| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01999/И |
| Дугаар | 1844 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн МЮ96031619 регистрийн дугаартай, Дархан-уул аймаг, 17 дугаар баг, Өргөө баг 21 дүгээр хороолол, 17 дугаар байрны 24 тоотод оршин суух Шагшаа овогт Рэнцэнбалын Бум-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЦ93010512 регситрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, монголросцветмет 18-2 тоотод оршин суух Дааган овогт Шувуухүүгийн Мягмарсүрэнд холбогдох,
Гэрээний үүрэгт 3.387.000 төгрөг, алданги 1.650.000 төгрөг нийт 5.037.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, хариуцагч Ш.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Р.Бум-Эрдэнэ нь 2013 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суралцахаар очин тэндэхийн Ханой их сургуульд сурч байсан. Тухайн үед тэнд олон жил сурсан Ш.Мягмарсүрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны Р.Бум-Эрдэнийн гадаад пасспортыг ломбарданд 5.000.000 вьетнам донгоор тавиулсан байна. Ингэж явсаар дараа нь Р.Бум-Эрдэнийн сургалтын төлбөрөөр тэнд касино тоглоод Р.Бум-Эрдэнэд 500 доллар өгөхөөр тохиролцсон байдаг. Ингээд Р.Бум-Эрдэнийн зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн өгөхгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын дундуур Ш.Мягмарсүрэн нь Монголруу буцсан бөгөөд Монголд очоод 1 сарын дотор удлаа гэхэд 3 сарын дотор пасспортыг чинь авч өгнөө чамд өгөх 500 доллар шилжүүлнэ гэж хэлээд таг болсон. Тухайн үед гадаад пасспортоо ингэж хүнд итгэн, барьцаанд ломбарданд тавьж хүний нутагт гадаад пасспортгүй үлдсэн шинэ оюутанд маш хэцүү байсан бөгөөд ингэж явсаар гадаад пасспортны нийт хүү тухайн үеийн ханшаар 20.000 вьетнам донг буюу 1000 ам доллар болсон байсан бөгөөд Монголруу Бум-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сараас буцах гэж байхад гадаад пасспортгүй явж чадахгүй байсаар байгаад 2016 оны 7 дугаар сарын 22-нд Монгол буцаж пасспортны мөнгө нийт 20.000.000 вьетнам донг буюу 1000 ам доллар болсон бөгөөд өөрийн бүх зардлаар төлж барагдуулж гадаад пасспортоо буцаан авсан. Ингээд Ш.Мягмарсүрэн нь хурдан буцаан өгнө өө гэж итгэл үнэмшил төрүүлэн зээлж авчаад ямар ч зээлсэн мөнгөө төлөөгүй бөгөөд утсаа удаа дараа салгаж, өөрчилж бүр фэйсбүүк хуудсаа хүртэл устгаж зугтан, зайлсхийж явсаар өдийг хүрсэн. Ингээд төлбөр барагдуулах баталгааг 2016 оны 9 дүгээр сарын 07-нд хийж нийт 20.000.000 вьетнам донг буюу 1000 ам доллар төлөх байсан байтал харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор нийт монгол төгрөгөөр 3.387.000 төгрөгийн өрийг барагдуулна гэж бичиж нотариатаар баталгаажуулж харилцан тохиролцсон байтлаа өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй зайлсхийж зугтаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлж зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байгаа болно. Энэ нь Монгол улсын Иргэний хуулийн 234.4-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол шаардах эрхтэй гэж заасан байх тул 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж төлбөр барагдуулах баталгаа бичиж өгөн үүрэг хүлээсэн байх тул үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ямар ч зээлсэн мөнгөнөөс төлж барагдуулаагүй байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс баталгааны үүргийг шаардах эрхтэй юм. Тухайн үед хүний нутагт пасспортгүй үлдсэн Р.Бум-Эрдэнэ нь шинэ оюутан байсан тул эсэн мэнд эрүүл амьдрах баталгаа зэрэг гадаад пасспортгүй үлдсэн нь сэтгэл санааны болоод их хэмжээний мөнгөн хохиролд унасан тул баталгаагаар тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө төлөхгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж мөнгөн хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна. Монгол улсын Иргэний хуулийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэх хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул уг баталгаанд хугацаа хэтрүүлсэний хүү алдангийг 0.5 хувийн хүүтэй төлж барагдуулна гэсэн нь зээлсэн мөнгөн дүн нийт хугацаа хэтэрсний алдангийг тооцох эрх зүйн үндэслэлтэй байгаа нь харагдаж байна. Төлбөр барагдуулах баталгаанд дээрх 3.387.000 төгрөгийн баталгааг гаргаж өгөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги, хүүг тооцно гэж заасан байх тул нийт хугацаа хэтрүүлсний 108 өдрийн алданги болох 1.650.000 төгрөг нийт 5.037.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Г.Урантогос нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Бум-Эрдэнийн гадаад пасспортыг ломбарданд тавиулж 5.000.000 вьетнам донг буюу монгол төгрөгөөр 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө авсан. Харин Бум-Эрэдэнэд өгөх 500 долларын хувьд түүнд байсан сургалтын төлбөр болох 1000 доллар, миний өөрийн 250 доллар нийт 1250 ам доллараар бид хоёр цуг казино тоглосон. Тухайн үед би Монгол буцах гэж байсан тул чиний сургалтын төлбөрийн талыг монголд очоод явуулья гэж хэлсэн. Тиймээс гар дээр бодитоор зээлж авсан мөнгө биш. Ингээд 3.387.000 төгрөгийг би Бум-Эрдэнийн ээжийн шахалтаар баталгаа гаргаж өгсөн. Энэ нэхэмжлэх дээр шинэ оюутныг уруу татаж казино тоглож бэлэн мөнгө зээлийн гэрээтэй зээлж авсан мэтээр бичигдсэн байна. Үнэн хэрэгтээ Бум-Эрдэнэ БНСВьетнам улсад очоод 3 дахь жилдээ сурч байсан бөгөөд бүх зүйлийн учрыг ойлгосон, урьд өмнө казино тоглодог байсан оюутан. Бум-Эрдэнэ 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн Цагаагийн хэлтэст гомдол гаргасан байсан бөгөөд мөрдөн байцаагч болон ээжийнх нь шахалтаар төлбөр барагдуулах баталгааг бичсэн. Үндсэн мөнгийг өгнө гэсэн тайлбарыг гаргаж өгсөн боловч авсан мөнгө олох 5.000.000 вьетнам донг буюу 500.000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг төлөх үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнэ нь хариуцагч Ш.Мягмарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.387.000 төгрөг, алданги 1.650.000 төгрөг нийт 5.037.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнэ хариуцагч Ш.Мягмарсүрэн нар 2015 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суралцаж байхдаа Р.Бум-Эрдэнийн гадаад пасспортыг барьцаалуулан зээл авч уг зээлийн мөнгөөр хамт казино тоглож, зээлсэн мөнгийг нэхэмжлэгч дангаараа буцаан төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэхүү үйл баримтад маргахгүй байна.
Хариуцагч нь хамт казино тоглох зорилгоор зээлсэн мөнгөнөөс тодорхой хэсгийг төлөхөөр нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээж 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор 3.387.000 төгрөгийг төлөх тухай “Төлбөр барагдуулах баталгаа”-г бичгээр гаргаж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дугаар тал/
Зохигчдын хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн хүсэл зоригийн илэрхийлэл болон хариуцагчийн төлбөр барагдуулах баталгааны агуулга зэрэгт дүгнэлт хийж үзэхэд хуульд тусгайлан заасан зүйлчлэл тогтоосон гэрээний шинжийг агуулаагүй ч, иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хуульд заагаагүй боловч агуулгын хувьд хуульд харшлаагүй хэлцлийн шинж илэрхийлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй хэдий ч уг тохиролцоо нь хууль зөрчөөгүй байх тул нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, мөн хуулийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж зааснаар зохицуулагдана.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр барагдуулах баталгаагаар хүлээсэн үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь уг төлбөр барагдуулах гэрээг мөрдөн байцаагч болон нэхэмжлэгчийн ээжийн шахалтаар бичиж өгсөн тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр барагдуулах баталгаанд дурдсан “ ... 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийт 3.387.000 төгрөгийн өр барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн хүү /алданги/ тооцно гэж зааснаар хүү нэхэмжлээгүй, харин хугацаа хэтрүүлсэн 108 хоногийн алданги 1.650.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” заасан зохицуулалтад талуудын тохиролцоо нь нийцээгүй байна.
Тодруулбал, төлбөр барагдуулах баталгаанд “... 3.387.000 төгрөгийн өр барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн хүү /алданги/ тооцно гэснээс үзэхэд хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүү, алдангийн алийг төлөхөөр илэрхийлсэн болохыг шууд тодорхойлох боломжгүй, энэхүү хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 43.4-д зааснаар тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ш.Мягмарсүрэнгээс 3.387.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Мягмарсүрэнгээс 3.387.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Мягмарсүрэнгээс 69.142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бум-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ