| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00423/И |
| Дугаар | 00544 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг зураагийн 4 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух, Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-29-ний өдөр хүлээн авч, 2016-11-30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1968 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрж өссөн, нялх бага насандаа эхээсээ өнчрөн хоцорч, тухайн үед төрсний баримт бичгийг авч ирээгүй насаа дарж сургуульд орсноос төрсөн оныг буруу бичиж ирсэн, улмаар сургуулиа төгсөж чадалгүй 14 наснаас мал маллан 1983 оны 02 дугаар сарын 30-наас 1985 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд хоньчноор тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1968 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрснийг сэргээн тогтоолгох, 1983 оны 02 дугаар сарын 30-наас 1985 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцэг 1983 оны 02 дугаар сарын 30-наас 1985 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болох нь гэрч С.Амарсанаагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байх тул хангаж шийдвэрлэв. Харин 1968 онд төрснийг тогтоолгох тухай хүсэлтийг хангахаас татгалзав. Учир нь нэхэмжлэгч 1968 онд төрсөн гэж байгаа боловч нотлож чадаагүй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/3526 дугаартай тодорхойлолтонд “Барамын Алтанцэцэг 1971 оны 02 дугаар сарын 21-нд төрснийг 1971 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн” гэсэн байх тул хангахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангав.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцэг 1983 оны 02 дугаар сарын 30-наас 1985 оны 07 дугаар сарын 01-ний хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13.т заасныг баримтлан Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцгийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН