хаан банкны ... тоот данс руу шилжүүлчих гэсэн. Тухайн үед миний бие мотоциклын дугуй авахаар Улаанбаатар хотод ирсэн байсан бөгөөд ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод дүүгийнхээ гэрт байхдаа өөрийнхөө Хаан банкны ... дугаартай данснаас Б гэх хүний тухайн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоног ямар нэгэн сураг чимээ холбоо бариагүй. Тэгсэн удалгүй тэр Б дугаарын утаснаас дахин холбогдож, 12 унагатай гүү, 5 азарган үрээ ачиж явна, одоо С аймгийн М сумаас мал эмнэлэг болон цагдаагийн газраас тодорхойлолт авна, регистрийн дугаар, овог нэр, гэрийн хаягаа мессежээр явуулаарай гэхээр нь би мессежээр явуулсан. Тэгээд удалгүй ахиж над руу залгаад Налайхад ирсэн байна, гар утасны цэнэг дуусаад байна гээд ... дугаараас ярьсан. 2 унага өлдөөд муудаад байна, Налайхад манай хуурай ах байдаг юм, тэднийд очиж малаа сэргээгээд амраагаад явъя гэсэн. Маргааш нь буюу ...  оны ...  дугаар сарын ... -ны өдрийн өглөө залгаад түлшний 400,000 төгрөг шилжүүлчхээрэй гэхээр нь би мөн Б-ийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш надтай ахиж холбоо бариагүй, алга болоод надтай холбогдож байсан гар утасных нь дугаар нь холбогдохоо больж, фейсбүүк хаяг нь ч идэвхгүй болсон. Би тэр хүнээс 12 гүү, 12 унаганы хамт буюу нийт 24 тооны адуу мал авах гэж тохиролцсон. 1 гүү, 1 унагыг 1,200,000 төгрөгөөр нийт 14,400,000 төгрөгөөр худалдаж авахаар уг нь тохиролцсон байсан юм. Б нь ... аймгийн ... сумаас тухайн тооны адуунуудаа ачаад С аймгийн Н суманд авч ирэх ёстой байсан. Тэр Б гэх этгээд нь надтай ...  дугаарын утаснаас холбогдож хаан банкны ... дугаарын дансаар нит 1.900.000 төгрөгийг  адуу зарна гэж худал хэлж залилан мэхэлж авсан тул уг этгээдийг олж,  намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27х),

Гэрч А.Б-ийн: “... оны ... дугаар сарын ... -ны өдөр ажил болох ... товчоонд байж байхад манай найз болох Х юнителийн нэг дугаараас миний ... дугаарын утас руу ...  цагийн үед залгаад “хөгшөөн дансаа өгчих, би интернэт банкаа блок хийсэн, чиний дансанд мөнгө хийчихье, тэгэхгүй бол заавал банк орох ажил гараад байна” гээд миний ...  тоот дансны дугаарыг аваад ... данснаас миний дансанд 1,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд надаас 2-3 цагийн дараа 1,500,000 төгрөгөө аваад явсан. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өглөө над руу юнителийн дугаараас залгаад андаа хаана байгаа юм, яваад очъё гээд ... нэртэй бензин колонк дээр байхад хүрээд ирсэн. Тэгээд ирчхээд андаа дансаа өгчих, мөнгө хийчихье гээд нөгөө ... данснаас дахин 400,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд мөнгөө аваад явсан. Манай эхнэр Ө нь Х-ийн эхнэр А-тэй  ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамт ажилладаг. Тэгээд танилцаад 1 жил гаруй болж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36х),

Гэрч Б.Ө-ны: “...Надтай хамт ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамт сувилагч ажилтай найз болох А-ийн нөхөр гэж мэднэ. Би А гэх найз бүсгүйтэйгээ 2016 оноос хойш хамт нэг эмнэлэгт ажилладаг болсноор танилцаж байсан. Энэ хугацаанд А нь Х залуутай танилцаж гэр бүл болж, хүүхэдтэй болсон юм. Улмаар би өөрийн гэр бүлийн хүн Б-тэй 2019 онд танилцуулснаас хойш бид гэр бүлийн найзууд болцгоосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 62х),

Шүүгдэгч У.Х-ын яллагдагчаар өгсөн: “... оны ... дугаар сарын ...-ны өдөр Цахим орчинд фейсбүүкээр унагатай гүү худалдаж авна гэсэн зарыг О гэсэн хаягаас оруулсан байхаар нь би зар байршуулсан дугаарын утас руу холбогдож “миний бие ... аймгийн ... суманд байна, надад зарах 12 унагатай гүү байна” гэж хэлээд нэг унагатай гүүг 1,200,000 төгрөгөөр тооцож утсаар ярьж тохиролцоод би ... сумаас ... аймгийн ... суманд хүргэж өгье гэж хэлээд урьдчилгаа мөнгө 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авахаар болсон. Тэгээд би тухайн үед О-аас шилжүүлэн авах мөнгийг авах гэсэн боловч ... данс байхгүй байсан учраас гэр бүлийн найз Б-тэй утсаар холбогдож найз нь хүнээс мөнгө шилжүүлэн авах гэсэн чинь миний карт болохгүй байна, надад дансаа явуулаач гэж хэлээд Б-ийн ...  данс руу шилжүүлэн авсан. Дараа нь ... оны ... дугаар сарын ... -ний өдөр ...О-тай дахин холбогдож Б гэх найзынхаа дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Б энэ талаар огт мэдэхгүй, би хүнээс мөнгө авах гэж байгаа гэж л хэлсэн, түүнээс энэ асуудалд огт хамаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч У.Х нь өөрийн гэсэн эд хөрөнгө, мал ахуйгүй атлаа хохирогчийн “унагатай гүү авна” гэсэн зарыг харсан даруйдаа түүний хэрэгцээ шаардлагыг өөрт олгогдсон боломж хэмээн ойлгож, хохирогч руу өөрийн нэрээр бус бусдын нэрийг тодруулбал, найз А.Б-ийн нэрийг ашиглан харилцаж, хохирогч руу янз бүрийн адуу, гүү, унаганы зургийг илгээж, зарах гэж байгаа хэмээн худал хэлж, одоо ачаад явж байна, удахгүй аваачиж өгнө гэх мэтээр хохирогчид итгэл төрүүлэн түүнээс 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,900,000 төгрөгийг өөрийн найз А.Б-ийн дансаар шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь анхнаасаа хохирогчоос мөнгө авах гэсэн санаа зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн хуурамч зураг илгээх, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиож ярьсан, худал хэлсэн шинжтэй байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч У.Х-ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч У.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ю.О-д 1,900,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг шүүгдэгч У.Х гаргуулж, хохирогч Ю.О-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч У.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч У.Х-ын үйлдсэн хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тус хуулиар хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулагдсан байгаа тул уг зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. Ингэхдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг зүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэснийг харгалзан хянаж үзсэний үндсэн дээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т зааснаар дүйцүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “миний буруу, маш их гэмшиж байна. Хохирлоо ажил хийж төлж барагдуулна. Иймд өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч У.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэргүүдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол ялыг дүйцүүлэн хасах, өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөхөөр заагаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч У.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу тэрбээр өмнө залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн атлаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.Х-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг биелүүлээгүй байх тул нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 320:8=40 хоног буюу 1 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч У.Х-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч У.Х-д оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүргийн ... дүгээр хороо

... тоотод оршин суугаа хаягаа өөрчлөх үүргийг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар санаа санаачилга гаргаагүй, хохирол төлөгдөөгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Х нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Х-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 320:8=40 хоног буюу 1 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-д оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 (нэг) жил 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Шүүгдэгч У.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-оос 1,900,000 (нэг сая, есөн зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ю.О-д олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ