Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/616

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1280/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2021 оны ... дүгээр сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...оны .. дүгээр сарын ..-ны өдөр... төрсөн, .... настай,... боловсролтой, ...., хувиараа ажил эрхэлдэг, эмэгтэй, ам бүл ..., нөхөр, ... хүүхдийн хамт ........................................................ оршин суудаг, /РД:............/ урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,............ А.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь “2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.О зодож, биед нь зүүн ядам хурууны 3 дугаар үеийн зөрүүгүй хугарал, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, хүзүү, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.О биед халдан зодож, зүүн ядам хурууны 3 дугаар үеийн зөрүүгүй хугарал, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, хүзүү, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед Ш гэх залуу, түүний найз Б нарын хамт тээврийн товчооны урд байрлах “Этүгэн” зочид буудалд байж байхад гаднаас үл таних эмэгтэй орж ирэхээр нь би сайн байна уу та хэн бэ? гэсэн. Тэр эмэгтэй чи удахгүй мэднэ гээд намайг шууд үсдэж аваад толгой руу цохиод янхан минь, гичий минь гэр бүл үймүүлэгч, чи банзалдаад, янхандаад сайхан байсан уу? гээд үсдэж дараад цохиод байсан. Би арай гэж мултраад цүнхээ шүүрч аваад өрөөнөөс гараад гүйсэн, би вокзалын тойрог дээр явж байхад нөгөө эмэгтэй араас машинтай хүрч ирээд зогсож бай янхан минь чи гэж орилоод машинаас бууж ирээд намайг үсдэж дараад бөгс, гуя руу өшиглөж миний үсээр хоолой боогоод чирээд байсан. Тэгээд намайг зодож байгаад замын голд хаяад яваад өгсөн. Толгойн зүүн тал овойж хавдан, зүүн талын шанаа чинэрч хөхөрсөн, зүүн талын хавирганы хэсэгт цус хурж хөхөрсөн, гуя хөхрөл хүндүүртэй, зүүн хөлийн шилбэ хөхөрч хавдсан, маш их зовиуртай байна. ...Намайг тэр эмэгтэй зодож байхад машин дотор хүүхэд тэвэрсэн эмэгтэй сууж байсан. Хурууны зургийг Мед тромм эмнэлэгт 180.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Миний толгой, нуруу, давсаг зовиуртай байх тул эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх тул тус эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, 

Хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр агаар салхинд гарахаар болж Ш манай гадаа ирээд Аглаг бүтээлийн хийд явах санал тавихаар нь би эмэгтэй найз Г хань болгож авч явахаар гуйж цуг явахаар болсон. Ш нэг Д гэх найзтайгаа дөрвүүлээ Аглагийн хийд гэх газар очиж үзээд оройдоо хот орж ирсэн. Тэгтэл Ш хэдүүлээ тухтай юм ярих завгүй байлаа нэг газар орж сууя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд Этүгэн зочид буудалд 301 тоот өрөө авсан. Бид дөрөв тэндээ ганц шил вино, архи пиво уугаад юм ярьж суусан. Би ядраад байсан болохоор унтаад өгсөн. Би огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай найз ч бас өглөө эрт ажилтай гээд бүгд амарцгаасан. Өглөө 08 цагийн үед Г ажилтай гээд явсан. 09 цагийн үед өрөөний хаалга хүн тогшихоор нь өглөөний цай байх гэж бодсон. ... Намайг зодож байгаад замын голд хаяад яваад өгсөн. Миний зургийг авч бичлэг хийж байсан. Ойр хавьд байгаа хүмүүст миний нөхөртэй байсан янхан гэж орилоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,

 

Гэрч П.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2021 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн үед Д манайд ирсэн, 07 цаг 40 минутын үед Д,Ш нар Бор нуур луу газар үзнэ гээд явсан. Өдөр 11 цагийн үед жаран нэгийн гарам дээр явж байна гэж ярьсан, 17 цагийн үед над руу видео дуудлага хийж машин болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болсон, үүрийн 04 цагт сэртэл Ш ирээгүй байхаар нь санаа зовоод байж байтал Шинэбаярын мобикомын сим карт байхаар нь гар утсандаа хийгээд банкны гүйлгээний мэдээллийг хартал, Этүгэн гэдэг зочид буудалд 130.000 төгрөгийн зардал гарсан байсан. Би тэр буудлыг Фэйсбүүкээс хайгаад уг буудал руу холбогдож Ш хэдэн цагт уг буудал руу орсон ямар өрөөнд орсон талаар асуутал, 11 цагийн үед 4 үүлээ 301 тоотод орсон гэж хэлэхээр нь би найз Б руу ярьж буудалд Ш орсон гэж хэлтэл оч гээд байсан, би тэгээд ганцаараа очиж чадахгүй байна, чи ороод өгөөч гэж гуйсан. Тэгээд өглөө 09 цагийн үед буудалд руу очсон. Б ороод ямар хүмүүстэй байгааг нь асуучих гээд буудлын гадаа би Б хүүхдийг тэврээд үлдсэн, манай найз залгаад нэг хүүхэн байна Д,Ш нар байна гээд байсан, би орохгүй гээд хэлтэл  буудлаас үсээ задгай тавьчихсан эмэгтэй гараад явж байсан, удалгүй манай найз гарч ирээд саяны гараад явдаг эмэгтэй Ш байсан гэж хэлэхээр нь анзаарсангүй явж байтал, вокзалын хажууд явж байхаар нь би цонхоо онгойлгоод чи яасан ичдэггүй авгай вэ гээд орилсон, тэр эмэгтэй машин цүнхээрээ цохихоор нь Б буугаад нөгөө эмэгтэйтэй зодолдсон. Тэр хоёр 5 минутын хугацаанд зууралдаж үсдэлцээд зогссон, би боль гэж хэлсэн тэгээд тэр эмэгтэй яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын эхээр манай найз Ш над руу залгаад манай нэг найз хүүхэн байдаг юм, хамт Аглагийн хийд явъя бас нэг найз нь хамт явна гэж байна гэсэн, тэгээд Ш уулзаад Аглагийн хийд явах замд машин эвдрээд машинаа засах гэж удсан. ...хот орж буудалд амарцгаая гэж тохироод вокзалын Этүгэн буудал руу архи, пиво 1 шил Эдэн архийг Ш бид 2 уугаад  унтсан. Өглөө сэртэл Б орж ирээд Ш чи арай ч дээ гээд гар утсаараа Ш цохиод байж байтал О гарч ирээд юу болоод байгаа юм бэ чи хэн юм хэний эхнэр юм гээд хашгираад байсан юу болоод байгаа юм бэ гээд О үсэнд хүрээд Б гараад явсан. О нэр төрөө сэргээлгэж авна юу болоод байгаа юм гээд гараад явсан. Бид 2 сууж байтал О гаднаас орж ирээд цамцаа аваад над руу дайрч танай эхнэр юм байна гээд дайраад Ш бид 2-ыг цамцаараа цохиод гараад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөв найзууд төрийн бус байгууллагад гишүүнээр элсэж 2021 оны 6 дугаар сарын сүүлээр уулзалт нь дээр О танилцсан. Тэр өдрөөс хойш бид 2 утсаар ярьж найзууд болсон. 7 дугаар сарын 04-ний өдөр О найз Г, манай найз Д бид 4 Аглагийн хийд рүү очиж ном уншуулж, Аглаг бүтээлийн хийдийг сонирхохоор явсан. Бид 4 Аглагийн хийдээс вокзалын чанх ард байрлах Этүгэн зочид буудалд орж 0.75 литр Эдэн гэх архи 1 шилийг уугаад амарсан. Өглөө Г гэх эмэгтэй ажилтай гээд 09-ийн үед явсан. 30 минутын дараа хаалга тогшсон би онгойлготол Д найз Б орж ирээд юу болоод байгаа юм гээд өрөөг шалгаад миний толгой руу утсаараа цохиод, бид нарын зургийг аваад гараад явчихсан.  Б гарсны дараа О юу болоод байгаа юм бэ гээд орилж хашгираад цүнхээ шүүрээд гараад явсан. Би Д үлдсэн, удалгүй О саяны эмэгтэй хэн юм гээд цамцаа аваад гарсан. Бид 2 гадагшаа гарахад О байхгүй байсан. О нь анх танилцсанаас хойш ярвагар, ааш муутай харьцааны соёлгүй эмэгтэй. Б О-г буудал дотор цохиж зодсон халдсан зүйл болоогүй. Буудлаас гараад юу болсныг мэдэхгүй байна. Б нь миний эхнэрийн найз, зан харилцаа нь эелдэг харилцаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 6049 дугаартай “...П.О-н биед зүүн ядам хурууны 3 дугаар үений зөрөөгүй хугарал, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, хүзүү, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

 

Шинжээч О.Саранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.О-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хурууны хугарал нь гарыг мушгихад, эргүүлэхэд үүсэх боломжтой. П.О-н биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

 

Шүүгдэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өглөө 08 цагийн үед манай найз Х над руу манай нөхөр Этүгэн гэдэг зочид буудалд өрөө авсан байна гэж хэлээд хоёулаа хамт оччихоод ирье гэсэн. Би бага охиноо аваад Х-тай Этүгэн гэдэг зочид буудлын хажууд очиход Х би орж чадахгүй байна чи ороод гараад ир гээд гуйсан. Би Этүгэн буудал руу ороод хаалгыг нь нүдэхэд Ш дотуур хувцастайгаа байсан. Нэг найз нь буйдан дээр унтаж байсан. Хажуу талын өрөөнөөс үл таних эмэгтэй гарч ирээд Ш энэ хэн юм бэ чи эхнэргүй гэж хэлээ биз дээ хэн бэ гээд байхаар нь би “одоо энэнээс илүү эвгүй байдалд орно” гээд тэр хүмүүсийн зургийг гар утсаараа авсан. Ш У пизда энэнд хэлчихлээ гээд байхаар нь би Ш-т У хэлээгүй чиний банкны хуулгаар мэдээллийг чинь хараад ирсэн. Би буудлаас гараад машиндаа ортол Х сая эндээс гардаг эрээн өмдтэй хүүхэн мөн үү гэхээр нь би мөн байна гээд тэр эмэгтэйн араас очоод манай найз Х чи хүний нөхөртэй явдаг хэн юм бэ гэхэд тэр үл таних эмэгтэй жолооч талын цонх онгорхой байсан миний гар утсыг авах гээд байхаар нь би Х-д утсаа өгчихөөд машинаасаа буутал цүнхээрээ намайг цохиод, өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөж, үсдэлцсэн.  ...Миний найзын нөхөртэй хамт байсан учраас, би тэр эмэгтэйг үстэж өшиглөсөн. Найзыгаа доромжлуулахгүйн тулд ийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрт хамааралгүй асуудалд оролцож бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан. Баримтаар хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор А.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 69 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн оршин хорооны тодорхойлолт, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, А.Б-н хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26-27 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч П.О-н биед зүүн ядам хурууны 3 дугаар үений зөрөөгүй хугарал, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, хүзүү, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хэргийн 33-34 дэх талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 6049 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.О, гэрч П.Х, гэрч О.Д, гэрч Э.Ш нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч П.О-н учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч А.Б-н гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.О-г зодож, биед нь зүүн ядам хурууны 3 дугаар үеийн зөрүүгүй хугарал, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, хүзүү, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 73 дахь талд “...эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, рентгенд харуулсан 180.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх боловч хохирогчоос нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд хохирогч П.О энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА