Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1480

 

Ц.Хантулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00620 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ц.Хантулга,  С.Тунгалаг нарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч “Асар протертиз” ХХК болон “Тектоник” ХХК нарт холбогдох

 

            Орон сууцны талбайн зөрүү 34 503 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 8 007 571 төгрөг, нийт 42 510 571 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

Ц.Хантулгаас алданги 97 124 328 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                           Ц.Хантулга

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч                             Б.Цэцэнбилэг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Ч.Мөнх-Ачит

 Хариуцагчийн өмгөөлөгч                                    Ц. Жавхлантөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: 

Миний бие “Тектоник” ХХК-ийн барьсан “Асар пропертиз” ХХК-ийн борлуулж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхонд байрлах орон сууцнаас 180.1 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв 2 100 000 төгрөгөөр тооцон худалдан авахаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А2/1403, 1404 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу нийт төлбөр болох 378 210 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа өгөөгүй. Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн баримт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд уг орон сууцны нийт талбайг 179.5 м.кв хэмжээтэй гэж тусгасан байдаг ч байрыг 2014 оны 8 дугаар сард хүлээн авахдаа “Асар пропертиз” ХХК-ийн инженерээр хэмжүүлэхэд 174 м.кв талбайтай байна гэж гарсан тул энэ тухай актад тусгасан. Талбайн хэмжээний хувьд бараг зөрүүгүй гэж ойлгосон тул 2014 оны 8 дугаар сараас хойш гомдол гаргаагүй байсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд миний худалдаж авсан байрны нийт талбай 163.67 м.кв буюу гэрээнд заасан талбайгаас 16.43 м.кв-аар бага болох нь тогтоогдсон. Хариуцагч орон сууцны талбайн хэмжээг худал мэдэгдэж 16.43 м.кв хэмжээний талбайд 34 503 000 төгрөгийг илүү төлүүлсэн байна. Би байрны төлбөрийг төлөхдөө Голомт банкнаас 235 000 000 төгрөгийг жилийн 15 хувийн буюу сарын 1,25 хувийн хүүтэйгээр зээл авч төлсөн. Хариуцагч байгууллага талбайн хэмжээг илүүгээр тооцож надаас 34 503 000 төгрөгийг илүү төлүүлснээс би энэ хэмжээнд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 8 007 571 төгрөгийг зээлийн хүүд төлөөд байна. Иймд талбайн зөрүү 34 503 000 төгрөг, зээлийн хүүд илүү төлсөн 8 007 571 төгрөг нийт 42 510 887 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Хантулга, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа:

Анх 2012 онд уг байрыг захиалахад  зөвхөн нэхэмжлэгч Ц.Хантулгатай гэрээг байгуулсан ч хожим улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа уг байрны 1403 тоот нь Ц.Хантулга миний нэр дээр, 1404 тоот нь эхнэр С.Тунгалагийн нэр дээр хоёр салж гарсан. Манай байр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувьд хоёр тусдаа гэрчилгээтэй боловч нэг хаалгаар ордог, нэг айл юм. Түүнчлэн нэг гэрээний дагуу захиалсан орон сууц тул нэхэмжлэгч бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээнээс тус бүрд дутсан хэмжээг тодруулах шаардлагагүй, боломжгүй зүйл юм. Манай байрны талбайн хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсанаар тооцвол нийт 179.5 м.кв байгаа. Орон сууц хүлээлгэн өгсөн актад талбайн хэмжээг 174 м.кв гэдгийг зөвшөөрч авсан тул энэ хэмжээгээр шаардах эрхээ алдсан гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь шаардах эрхээ бүхэлдээ алдсан гэсэн үг биш. Хариуцагч гэрээний дагуу 180.1 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй ч дутуу гэдгийг ойлгож харилцан тохиролцож 174 м.кв хэмжээтэй гэдэгт итгэж хүлээн авсан.  Гэтэл зөвшөөрч хүлээн авсан энэ хэмжээнээс ч илүү бага байгааг  дахин хэмжилт хийлгэснээр мэдсэн тул тэр хэсгээр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцыг хүлээлгэн өгөхөд зөвшөөрсөн хэмжээ болох 174 м.кв хэмжээнээс тооцвол 10.33 м.кв талбайн зөрүү гарч байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр талбайн хэмжээ 162.72 м.кв  болохыг тогтоосон боловч бид анхны нэхэмжлэлдээ тооцсон хэмжээ болох 163.67 м.кв хэмжээгээр талбайн зөрүүг тооцон нэхэмжилж байна. Мөн талбайн зөрүүг багасгаж байгаа тул түүнд ногдох хүүг адил хэмжээгээр бууруулж, 10.33 м.кв талбайн зөрүү 21 693 000 төгрөг, хүүнд 5 032 125 төгрөг, нийт 26 725 125 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Хантулга нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Хансвилл хотхоны А2 дугаар байрны 1 дүгээр орцны 1403, 1404 тоотод орших, 180.1 м.кв орон сууцыг 378.210.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №А2/1403,1404 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээг байгуулагдахаас өмнө Ц.Хантулга нь барилгын зураг төсөл, орон сууцны талбай, үнэ, байршил зэрэг орон сууцтай холбоотой бүхий л мэдээлэлтэй бүрэн танилцснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох замаар хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн актад орон сууцны талбайн хэмжээг 174 м.кв талбайтай болохыг дурдсан байгаа. Эндээс нэхэмжлэгч нь уг орон сууцны доголдлыг мэдэж хүлээн авсан гэдэг нь тогтоогдож байх тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр гарсан талбайн хэмжээнд маргахгүй ч уг байр хоёр тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул нэхэмжлэгч тус бүрийн өмчлөлийн талбайн хэмжээнээс хэд дутаж байгаа нь тодорхойгүй, энэ тухай баримтгүй байна. Мөн нэхэмжлэгч нь банкнаас зээл авах, хүү төлөх нь манайд хамааралгүй. Иргэний хуульд зааснаар зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөгөө талаасаа шаардах эрхтэй тул учирсан хохиролд хүүний зөрүү мөнгийг тооцох үндэслэлгүй байна. Иймд Ц.Хантулгын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас дэмжиж гаргасан тайлбартаа:  

“Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК нь иргэн Ц.Хантулгатай 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг байгуулсан. Гэрээгээр орон сууцны төлбөр 378 210 000 төгрөгийг 4 хувааж тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.5-д төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан. Тэрээр 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 113 463 000 төгрөг,  2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 235 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 29 747 000 төгрөг төлж, гэрээгээр тохирсон 2, 3 дахь шатны төлөлтийг хугацаа хэтрүүлсэн байна. Иймд гэрээнд 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 113 463 000 төгрөг төлөх ёстой ч 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн тул 458 хоногийн алданги 51 966 054 төгрөг, дараагийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 113 463 000 төгрөг төлөх ёстой ч 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн тул 398 хоногийн алданги 45 158 274 төгрөг нийтдээ 97 124 328 төгрөгийг Ц.Хантулгаас гаргуулж өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд төлбөрийг төлсөн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс тоологдох тул хугацаа дуусаагүй, шаардах эрхээ алдаагүй гэж үзэж байна. Мөн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар тусгаснаас төлбөр төлөх гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт оруулсан зүйл биш тул алданги нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Хантулга нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр энэхүү алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  Түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны тооцоог нийлж, 235 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Уг актаар үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохиролцсоноор гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг талууд нэмэлтээр харилцан тохиролцсон гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл гэрээний төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоосон. Уг тохиролцооны дагуу Голомт банкнаас зээлийн төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.4, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас 21 693 000 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 5 032 125 төгрөг гаргуулах тухай болон нэхэмжлэгч Ц.Хантулгаас алданги 97 124 328 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 524 төгрөг, хариуцагч нараас төлсөн 266 415 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 266 415 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах гомдолдоо:..."Асар Пропертиз" ХХК, "Тектоник" ХХК болон иргэн Ц.Хантулга нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10-р сарын 31-ний өдрийн Орон сууц захилан бариулах А2/ 1403,1404 дугаартай гэрээний дагуу Ц.Хантулга нь орон сууцны төлбөр 378 210 000 төгрөгийг 4 тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.5-д төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан. Ц.Хантулга нь 2012-11-28-нд 113 463 000 төгрөг, 2014-04-24-нд 235 000 000 төгрөг, 2014-04-28-нд 29 747 000 төлж, гэрээгээр тохирсон 2,3 дахь шатны төлөлтийг хугацаа хэтрүүлсэн. Иймд гэрээний дагуу 2013-01 -20-нд 113 463 000 төгрөг төлөх ёстой ч 2014-04-24-нд төлсөн тул 458 хоногийн алданги 51 966 054 төгрөг, дараагийн төлбөрийг 2013-03-20-нд 113 463 000 төгрөг төлөх ёстой ч 2014-04-24-нд төлсөн тул 398 хоногын алданги 45 158 274 төгрөг нийт 97 124 328 төгрөгийг Ц.Хантулгаас гаргуулах тухай байсан. Талууд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж үндсэн үүргийн хугацаа сунгагдсанаар нэмэлт үүрэг болох алдангийн хөөн хэлцэх хугацааг энэ өдрөөс тооцох нь зөв юм. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Түүнчлэн тооцооны үлдэгдлийн баталгаанд заавал алданги тусгах шаардлагагүй. Алдангийг хуулийн дагуу шаардаж байгаа. Ц.Хантулга хугацаа хожимдуулж үүргийг гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрдөг ба энэ тухай маргадаггүй. Ийм учраас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Хантулга,  С.Тунгалаг нар хариуцагч “Асар протертиз” ХХК болон “Тектоник” ХХК нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 21 693 000 төгрөг, зээлийн хүүд 5 032 125 төгрөг нийт 26 725 125 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж, Ц.Хантулгаас алданги 97 124 328 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлэхэд 174 м.кв болж байгаа ба худалдан авсан 180.1 м.кв талбайгаас 10.33 м.кв-аар дутуу байгаа үнийг, талбайн зөрүү үнийн зээлд төлсөн хүүгийн хамт гаргуулна” гэж тайлбарласан байна. 

 

  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Хантулга нь “Асар протертиз” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А2/1403, 1404 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхонд байрлах орон сууцнаас 1403, 1404 тоот 180.1 м.кв талбайтай бүхий орон сууцыг нэг м.кв-ыг 2 100 000 төгрөгөөр тооцон худалдаж авах, гэрээний үнэд 378 210 000 төгрөгийг төлөх, захиалагч дээрх 1403, 1404 тоот орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.                  /хх 15-16 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 000308811 тоот гэрчилгээгээр Ц.Хантулга нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхон Их Монгол Улс гудамж 103 дугаар байрны 1404 тоотод хаягт байрлалтай 72.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр,      / хэргийн 8 дугаар тал/

 

С.Тунгалаг нь мөн өдрийн 000308812 тоот гэрчилгээгээр  С.Тунгалаг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхон Их Монгол Улс гудамж 103 дугаар байрны 1403 тоотод хаягт байрлалтай 107.10 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна.         / хэргийн 25 дугаар тал/

 

Талууд 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр дээрх гэрээгээ өөрчлөн  Ц.Хантулга нь 103/1404 тоот, С.Тунгалаг 103-1/1403 гэрээг  “Асарпрпертиз” ХХК болон “Тектоник” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулж, Ц.Хантулга нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 103 дугаар байрны 1404 тоотод орших 2 өрөө орон сууцанд 153 300 төгрөг төлөх,

 

С.Тунгалаг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 1403 тоот 3 өрөө орон сууцанд 224 910 000 төгрөг төлөх, захиалагч нь 2014 оны 1 дүгээр улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөхөөр тус тус тохирсон байна.

                               /хэргийн163-166 дугаар тал/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талууд 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд худалдаж авах орон сууцныхаа тус тусын байрлал, дугаарыг зааж, тус бүрийн орон сууцны төлөх үнийн дүнгийн хэмжээг тохиролцжээ.  

 

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрчлөн байгуулсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх ба шинээр өөрчилсөн гэрээндээ нэхэмжлэгч нар хэдэн м.кв талбайтай орон сууцыг худалдаж авч байгаа талаараа тохироогүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

 

Худалдагч талын худалдсан хөрөнгө нь биет байдлын болон эрхийн зөрчилтэй буюу доголдолтой тохиолдолд худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан. 

 

Худалдан авагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг үндэслэсэн байх бөгөөд дахин шинэчилж байгуулсан гэрээгээр талбайн хэмжээг тохиролцоогүй байгаа нь анх тохиролцсон хэмжээгээс талбайн хэмжээ бага байж болох талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд өөрчлөн байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нарын “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас 21 693 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн хүүд нэхэмжилсэн 5 032 125 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр шаардсан алдангид 97 124 328 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дүгээр сарын 21-ний 183/ШШ2017/00620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.4, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас 26 725 125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нарын үндсэн нэхэмжлэл, Ц.Хантулгаас алданги 97 124 328 төгрөг гаргуулах тухай “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Тектоник” ХХК-аас төлсөн 643 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО