Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/959

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108016561304 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ХХК-нд ахлах гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Д (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч “Э.Д нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тэй “хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж улмаар биед хуйханд зөөлөн эдийн няцрал, зовхи, хамар, хүзүү, мөрөнд цус хуралт, хүзүү, цээж, бугалага, шуунд зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.З-ын мэдүүлэг (хх-ийн 9-12х), гэрч М.Э-ын мэдүүлэг (хх-ийн 14х), гэрч Б.Т-ийн мэдүүлэг (хх-ийн 16х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 6536 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23х), шүүгдэгч Э.Д-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31х), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 41х), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 42-44х), ... ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 45х), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хх-ийн 48х), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хх-ийн 49х), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хх-ийн 51х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 52х), шүүгдэгч Э.Д-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 61х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тай “хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, биед нь “хуйханд зөөлөн эдийн няцрал, зовхи, хамар, хүзүү, мөрөнд цус хуралт, хүзүү, цээж, бугалага, шуунд зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.З-ын: “...Би ... дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гарамд байдаг хадам ээж О-ийн гэрт ... оны ... дугаар сарын ...-ний өдөр хадам аав Э, хадам ээж Т нарын хамт очиж хоносон. ... оны ... дугаар сарын ...-ны өглөө ... цагийн орчимд манай хадам дүү Э.Д ирсэн ба хадам аав М.Э-тай маргалдаж барьцалдаж авахаар нь би болиулах гэж дундуур нь ортол Э.Д нь надад ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд миний нүүрэн тус газар луу хоёр гараараа ээлжлэн 10 гаран удаа цохисон. Намайг зодчихоод хадам ээж Т-ийн хамт яваад өгсөн. Харин би яагаад намайг зодсон талаар тодруулах зорилгоор ... дүүрэгт байдаг гэрт нь очиход гэртээ байхгүй байсан бөгөөд толгой өвдөж хамраас гарсан цус нь тогтохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэг орсон. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байна, нарийн шинжилгээ өгөөд ир гэсэн...Миний биед учирсан гэмтэл нь одоо эдгэрч зүгээр болсон. Тухайн үед надад зовуурь нэг их байгаагүй болохоор эмнэлэгт үзүүлээгүй. Э.Д нь надаас уучлалт гуйж эвлэрсэн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-12х),

Гэрч М.Э-ын: “...манай эхнэр Т нь Д-ыг дуудсан юм байна лээ. ... цагийн орчим Д ороод ирсэн байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна, сэрэхэд Д нь орон дээр Э.З-ын дээр нь гарчихсан цохилцож байсан. Хаашаа нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Э.З-ын хамраас цус гарчихсан тогтохгүй байсан. Тэгээд Д, Т нар түрүүлээд явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14х),

Гэрч Б.Т-ийн: “... оны ... дугаар сарын ... -ны өдөр өглөө ... цагийн орчим бие эвгүйрхээд хүү болох Д-ыг дуудахад ирсэн. Д нь ирээд тэр айлд орсноо манай ээжийг яагаад зовоогоод байгаа юм гээд нийт дунд нь орилсон. Тэгтэл хүргэн Э.З баруун талын орон дээр сууж байснаа босож ирээд Д-тай  барьцалдаж аваад орон дээр ноцолдоод цохилцож байсан. Тэгэхэд З доор нь  орсон, дээрээс нь Д цохиж байсан. Тэгээд би хүү болох Д-г татаж аваад ээжийнх нь бие муу байна явъя гээд Д бид хоёр явсан. Д нь Э.З-ын толгой нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж байсан. Их л хурдан болоод өнгөрсөн болохоор хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 6536 дугаартай: “...Э.З-ын биед хуйханд зөөлөн эдийн няцрал, зовхи, хамар, хүзүү, мөрөнд цус хуралт, хүзүү, цээж, бугалага, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23х),

Шүүгдэгч Э.Д-ны: “..Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүрийн 05 цагийн орчим гэртээ унтаж байхад манай ээж болох Т намайг ирээд авчих, миний бие муудаад байна, ээж нь ... дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гармын ойролцоо байрлах айлд байна ирээд авчих гэхээр нь би гэрээсээ гараад явах замдаа ээж рүүгээ залгаж очих замаа заалгаж очиход манай аав Э зүүн талын орон дээр сууж байсан. Гэрийн эзэн зүүн хойно газар унтаж байсан. Хүргэн З баруун орон дээр сууж байсан. Би гэрт нь ороод манай аав болон хүргэн З нар сэрүүн байхаар нь “та нар ямар сонин юм бэ, хөгшин залуугүй архи ууж байх юм” гэхэд З баруун талын орноос босож ирээд надтай барьцалдаж аваад намайг хоёр удаа миний нүүрэн тус газарт цохисон. Би З хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Намайг тэнд байсан хүмүүс салгаад ээж намайг татаад гаръя гэхээр нь би ээжийг аваад гэр лүү нь хүргэж өгчхөөд ажил руугаа явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 61х, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Д нь хохирогч Э.З-ыг “настай хүмүүстэй архи уулаа” гэх шалтгаанаар цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан хууль бус үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.Д-ны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Э.Д-нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Э.Д-нд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Д-ны хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Д-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-нд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-нд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ