Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0460

 

“Ю.м.м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, өмгөөлөгч Г.Г,

Нэхэмжлэгч: “Ю.м.м” ХХК

Хариуцагч: “Э.ү.” Т..,

Хариуцагч: “Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Э.ү. Т..-т холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан Хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ../2022071008 дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэр 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г,

Хариуцагч “Э.ү.” Т..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.Б, И.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 119/2023/0013/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК нь “Э.ү.” Т.., ““Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Э.ү.” Т..-т холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан Хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ../2022071008 дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК-ийн “Э.ү.” Т.., тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, өмгөөлөгч Г.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: 

3.1. “...“Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ НЬ хэсгийн 1 дэх заалтаар: “Ю.м.м” ХХК-ийн “Э.ү.” Т.., Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ... нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсүгэй.” гэж “Э.ү.” Т.. болон Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Хариуцагч “Э.ү.” Т.. нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГЕ117-12/2475 дугаартай итгэмжлэлээр “...захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э.ү.” Т..-ыг төлөөлөн оролцох бүрэн эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн хуулийн хэлтсийн хуульч Б.Л, Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсгийн дарга Б.Б, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн И.Б нарт итгэмжлэн олгов. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гардаж авах болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эвлэрэхээс бусад эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно,” итгэмжлэл олгосон. Дээрх итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн шаардлага гардуулсан.

3.2. “Э.ү.” Т..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, И.Б нар нь “Э.ү.” Т..-ыг төлөөлөн хариу тайлбараа гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг “Э.ү.” Т..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Б, И.Б нарт гардуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

3.3. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс “Э.ү.” Т.. болон “Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн хэрнээ зөвхөн хариуцагч “Э.ү.” Т..-т нэхэмжлэлийн хувийг гардуулан, тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч хариуцагч Тендерийн үнэлгээний хороог шүүхэд дуудан ирүүлээгүй, нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй буюу хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Мөн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгснийг хариуцагч “Э.ү.” Т..-т гардуулан өгөөгүй.

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 119/Ш32023/0080 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжийн биелэлтийг хангуулан хариуцагч “Э.ү.” Т..-ын Тендерийн үнэлгээний хороонд нэхэмжлэлийг гардуулан, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан, бичгээр тайлбар авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Гэвч Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119/Ш32023/0147 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна”, 56.1.1 дэх хэсэгт “хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж энэ тухай баримтжуулах” гэж заасны дагуу хариуцагч “Э.ү.” Т..-ын тендерийн үнэлгээний хороог шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, түүнээс хариу тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгснийг хариуцагчид гардуулан өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр www.belaz.by сайтад үзлэг хийсэн бөгөөд уг вэбсайт нь орос болон англи хэл дээр үзэх боломжтой, монгол хэл гэсэн сонголтгүй хуудас байсан. Гэтэл уг сайтыг орос болон англи хэл дээр ямар нэгэн орчуулагч оролцуулалгүйгээр шинжлэн судалсан төдийгүй түүнийгээ шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

3.7. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан “Хөдөлгүүрийн хүчин чадал 1080-1180 квт чадалтай хөдөлгүүр буюу тухайн хөдөлгүүрийнхээ чадлыг зааж өгсөн. 1194 квт буюу 14 квт-аар илүүг нь татгалзаж байгаа үндэслэл нь илүү чадалтай тухайн автомашины даац хөлийнхөө чадлаас хамаараад илүү чадалтай хөдөлгүүр гаргаж байгаа юм бол тухайн автомашины даац өндөр байх ёстой. Хөдөлгүүрийн чадал нь өндөр байвал даац нь өндөр байх ёстой. Гэтэл ирүүлсэн тендер нь хөдөлгүүрийн чадал нь илүү мөртлөө даац нь хамгийн бага буюу 140 тонны даацтай машин байсан. 140 тонн ч биш албан ёсны сайт дээр 136 тонны даацтай гэсэн үзүүлэлттэй байгаа. 1600 морины хүч гэдэг нь тухайн үед хөдөлгүүрийн гаргаж байгаа чадлыг Морины хүч буюу европын болон Америкийн нэгдсэн системд хамааруулж үзэхдээ 1600 морины хүч заавал хөдөлгүүрийн хүчин чадалд хамааруулж явдаг байсан. 1600 морины хүч гэдэг нь хөдөлгүүрийн чадалтай харьцуулсан морины хүчээр илэрхийлсэн нэгж нь. Хүч илүү гэдэг маань хөдөлгүүрээс гаргаж байгаа чадал буюу эргэлтийн момент өндөр байна. Эргэлтийн момент өндөр гэдэг нь тухайн хүчийг дамжуулаад гаргаж байгаа машин маань тэр хэмжээгээрээ даац өндөртэй буюу үйлдвэрийн уулын нөхцөлд бүтээмж өндөр байх ёстой гэдэг утгатай. Тийм болохоор илүү чадалтай мөртлөө хамгийн бага даацтай, хамгийн бага хурдтай автомашин санал болгож байгаа нь эдийн засаг хувьд бүтээл багатай гэсэн үг. Бүтээл гэдэг маань нэг рессийг хийх хурд хурдатгал, дундаж хугацаа тухайн авто машины даац юм.” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.” гэсэн нь үндэслэлгүй юм.

3.8. Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900rpm, 1082-1180кw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлага тавьсан. Манай компанийн санал болгосон техник нь 1194кw, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 1598 морины хүчтэй байхаас 2 морины хүчээр илүү буюу 1600 морины хүчтэй, 1180кw чадалтай байхаас 14кw-аар илүү буюу 1194кw. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй юм. Илүү чадалтай хүчтэй хөдөлгүүртэй байснаар ажлын бүтээмж үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

3.9. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” гэж заасны дагуу “Ю.м.м” ХХК нь Беларусь улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Белаз-холдинг” холдингийн толгой компани “Белаз” НХК-ийн №43.7/411-1 дугаартай Өөрийн үйлдвэрлэл эрхлэх “ГЭРЧИЛГЭЭГ” тендерт ирүүлжээ”, “...Тус гэрчилгээ нь “Белаз-холдинг” холдингийн толгой компани “Белаз” НХК хавсралтанд байгаа “Белаз” маркийн автомашиныг өөрөө үйлдвэрлэлд хамрагдахыг баталсан баримт байна. Гэрчилгээний хавсралтын 41 дугаарт “Белаз 7513D” маркийн автосамосвал нь “90 тонн”-ын даацтай автосамосвалын жагсаалтад байгаа нь нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “Даац: 140-150 тонн” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байна.’’, “...Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар техникийн тодорхойлолтод заасан автосамосвалын даацын шалгуур дээр мэтгэлцдэг ба хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн дагуу “Веlaz.Ву” гэсэн сайтыг нотлох баримтын хүрээнд үзэхэд нэхэмжлэгч компанийн тендерт ирүүлсэн “Белаз 7513D” маркийн автосомосвал нь 130-136 тоннын даацтай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг техникийн тодорхойлолтын шалгуурыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн нь үндэслэлгүй юм.

3.10. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сиди бичлэгт бус www.tender.gov.mn сайтад шууд үзлэг хийлгэх саналыг тавьсан боловч шүүх үүнийг хүлээж авалгүйгээр Сиди бичлэгт үзлэг хийсэн. Үндэслэл болоод байгаа гэрчилгээ дээр 90 тонн гэж харагдаж байгаа гэх дүгнэлт нь үндэслэлгүй. 90 тонн гэсэн хэсгээс 160 тонн хүртэлх даацын машинуудын загварын дугаарууд авагдсан байхад дараагийн хэсэг нь 160 тонн гэж эхэлж байгаа, нэхэмжлэгчийн санал болгож байгаа машин нь өмнөх 90 тонн гэсэн үзүүлэлтэд хамаарна гэж үзсэн нь үндэслэлгүй. Албан ёсны сайт дээрээ ч танилцуулга дээрээ ч Веlaz 7513D загварын автосамосвал нь 90 тонн даацтай биш гэдэг нь тодорхой харагддаг. 90 тоннын даацтай биш гэдэг дээр хариуцагч тал ч санал нийлдэг. Хариуцагч гагцхүү 140 тонн биш 136 тонн гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс Веlaz 75130 загварын автосамосвал 140 тонн даацтай болох каталогоо өгсөн. Мөн албан ёсны сайт дээрээ уг Веlaz 7513D загварыг 140 тонн болгон сайжруулсан загварыг захиалж болох талаар тодорхой бичсэн байдаг. Мөн нэхэмжлэгч талын зүгээс Монгол Улсад зориулан Веlaz 7513D загварын автосамосвалыг 140 тонн даацтай үйлдвэрлэж, нийлүүлэх “Белаз Холдинг” ХХК-иас “Ю.м.м” ХХК-нд хүргүүлсэн үнийн саналыг шүүхэд гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

3.11. “Э.ү.” Т..-аас манай “Ю.м.м” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/496 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Уг ажлыг гүйцэтгэхээр танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангахгүй байна...,” гэх шийдвэрийг ирүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Монгол Улсын Сангийн Яамнаас “Э.ү.” Т..-т 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигтээ “...“Юнайтед мерес машинери” XXК тендерт “хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт 1600 морины хүчтэй буюу 14 квт болон 2 морины хүчээр илүү, хурдны хайрцаг нь хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй” автосамосвал санал болгосон бөгөөд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.4-т заасны дагуу тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй талаар тайлбар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2301-74 тоот албан бичиг ирүүлсэн байх тул тус компанийн санал болгосон автосамосвалын техникийн үзүүлэлтийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэх нь зүйтэй байна. Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Трансвест Монголиа” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хянан үзлээ. Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай”. Үүнд: 2020, 2021 оны аль нэг жилд хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлж байсныг ойлгоно. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан байна. “Трансвест Монголиа” ХХК тендерт “Эрдэнэс Монгол” ХХК, “Багануур” ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМГЛ-53/ХХАГ-14/20200823 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай техникийн комиссын акт ирүүлсэн боловч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т заасан “... гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт)-ыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” ирүүлээгүй байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/495, ДУ-112-12/496 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж тодорхой дурдсан.

3.12. “Ю.м.м” ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл нь үндэслэлгүй талаар тодорхой дүгнэлт хийж хүргүүлсээр байхад “Э.ү.” Т.. нь дахин яг ижил үндэслэлээр тендерт шалгаруулаагүй нь үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2023/0015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК нь “Э.ү” Т.., “Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, “Э.ү.” Т..-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Э.ү. Т..-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан Хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ../2022071008 дугаартай тендерт “Ю.м.м” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Э.ү.” Т..-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 119/ШЗ2023/0080 дугаар захирамжаар хариуцагч “Эрдэнэ үйлдвэр” Т.., “Э.ү.” Т..-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

 

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Э.ү. Т..-т холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан Хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТ../2022071008 дугаар тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” гэж тодруулсан байна.

 

2.3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “Э.ү.” Т..-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг авсан атлаа хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд буюу тус хорооны дарга Д.Б-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, бичгээр хариу тайлбарыг аваагүй байна.

 

2.4. “Э.ү.” Т..-ын ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 10 дугаар хавсралтаар Хүнд даацын өөрөө буулгагч автомашин /ЭҮТ../2022071008/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна.

 

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э.ү.” Т..-ын ерөнхий захирлаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГЕ-117-12/2475 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э.ү.” Т..-ыг төлөөлөн оролцох итгэмжлэлийг Автотээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсгийн дарга Б.Б, Хуулийн хэлтсийн хуульч Б.Л, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн И.Б нарт 3 жилийн хугацаатай олгосон ба уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хариуцагч Үнэлгээний хороог төлөөлөн оролцсон гэж үзэхгүй.

 

2.6. Учир нь Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой тендерийг зохион байгуулж, шийдвэр гаргах эрх бүхий субъект бөгөөд нэхэмжлэгчээс тухайн этгээдийг хариуцагчаар тодорхойлсон байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж бие даан тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байтал анхан шатны шүүх энэ эрхээр хангаагүй нь буруу болжээ.

 

2.7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг анхан шатны шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийгээгүй атлаа энэ талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчихөд хүргэжээ.

 

2.8. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 8.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.9. Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад www.belaz.by гэх гадаад хэл дээрх сайт руу нэвтэрч үзлэг хийж, нотлох баримтаар шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй, мөн баримтыг баталгаажуулан хэрэгт хавсаргаагүй атлаа дүгнэсэн байх тул “...шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулсан гэж үзэх эргэлзээтэй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй ба ямар баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

 

2.11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн дагуу ирүүлсэн эсэхийг шалгах бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд захиалагчаас “Хүнд даацын өөрөө буулгагч автомашинд тавигдах Техникийн тодорхойлолтод Хөдөлгүүрийн хүчин чадал: 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй 4 тактын усан хөргөлттэй, турбинтэй гэж, Хурдны хайрцаг: Автомат хурдны хайрцагтай, урагш 6-с багагүй, ухрах 2-с ихгүй шатлалтай эсхүл түүнтэй дүйцэх. Даац: 140тн-оос 150тн-ын хооронд” гэж тодорхойлсон, харин “Ю.м.м” ХХК-иас ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолтод “хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт, 1600 морины хүчтэй, хурдны хайрцаг хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй” гэж тус тус тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч компанийн тендерт ирүүлсэн Белаз 7513D маркийн автосомосвалын даацын талаар талууд зөрүүтэй тайлбарлаж байна.

 

2.12. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ю.м.м” ХХК-иас “Э.ү.” Т..-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг илт хууль бус болгох шаардлагын үндэслэлээ “Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлага тавьсан. Харин манай компанийн санал болгосон техник нь 1194 kw, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй” гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх тул тендерт оролцогчийн санал болгосон автосомосвал захиалагчийн техникийн тодорхойлолтоор шаардсан 140 тн-ын даацтай болох нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 90 тн-ын даацтайд хамаарагдах хүснэгтэд нэхэмжлэгчийн санал болгосон Белаз 7513D бичигдсэн боловч талууд 136 тн-ын даацтай гэж тайлбарлаж байгааг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох боломжтой эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй.  

 

2.13. Нөгөөтээгүүр, хүнд даацын өөрөө буулгагч автомашинд тавигдах Техникийн тодорхойлолтод заасан Даац: 140тн-оос 150тн байх шаардлагыг нэхэмжлэгчээс ирүүлсэн автосомосвалын даац хангаж байгаа талаар хэргийн оролцогч нараас харилцан адилгүй тайлбарлаж, бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байхад “Ю.м.м” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль тогтоомжид нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд шүүх хариуг өгөх боломжгүй байна.  

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй. шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хээг хянан ш

 

ийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт

 өсөн, шүхуулийг Ул тайлбараас өөрөөр тайлбар

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА