Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/999

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000001323 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Т аймгийн Б суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Т аймгийн Б сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ы С (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн гадна иргэн Б.Д-ыг “найз охинтойгоо хардаж” улмаар толгойн тус газар нь дорцовоор цохиж биед зулайн хуйханд шарх гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Дын мэдүүлэг (хх-ийн 6х, 35х), гэрч Ү.Б-н мэдүүлэг (хх-ийн 36х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7473 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 14-15х), шүүгдэгч Г.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 22х), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 46х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 48х), шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-30х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн гадна хохирогч Б.Д-ыг н.А гэх охинтой хардаж, түүний толгой руу нь дроцовоор цохиж, биед нь “зулайн хуйханд шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Д-ын: “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлын газрын дүү Г хамт яваад хүнтэй уулзаадахъя гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны авто худалдааны төв рүү дагуулж явахад А гэх охин угаалгын газраас гарч ирээд машинд суусан. Г, А хоёр машинд юм яриад сууж байсан ба би жолоочийн хажууд урд суудалд утсаараа оролдоод сууж байхад гэнэт миний хаалга онгойгоод гаднаас нэг залуу хөлөөрөө миний цээж хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Би гайхаад буугаад иртэл 3 залуу байсан. Тэгээд намайг өшиглөсөн залуу нь миний толгой руу дроцовоор цохисон бөгөөд миний толгойноос их хэмжээгээр цус гарсан. ...Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд сүүлд нь асуухад “уучлаарай, найз охинтойгоо хардаад андуураад цохичихлоо” гээд надад эмчилгээний төлбөр 540,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 6х, 35х),

Гэрч Ү.Б-н: “...Би С-тай 2021 оны 03 дугаар сард угаалгын газарт хамт ажиллаад танилцсан. Түүнээс хойш найзалж нөхөрлөж байгаа. Тухайн хэрэг маргаан болох үед С манай ахын найз Ө-ийн угаалгын газарт угаагчаар ажиллаж байсан. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр С дээр очиход С найз охин Агийн хамт угаалгын газартаа байсан. Тухайн өдөр С А, Эрболд бид дөрөв угаалгын газрын ажилчдын өрөөнд хонохоор болсон. Гэтэл унтах болоход С-ын найз охин утсаараа оролдож байгаад гэнэт би ер нь харилаа гэж хэлсэн. С ч орой шөнө болсон хойно явж яах гээд байгаа юм гэж хэлэхэд А гараад гүйчихсэн. Араас нь С гарсан. С-ыг гарсны дараа Эрболд бид хоёр 10 минутын дараа араас нь гарахад угаалгын газрын хажууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвийн гадаа спорт загварын жижиг тэрэг зогсчихсон, С жолоочийн хажуу талын урд хаалгыг онгойлгож таарахад А хойд хаалгыг онгойлгоод гараад гүйчихсэн. Тэгээд С гэнэт уг суудал дээр сууж байсан 20 гаран насны эрэгтэйг хөлөөрөө гуя руу нь жийсэн. Гэтэл цохиулсан залуу нь төмөр бейсболын цохиур аваад бууж ирээд С-ыг хэд хэдэн удаа цохиод зөрүүд нь С дроцовоороо тухайн залуугийн толгой руу цохиод цус гараад байсан. Тэгээд би угаалгын газар руу орчихсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 36х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7473 дугаартай шинжээчийн: “...Б.Д-ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 14-15х),

Шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах ... авто угаалга гэх нэртэй газарт угаагчаар ажиллаж байсан. Би тухайн хэрэг маргаан болохоос өмнө А гэх охинтой фейсбүүкээр танилцаж, чаталж харьцдаг болсон. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А чатаар харилцаад манай угаалгын газарт ажилд орохоор ирсэн. Би А-г угаалгын газартаа ажиллуулаад өгье гэж хэлж байсан. Тухайн өдөр А бид хоёр угаалгын газарт ажилласан. Гэтэл орой манай найз Б манай ажил дээр ирээд бид гурав ажлын цаг дуусаад угаалгын газрын амралтын өрөөнд амарч байсан. А утсаараа оролдоод хүнтэй чаталж байгаад 23 цаг орчим “би явлаа, харилаа, гадаа манай найзууд ирж байгаа” гэж хэлэхээр нь орой шөнө болсон байхад ганцаараа яваад хэрэггүй эсхүл хоноод яв эсхүл захиралтай хамт яваад гэртээ хүргүүл гэж хэлэхэд А гараад явчихсан. Тэгээд араас нь гартал А жижиг спорт загварын машинд суугаад явчихсан. Уг машин нь жоохон явж байгаад Авто худалдааны төвийн ойролцоо самбарын хажууд зогсчихсон. Тухайн үед би Аг орой үдэш танихгүй хүнтэй яваад асуудал үүсэх вий гэж бодоод араас нь очоод жолоочийн эсрэг талын урд хаалгыг тогшсон чинь А арын суудлаас буусан. Яг буух үед жолоочийн эсрэг талын хаалга онгойгоод дотроос нь үл таних залуу Аг “хөөе” гээд дуугарах шиг болсон. Тэр үед би уг суудал дээр сууж байсан залууг хөлөөрөө жийсэн. Тэгээд тухайн залуу шууд машинаасаа буугаад бейсболын цохиураа гаргаж ирээд цохих гээд далайх үед миний халаасанд төмөр дроцов байсан ба уг дроцовоороо толгой руу нь цохичихсон. Тэгээд уг залуугийн толгойноос цус гараад намайг Б татаж салгасан. Цусыг нь тэр дор нь угаагаад гэмтэл рүү явж оёдол тавиулаад тэр өдрөө томографын зураг авхуулна гэж уг залуу надаас 200,000 төгрөг авсан. Би Д-т нийтдээ 540,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Би Д-ын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Д-ыг “фейсбүүкээр танилцсан А-тэй хамт явах гэлээ” гэх шалтгаанаар толгой руу нь дроцовоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан хууль бус үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд “хохирлын 540,000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Г.С-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Г.С-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.С-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ы С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ