| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0071/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Ө.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө.Р-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 09-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Ө.Р
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Р нь 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 08 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багын ... гэртээ эхнэр Х.Т-тай маргалдаж, улмаар төмөр иштэй шүүрээр цохиж, баруун хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09-р сарын 02-ны өдөр 08 цагийн үед гэртээ очтол гэр маш замбараагүй, цэвэрлэгээ хийгээгүй байсан. Бас миний бага охин О орноосоо босоогүй хэвтэж байсан. Гэтэл охиныг Х.Т сэрээгээд “миний цүнх дотор байсан мөнгө алга болчихсон байна, охин чинь авчихсан байна” гээд намайг гарч зайл, хувцсаа аваад яв гээд байхаар нь би уурлаад гэрийн үүдэнд байсан хогийн шүүрийг аваад цохисон” гэжээ. /хх-ийн 51-52/
Шүүгдэгч Ө.Р шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 09 сарын 01-нд хөдөө маханд явсан. Шөнө нь тал ажиллаад өглөө үүрээр ирсэн. Тэгээд гэрт очоод түрүү өдөр нь гэдэс чанасан байсан. Тэгсэн охин чинь цүнхнээс мөнгө авчихаж гэсэн. Тэгэхээр нь би чи хэзээ байхдаа цүнхэндээ мөнгөтэй явдаг байсан юм гэж хэлсэн. Тэгээд чи гарч зайл гэхээр нь уурандаа харсан чинь хогийн шүүр харагдсан. Шүүр байхаар нь 1 удаа цохисон” гэжээ.
Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг ... тоотод өөрийн амьдардаг гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 08 цагийн үед миний нөхөр Р нь гаднаас ирээд намайг ална тална гээд хутга хайгаад явж байснаа хогийн шүүр бариад миний баруун хөмсөг орчимд цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад би түргэн дуудаж чадахгүй байж байгаад цагдаа дуудсан. Р нь өмнө нь хэд хэдэн удаа архи уучихаад зодож байсан, би тэр болгонд нь зугтаад гараад явчихдаг байсан. Би өмнө нь 2-3 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Юу болсон бэ гэвэл манай нөхөр хөнжил шатаагаад байхаар нь дуудаж байсан. Нөхөр агсан тавиад байна гэж дуудаж байсан. Миний гоо сайхан, нүд зэрэг эрхтнүүд зүгээр байвал санал хүсэлт байхгүй, ...манай нөхөр намайг цохиж зодож байгаагүй. Гэр бүлийн хоорондын хэрүүл маргаан л болдог байсан. надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохирлыг нөхөн төлсөн” гэжээ. ” гэжээ. /хх-ийн 14-15, 18/
Насанд хүрээгүй гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шүүр бариад цохих шиг болсон. Яг юугаар яаж цохсоныг гэрийн гадаа болсон болохоор сайн харж чадаагүй. Урьд нь ээжийг цохиж зодож байгаагүй. Гэр бүлийн хэрүүл ихэнхдээ ээжээс болдог. Сүүлийн үед их хэрүүлтэй байгаа” гэжээ. /хх-ийн 28-29/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /хх-ийн 4-8/
2021 оны 09-р сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-38/
2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 04/167 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:
- Х.Т-н биед гэмтэл тогтоогдлоо.
- Х.Т-н биед баруун хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
- Т-н биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 39-40/
Шүүгдэгч Ө.Р нь урьд эрүүгийн хариуцлага, захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54, 57-60/
Шүүгдэгч Ө.Р-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ө.Р нь 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 08 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багын ... тоот гэртээ эхнэр Х.Т-тай маргалдаж, улмаар төмөр иштэй шүүрээр цохиж, баруун хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Ө.Р-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ө.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний нөхөр Р нь гаднаас ирээд намайг ална тална гээд хутга хайгаад явж байснаа хогийн шүүр бариад миний баруун хөмсөг орчимд цохисон...манай нөхөр намайг цохиж зодож байгаагүй. Гэр бүлийн хоорондын хэрүүл маргаан л болдог байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохирлыг нөхөн төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 18/, насанд хүрээгүй гэрч Р.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шүүр бариад цохих шиг болсон. Яг юугаар яаж цохсоныг гэрийн гадаа болсон болохоор сайн харж чадаагүй. Урьд нь ээжийг цохиж зодож байгаагүй. Гэр бүлийн хэрүүл ихэнхдээ ээжээс болдог” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-38/, 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 04/167 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ө.Р нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ө.Р нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Х.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Р нь энэ хэрэгт гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй улаан эрээн өнгийн шүүр 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ө.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хяналтын прокурортой харилцан тохиролцож, хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ө.Р-т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Р-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Р-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй улаан эрээн өнгийн шүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Р-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц