Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЧЙ62071165 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, дэнжийн 73а-12  тоотод оршин суух, Шийжан бадрах овогт Лувсанбатын Хажидсүрэнгийн хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Хажидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Хажидсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын Э.Х.Газрын харьяа яслийн 8 дугаар системийн 32 дугаар яслид сувилагчаар ажиллаж байсан. Тус 32 дугаар яслид 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус яслийг татан буугдтал 8 жил 8 сар ажилласан юм. Одоо тэтгэвэрт тогтоолгохоор материал бүрдүүлэхэд тус яслид ажиллаж байсан талаарх бичиг баримт шүүлгэхэд гарч ирэхгүй учир 32 дугаар яслид сувилагчаар ажиллаж байсан байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Хажидсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хүсэлтэд уг үйл явдлыг  тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл ядвлыг тогтооход ач холбогдол бүхий байримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлж, хүсэлтэд дурдсан үйл ядвлыг тогтооход шаардлагатай баримт бичиг байхгүй талаарх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 533 тоот Үндэсний төв Архивын газрын баримтыг хавсарган ирүүлсэн байна.

Хүсэлт гаргагч нь 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа, яслийн 8 дугаар системийн 32 дугаар яслид асрагч, сувилагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 365614 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслийн 8 дугаар системийн эрхлэгчийн 1 тоот “Ажилд томилох тухай” тушаал, фото зураг, гэрч Ц.Бийбиш, Ц.Балжинням нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Л.Хажидсүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ЧИ62071165 регистрийн дугаартай, Шийжан бадрах овогт Лувсанбатын Хажидсүрэнг 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харьяа яслийн 8 дугаар системийн 32 дугаар яслид асрагч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ