Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/985

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогт Э-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108019471344 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол ... дугаар байр, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт Э-ын Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцны гадна талд хохирогч М.Т-ыг “ээжтэй архи уулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд ханын хугарал зүүн доод зовхи, зүүн хацар шанаа, нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн суга, цээжинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5х), хохирогч М.Т-ын мэдүүлэг (хх-ийн 12-13х, 15х), гэрч Д.Г-ийн мэдүүлэг (хх-ийн 16-19х), гэрч Н.Ж-ийн мэдүүлэг (хх-ийн 26-27х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7512 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-35х), шүүгдэгч Э.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 62х), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 63х), ... ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 64х), хохирогч М.Т2ын хүсэлтүүд (хх-ийн 83х, 87х), шүүгдэгч Э.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцны гадна талд хохирогч М.Т-ыг “ээжийг нь уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар болон биеийн бусад хэсгүүдэд цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн доод зовхи, зүүн хацар шанаа, нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн суга, цээжинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5х),

Хохирогч М.Т-ын: “...Би ... оны ... дугаар сарын ...-ны орой ... цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд 0,500 граммын хэмжээтэй .... нэртэ пиво хоёрыг уучхаад унтаж байтал 21 цаг өнгөрч байхад эхнэр маань сэрээгээд дэлгүүр орчхоод ирье гээд дуудсан. Би эхнэртэйгээ гарсан ба эхнэр маань дэлгүүр орсон, би тухайн дэлгүүрийн гадаа шатан дээр сууж байхад зүс таних залуу ирээд шууд баруун гараараа миний нүд лүү цохисон. Би тухайн үед хойшоогоо савж унасан ба намайг газар хэвтэж байхад гараараа болон хөлөөрөө дэвсээд цохиод байсан. Тухайн залуу намайг яагаад зодсоныг мэдээгүй. Шатан дээр сууж байхад юу ч хэлэлгүй зодсон. Намайг анх  орцноос гарч  ирэх үед  үүдний сандал дээр нэг эмэгтэй, мөн манай орцны жижүүр ах хоёр пиво уугаад сууж байсан. Тэр намайг зоддог Г гэх залуу намайг ээжийг нь уруу татаад хамт архи ууж байна гэж андуураад намайг зодсон гэсэн. Тухайн үед орцны жижүүр ахтай уугаад сууж байсан эмэгтэй нь тэр намайг зодсон Г-ийн ээж нь юм билээ. Тэгээд удалгүй манай эхнэр дэлгүүрээс гарч ирээд намайг зодуулсан байхыг хараад цагдаагийн  байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би тухайн үед эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэхэд болон эм тариа авахад 300 гаран мянган төгрөг болсон. Энэ баримт нь байхгүй. Хойшид үүдэн шүдээ эмчлүүлэхэд 1,500,000 төгрөгийн зардал хэрэгтэй байгаа. ******* надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо учраа олж эвлэрсэн. Надад хойшдоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13х, 15х),

Гэрч Д.Г-ийн: “... оны ... дугаар сарын ...-ны орой  гэртээ ... цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр унтаж байсан ба би нөхрөө сэрээгээд засварт байгаа машинаа авчхаад ирье гэж хэлээд аваад гарсан. Тэгээд гарах үед ... цаг ... минут болж байсан ба дэлгүүр хаах гээд байхаар нь нөхрийгөө орцны үүдэнд үлдээгээд би дэлгүүр орчхоод ирсэн. Дэлгүүрт ороод байж байтал нөхөр маань залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би тэр даруй шууд нөхөр лүүгээ очсон ба тухайн зодсон хүн нь манай нөхрийн хажууд байсан. Би очоод яаж байгаа юм бэ гэхэд намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд цагдаа дуудлаа гэхэд яваад өгсөн. Манай нөхрийн нүүрний зүүн хэсэг их хэмжээний хавдартай, шүд нь хөдөлсөн, цохиулаад унахдаа толгойгоороо унасан болохоор ар дагз хэсгээс цус гарсан, хүзүү, эгэм, болон суга хэсгээр хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-19х),

Гэрч Н.Ж-ны: “...Би ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... СӨХ-д орцны жижүүр ажилтай. Тэгээд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дугаар байрны ...-р орцыг цэвэрлэчхээд ... цаг өнгөрч байхад орцныхоо үүдэнд гарч ирээд сууж байхад нэг хүүхэн лаазтай пиво уугаад сууж байсан ба намайг та уух уу гэхэд нь би уухгүй гэсэн. Бас нэг манай байрны оршин суугч залуу орцны үүдэнд сууж байсан ба гэнэт нэг үл таних залуу гарч ирээд сууж байсан залууг шууд цохиод авчихсан. Тэгээд тухайн залуу цохиулаад шууд газар уначихсан ба хамар болон амнаас нь маш их хэмжээний цус гарсан байсан. Нөгөө цохисон залуу намайг зодох гээд дайраад байхаар нь би шууд зугтаагаад гүйчихсэн. Тэгээд өглөө нь зодоон болсон газар очтол тухайн газар маш их хэмжээний цус асгарсан байхаар нь би тухайн газрын цэвэрлэсэн. Тухайн зодсон залуу нь орцны үүдэн дээр пиво ууж байсан эмэгтэйн хүүхэд нь гэж байсан. Тэгээд сууж байсан залууг ээжтэй нь хамт уулаа гэж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7512 дугаартай:

“1. М.Т-ын биед зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн доод зовхи, зүүн хацар шанаа, нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн суга, цээжинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 33-35х),

Шүүгдэгч Э.Г-ийн яллагдагчаар өгсөн: “... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...цаг өнгөрч байхад миний аав Э бид хоёр хөдөө явчхаад ... дүүргийн ...  дүгээр хороо ... -р байрны ... тоотод байрлах гэртээ ирэхэд манай ээж Ш.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нэлээн согтуу байсан. Манай ээж Ш.Э ер нь архи уудаг архины хамааралтай хүн байгаа юм. Тэгээд ааваас хэрүүл өдөөд байхаар нь би ээжид хандан “та байнга архи уучхаад бие муутай ааваас минь хэрүүл өдөхөө больчихож болдоггүй юм уу” гэхэд манай ээж Ш.Э гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би сэтгэлээр унаад өрөөндөө нуусан байсан 200 граммтай Хараа архийг гаргаж ирээд ганцаараа уусан. Тэгээд оройн хоолоо хийх гээд цаг орой болсон болохоор дэлгүүрээс хэрчсэн гурил авахаар гараад гурилаа авчхаад гэртээ орох гээд явж байтал манай ээж Ш.Э хажуу талын орцны үүдэнд хоёр эрэгтэй хүнтэй пиво уугаад сууж байхаар нь би очоод ээжийн хажууд сууж байсан үл таних залууг манай ээжтэй хамт пиво ууж байна гэж бодоод тэр үл таних залууг ямар нэгэн үгийн зөрөөгүй зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Тэр үл таних залуу буюу М.Т ах намайг алгадахад хойшоогоо хашлага даваад унасан ба газар унасан байхад нь дээрээс нь баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Мөн нуруу цээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг тэнд пиво ууж байсан ах салгасан. Би тэр ээжийн хажууд сууж байсан Т ахыг ээжтэй хамт архи ууж байна гэж буруу ойлгоод шууд цохиж зодсон. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Г нь орцны үүдэнд эхнэрээ хүлээн сууж байсан хохирогч М.Т-ыг ээжтэй нь хамт архи ууж байна гэж андуурч түүний нүүрэн тус газарт болон биеийн бусад хэсгүүдэд цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд уг хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Г нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “хохирлыг барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсаргуулсан (хх-ийн 87х) байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь Э.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Э.Г-д  танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Г-ийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Э-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ