Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00344

 

Р.Е-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00117 дугаар магадлалтай,

Р.Е-ы нэхэмжлэлтэй,

Баян-Өлгийн аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Е- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 109 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ208/00175 дугаартай шийдвэрээр Р.Е-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч Р.Е-ыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг байгууллагын санхүүгээс нөхөн төлүүлэх, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэхийг шаардсан боловч татгалзсан хариу өгсөн. Иймд Р.Е-ы ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2.906.740 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Баян-Өлгийн аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлсийг бүрэн бүтэн авсан. Р.Е- нь сургуулийн захиргаанд шаардлага тавиагүй. Иргэний хэрэгт өгсөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд зурсан гарын үсэг Р.Е-ы гарын үсэг биш. Р.Е- нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаан байшинтын боомтоор Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болохоор хил давсан. Р.Е-ы сарын үндсэн цалин 416.521 төгрөг. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын 01 хүртэлх ажилгүй байсан 4 сарын цалин хөлсний нөхөн олговор нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 1.666.084 төгрөг болно. Тус сургуулийн захиргааны санхүү төсвийн боломж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хүнд хэцүү байгаа бөгөөд багш, ажилчдын улирлын ээлжийн амралтын мөнгө олгож байгаа учраас аймгийн Нийгмийн даатгалын газар, татварын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэл, татвар дутуу төлөлттэй өр үүсэж байна. Иймд Р.Е-ы цалин хөлсний нөхөн олговор 1.666.084 төгрөгийг хэсэгчлэн төлөх улмаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст танилцуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Е-ы ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2.243.800 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга найман зуун/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Р.Е-ы ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 662.940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00117 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайрат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 17-ны өдрийн 212/МА2018/00117 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Р.Е-ыг Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00859 тогтоолоор нярвын ажлаас 2017 оны 10 дугаар сарын 02-нд чөлөөлөгдөж хичээлийн зохицуулагчийн ажилд томилогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Еркебуланы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь өмгөөлөгчийн ёс зүйгүй. Р.Е-ыг сургуулийн нярвын ажлаас чөлөөлөгдөхөд иргэн Жайнаханы өмгөөлөгчөөр оролцсон. Р.Е- нь сургуулийн захиргаанд ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй, өмгөөлөгч Я.Сьезд нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нэрийдлээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохыг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргуулсан. Р.Еркөбуланы сарын үндсэн цалин 416,521 төгрөг, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу ажилгүй байсан 4 сарын цалин хөлсний нөхөн олговор нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 1,666,084 төгрөг болно.

Иймээс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00117 магадлалыг хангахгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Ажилгүй байсан хугацааны олговорт 2.906.740 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Р.Е-ы нэхэмжлэлийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль эс зөвшөөрөхдөө “...1.666.084 төгрөгийг хэсэгчлэн төлнө” гэсэн тайлбар гаргажээ.  

Нэхэмжлэгч Р.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 175 дугаар шийдвэр хуулийн хүчинтэй байна /хэргийн 5-8 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 37 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгожээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан.  

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан сарын дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцож, ажилгүй байсан 4 сарын олговорт 2.243.800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын гомдлыг хангахгүй орхисугай.      

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ