Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1841

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ..... регистрийн дугаартай, Д.С-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн ............. регистрийн дугаартай, Д.Т, 

Хариуцагч: Монгол улсын иргэн ........ регистрийн дугаартай, Н.Б нарт холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Т, Д.У нарын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гүнт” зусланд байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий 2 иргэний эзэмшлийн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бтай байгуулсан. Дээрх гэрээний 2-д зааснаар гэрээ байгуулсан өдрөө Д.Т.гийн эзэмшлийн газрыг 5.000.000 төгрөгөөр, Д.У-ын эзэмшлийн 5.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөгийн үнээр тохиролцож, төлбөрийг Н.Б-д бүрэн төлсөн. Гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг өгсөн өдрөө Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг бичгийн баримтуудыг өгч Д.Т-н газар эзэмших эрхийг өөрийн хүү Д.Б-н нэр дээр шилжүүлж эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлтээ гарган хөөцөлдсөөр 9 сарын хугацаа өнгөрч гэрээ биелэгдэх боломжгүй боллоо. Чингэлтэй дүүргийн Газрын албанаас дээр газрууд нь иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэхээр төлөвлөгдөөгүй, ногоон бүсэд хамаарагдсан газар учраас нэр шилжүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй та нар мөнгө төгрөгөө олж ав гэсэн. Иймд Д.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-тай байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзаж, гэрээний дагуу бэлнээр өгсөн 10.000.000 төгрөгөөс Д.БО 5.000.000 төгрөг, миний бие 2.000.000 төгрөгийг увуулж цувуулж авсан одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өнөөдөр хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл нь би нэхэмжлэгч С.Д гэгчийг огт танихгүй, уулзаж учирч байгаагүй болно. Бидний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ хийгдээгүй бөгөөд ийм эрхийг хэнд ч би олгоогүй болно. Иймд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Д.Тминий бие өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Өвөр гүнтэд байрлах 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газраа хэнд ч шилжүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд миний эзэмшилд хэвээр байгаа болно. Түүнчлэн миний бие С.Д нь надад 10.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн нотлох баримт нэхэмжлэлийн бүрдүүлбэрт байхгүй байна. Д.Т миний бие миний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Н.Б гэгчийг огт танихгүй бөгөөд түүнд өөрийгөө төлөөлүүлэх ямар ч эрх түүнд олгоогүй болно. Нэхэмжлэгч С.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нар нь миний иргэний эрх зүйн байдлыг дордуулж, ямар учраас зүс үл таних этгээдээр намайг төлөөлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв ямар нэгэн хууль бус үйлдэл, санаа сэдэлт байх аваас миний бие энэ талаар жич холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргах болно. Нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд ямар нэг үл ойлголцол болон төөрөгдлийн улмаас хариуцагчаа буруу тодорхойлсон байх гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад тодорхойлсон нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлтэй юм. Иймд С.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан ... энэ хуулийн 62 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Намайг хамтран хариуцагчаар татсан нь надад огт хамаагүй болон би зөвшөөрөхгүй. Бид гэрээ хийхдээ 10 сая төгрөг аваагүй худлаа гүжирдэж байна. Авсан мөнгөн дүн нийт 9 сая төгрөг юм. Хувийн ажлаар бараа материал татах учир удаан хугацаа шаардах тул шүүх хуралд оролцох боломжгүй учраас намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Т, Н.Б нарт холбогдуулан  “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг цуцалж гэрээний үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Н.Б-с татгалзсан болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, эрх шилжүүлэгч Д.Т нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт зуслан хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх үүрэг, эрх шилжүүлэн авагч С.Д нь гэрээ байгуулсан өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож хийгдсэн уг гэрээг Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд үндэслэн хийх хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.

Гэрээний агуулгыг тодорхойлж үзвэл нэг талаас гэрээнд заасан газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан “Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрын албанд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр хандсан боловч тус газар нь ойн сан бүхий газарт хамаарагдаж байгаа тул шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн, худалдагч эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний  үнэ 5.000.000 төгрөгөөс үлдэх 3.000.000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч Д.Т татгалзалын үндэслэлээ “... өөрийн эзэмшлийн газрыг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх итгэмжлэл олгоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н.Банзрагч нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Т-с олгосон итгэмжлэлээр Д.Т-н эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зуслан хаягтай 700 м.кв газар эзэмших эрхийг С.Д-ийн эзэмшилд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 57 дугаар тал/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэж зааснаар Д.Т нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зуслан хаягтай 700 м.кв газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, өмч газрын харилцааны албанд төлөөлөх эрх олгох хүсэл зоригоо илэрхийлэн Н.Б-д итгэмжлэл олгосон байх бөгөөд уг хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж зохицуулснаар энэхүү хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлөгч Н.Б-д бус гагцхүү төлөөлүүлэгч Д.Т-д үүснэ.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар эрх шилжүүлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, эрх хүлээн авагчид хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг тус тус үүсэхээр зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т “Газрыг эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид 5.000.000 /таван сая төгрөг/-ийн үнэтэйгээр шилжүүлэн авч байна. Төлбөрийг 2016.02.25-ны өдөр төлбөр тооцоо дуусгасан” гэж тохиролцсоноос үзэхэд нэхэмжлэгч нь үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, харин хариуцагч эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. /х.х-ийн 58-60 дугаар тал/

Иргэний хуульд гэрээнээс татгалзах үндэслэлийг 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохицуулсан бөгөөд 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээнд оролцогч талуудын үүрэг зөрчсөн эсэхээс үл хамаарч талуудад хэн алинд нь татгалзах боломжийг олгогдохоор зохицуулсан.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээс хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгах хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой байх тул нэхэмжлэгчийн эрхийг гэрээ байгуулахаас өмнөх байдалд нь сэргээж, гэрээний үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Т-с 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б-с татгалзсан болохыг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-с 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Л.ЭНХЖАРГАЛ