Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/953

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Х- ын У- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт эрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000001238 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...өдөр ... хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, дүү, найз охин нарын хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, С овогт Х-ын У /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.У нь согтуурсан үедээ, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо  ... тоотод иргэн Д.Д “хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед уруулд язарсан шарх, зовхинд цус хуралт, хэвлий, цээж, хүзүү, өвдөгт зулгаралт, бугалганд цус хуралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Д-ийн мэдүүлэг (хх-ийн 11-13х), гэрч Н.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 16х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6539 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-27х), шүүгдэгч Х.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 40х, 43-44х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 57х), шүүгдэгч Х.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн Д.Д-тэй “аваагүй гар утсыг авсан гэж гүтгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нуруу, цээж хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөн зодож, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, зовхинд цус хуралт, хэвлий, цээж, хүзүү, өвдөгт зулгаралт, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Д-ийн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод эхнэр Б болон түүний найз Б болон Б, У нарын хамт очиж архи уусан. Архи уугаад байж байхад манай эхнэрийн гар утас алга болчихоор нь би У хандан “манай эхнэрийн гар утас хаана байгаа юм бэ” гээд асуухад “би танай эхнэрийн гар утсыг ломбардад тавьж архи уухгүй” гээд бид хоёр маргалдсан. Энэ үед манай эхнэр согтоод унтаж байсан бөгөөд тухайн үед манай эхнэрийн гар утсаар У хүнтэй ярьж байсан юм. Би буруу ойлгоод У-гаас гар утсаа асуусан юм байна лээ. Тэгсэн манай эхнэрийн гар утсыг гэрийн эзэн залуу аваад явсныг би гэрийн эзнийг ирэх хооронд У-аас  гар утас асууж бид хоёр маргалдахад миний нүүр ам руу гараараа цохиж газар унагаад ар нуруу, хэвлий хэсэгт өшиглөсөн. Энэ үед Б боль гээд салгасан. Маргаан дууссаны дараа гэрийн эзэн залуу манай эхнэрийн гар утсыг бариад хүрээд ирсэн. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн, эмчилгээ хийлгээгүй. Х.У-аас  ямар нэгэн эд зүйл нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13х),

Гэрч Н.Б-ийн: “...пиво хувааж ууж дуусгаад байж байтал Д нь У-аас  гар утас өг гээд уурлаад байхаар нь би энэ дотроос чиний гар утсыг авах хүн байхгүй, Ө чиний утсаар хүнтэй яриад хүнд юм өгчхөөд ирнэ гээд явсан гэж хэлтэл Д миний үснээс зулгаасан, тэгсэн У уурлаж босож ирээд Д-г хэд хэдэн удаа толгой руу нь гараараа цохисон бөгөөд тухайн үед Б ах салгах гэж дундуур нь ороод салгасан. Д нь тухайн үед их согтуурхаж гар утас өг гэх мэтээр хүн бүр лүү дайрч давшилж байсан. Тэгээд У, Д хоёр хоорондоо зодолдоод байсан. Харин Б ямар нэгэн байдлаар зодолдож маргалдсан асуудал гаргаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6539 дугаартай шинжээчийн: “...Д.Д-ийн биед уруулд язарсан шарх, зовхинд цус хуралт, хэвлий, цээж, хүзүү, өвдөгт зулгаралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 26-27х),

Шүүгдэгч Х.У-ын: “..миний гар утсаар тэд нар дуу сонсож байхаар нь Д-ийн гар утсыг Ө-д өгч явуулаад манай найз охины машины түлхүүр өгчих гээд явуулсан. Тэгээд байж байхад Д манай эхнэрийн гар утсыг аваад ир, та нар хулгай хийчихсэн юм уу гээд согтуурхаад байхад нь би Д хандан Ө аваад явчихсан, одоо хүрээд ирнэ гэж хэлсэн чинь үгүй та нар нийлж хулгай хийсэн байна гээд дайраад байхаар нь Д хандан бид нар тийм хүн биш гээд гэрт маргалдаж байгаад нүүр лүү нь гараараа 1 удаа цохиод 2 удаа алгадаад газар унахад нь нуруу, цээж, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Гэрээс гараад хашаан дотор гэрийн үүдэнд дахиж маргалдаад заамдалцаад газар унахад Б ирээд салгасан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Тэгээд байж байхад Ө ирээд Д-ийн гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Д.Д нь хамт архи уусан хүмүүсээ гар утасны хулгайд хардсаны улмаас бусадтай маргалдсан байх бөгөөд түүний энэхүү үйлдэлд дургүйцсэн шүүгдэгч Х.У нь хохирогч Д.Д-ийн нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Х.У-ын бусдын эсрэг хүч хэрэглэж буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, түүний үйлдлээс хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.У нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Х.У-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Х.У-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Х.У-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Х.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ