Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/1049/З |
Дугаар | 221/МА2023/0461 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0461
Н.Ц, Ц.Ж нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, гуравдагч этгээд “Э.х.” ХХК,
Нэхэмжлэгч: Н.Ц, Ц.Ж
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “Э.х.” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э.х.” ХХК /хуучин нэрээр Ш./-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/1049/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр: “Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, “Э.х.” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хариуцагчаас анх өргөдөл гаргаснаас хойш 1 жил 4 сар гаруйн дараа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан өргөдлийг шийдвэрлэж, өргөдөл шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулиас сүүлд батлагдсан Усны тухай хуульд хариуцагч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар сав газрын захиргааны саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байхад хариуцагчаас 2021 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал аваагүй байх тул 489 дугаартай шийдвэр хууль зөрчиж гарсан байна.” гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “Ш.” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” гэж зааснаар “Ш.” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэсэн байна. Анхан шатны шүүхээс төр захиргааны байгууллагыг бүрдэл дутуу /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Засаг даргын тодорхойлолт/ өргөдлийг бүртгэж авсан ч шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй гэж буруутгасан нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Бодит нөхцөл байдлыг тодруулбал дээрх баримтуудыг гаргаж өгөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос хамаарахгүй гадны хүчин зүйлээс шалтгаалж байсан болно. “Ш.” ХХК нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын ХV-012596 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан үзээд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоол, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар мэдэгдэл, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 112/ГХ2021/0012 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Батжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/971 дүгээр мэдэгдэл хүргүүлэх албан тоотыг тус тус ирүүлсэн байна.
2.3. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 албан тоотоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан болохыг тодорхойлсон тодорхойлолтыг ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр “Ш.” ХХК-д Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Айраг уул нэртэй 2759.82 гектар бүхий ашигт малтмалын М\/-022051 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тодруулбал 489 дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дах хэсэгт заасныг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.
2.4. Мөн анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгохоор зааснаас үзэхэд Усны тухай хуульд заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл гэдгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.” гэсэн зохицуулалт орсон байх бөгөөд дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд хууль хэрэгжихээс өмнө олгосон байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ч хамааруулж ойлгоно.
2.5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөвхөн Усны тухай хуулийн үйлчлэлд хамааруулан дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний алдаатай болсон гэж үзэж байна.
2.6. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Э.х.” ХХК дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх иргэн Н.Ц, Ц.Ж нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын гаргасан захиргааны акт нь зөрчөөгүй болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Усны ухай хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй захиргааны актыг хүчингүй болгох замаар гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргаж гуравдагч этгээд “Э.х.” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5-д “Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг үндэслэн 10,000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, уг газар нь гуравдагч этгээд “Э.х.” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхацсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдсон, энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж “Э.х.” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр болон түүнд үндэслэн олгосон ашигт малтмалын ашиглалтын М\/-022051 тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч нарын эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, 3.1.3-т ““газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;” 24 дүгээр зүйлийн 24.4-т “Уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна” гээд 24.4.1-т “тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй;” 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;”, 24.4.3-т “давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж тус тус зааснаас үзэхэд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрлийн талбай нь Газрын тухай хуулийн дагуу бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавигдаагүй байна. Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааныхаа явцад бусдын барилга байгууламж, өвөлжөө, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хэрхэн шийдвэрлэхийг хуульчилсан ба нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай биш юм. Иймд анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагыг ашигт малтмалын ашиглалтын М\/-022051 тоот тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгохдоо газар эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4. Мөн Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэр газрын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргах үед Газрын тухай хууль тогтоомжоор зохицуулах харилцаанд оролцдог. Харин “Э.х.” ХХК-ийн хувьд М\/-022051 тоот тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн эдэлбэр газрын зориулалтаар газар ашиглах хүсэлт аваагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах харилцаанд оролцоогүй байгаа болно. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас “Э.х.” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар газрын тухай хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаа биш байхад “...газар эзэмшигчийн эрхийг зөрчиж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
3.5. Дээрх байдлаар хариуцагч захиргааны байгууллагаас “Э.х.” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчихгүй өөр өөр эрх зүйн харилцаа байхад анхан шатны шүүхээс холбогдох хууль тогтоомжуудаар зохицуулагдах харилцаануудыг ялгаж салгаж дүгнэлт өгөхгүйгээр хольж хутгасны улмаас маргааныг талаар үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тэргүүн ээлжид захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой. Гэвч анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Захиргааны процессын эрх зүй дэх “Эрх зүйн тогтвортой байдлыг хангах зарчим”-ыг ноцтой гажуудуулж байна.
3.6. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд: “2.2-т Улмаар гуравдагч этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн н/78 “Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай” тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хх-12-11 дугаар дүгнэлтийг өргөдлийг шийдвэрлэх 20 хоног дотор багтаан нөхөж өгсөн бол, харин хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг нөхөн бүрдүүлж өгснийг үндэслэн хариуцагчаас анх өргөдөл гаргаснаас хойш 1 жил 4 сар гаруйн дараа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан ажлын 20 хоногт өргөдлийг шийдвэрлэж, өргөдөл шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.7. Тодруулбал, “Э.х.” ХХК /Хуучин нэрээр “Ш.” ХХК/-ийн зүгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг батлуулсны дараа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 07/08, 07/09 тоот албан бичгүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүрдүүлбэрийг хангах зорилгоор ашигт малтмалын хайгуулын 12596Х /XV-012596/ тоот тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт авах тухай хүсэлтээ хүргүүлсэн боловч Сумын засаг дарга хүсэлтэд хариу өгөхгүй эс үйлдэхүй үйлдсэн. Улмаар “Ш.” ХХК-иас Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлтэй хэргийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингээд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд тухайн шүүхийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үндэслэлээр хэргийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалаар тус тус манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 дугаартай албан бичгийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.
3.8. Мөн иргэн Н.Цыг төлөөлж иргэн Т.Н, “Б.х.м..” НҮТББ нараас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд “Иргэн Н.Цын өвөлжөөний газартай давхцалтай, ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэх мэт” хэд хэдэн үндэслэлээр “Ш.” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 12596Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг хүчингүй болгох, цуцлахыг хариуцагчид даалгах зэрэг нэхэмжлэлийг гаргасан. Иргэн Н.Ц, “Б.х.м..” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны 128/ШШ2019/0448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0516 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно.
3.9. Дээрх хоёр захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор “Э.х.” ХХК /Хуучин нэрээр “Ш.” ХХК/ нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025889 дугаартай өргөдлийн бүрдүүлбэрийг хангаж чадахгүй шүүхийн эцсийн шийдвэр гарч албадан гүйцэтгэгдэх хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөрсөн юм. Энэ нь “Э.х.” ХХК-ийн болон Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн аливаа хууль бус буруутай үйлдлээс шалтгаалаагүй харин сумын Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр хууль заасан тодорхойлолтыг гаргаж өгөхгүй эс үйлдэл гаргасантай холбоотой юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нотолсон холбогдох шүүхийн шийдвэрүүдийг гуравдагч этгээдээс нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад уг үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийг шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
3.10. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагаас “Э.х.” ХХК-ийн NМ-025889 дугаартай өргөдлийг хуульд заасан ажлын 20 хоногийн дотор шийдвэрлээгүй, өргөдлийг шийдвэрлэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж захиргааны байгууллагын үйл ажиллагааг “...шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй” гэж үзсэн дүгнэлт нь уг маргааны хувьд захиргааны шүүхийн хяналтын хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудалд шүүх дүгнэлт хийсэн байна. Учир нь шүүх захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянахгүй бөгөөд гагцхүү хуулиар харьяалуулсан захиргааны тодорхой үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд талаар дүгнэх замаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг.
3.11. Нөгөө талаас хариуцагч захиргааны байгууллагаас “Э.х.” ХХК-ийн NМ-025889 дугаартай өргөдлийг хуульд заасан ажлын 20 хоногийн дотор шийдвэрлээгүй нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд тухайн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд, өргөдөл гаргагчийн хүсэл зоригт үндэслэн гүйцэтгэх ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүхийн хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр гаргасан гэж хариуцагчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.12. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд: “4-д Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлтийг 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг, 25 дугаар зүйлд өргөдлийн бүрдүүлбэрийг, 26 дугаар зүйлийн 26.1-д “өргөдлийг хүлээн авмагц явуулах ажиллагааг”, 26.3.1-д ”өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд”-ийг хуульчилсан байх ба Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс өргөдлийг хүлээн авахаас татгалзах буюу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу санал аваагүй гэсэн үндэслэл хамаарахгүй байна. Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Усны тухай хуулийн дагуу Сав газрын захиргаанаас санал аваагүй нь нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ж нарын аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нөгөөтээгүүр Сав газрын захиргаанаас санал авснаар нэхэмжлэгч иргэн Н.Ц, Ц.Ж нарт ямар нэг эерэг нөлөөллийг бий болгох, тэдгээрийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах аливаа нөлөөлөл үүсэхээргүй байхад анхан шатны шүүх иргэн Н.Ц, Ц.Ж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндэслэн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн тогтвортой байдлын зарчмыг гажуудуулахад хүргэж байна.
3.13. Хууль хэрэглэх, хууль тогтоомжийн нэгдмэл байдлын зарчмын үүднээс тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд Сав газрын захиргааны саналыг аваагүй гэсэн үндэслэл хамаарахгүй байх байна. Түүнчлэн “Э.х.” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025889 дугаартай өргөдлийн талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газрын газрын хил зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хил заагтай тус тус давхцалгүй, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б-т 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06/1377 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримт, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Э.х.” ХХК-д ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/7234 тоот албан бичгээр тус тус нотлогдож байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс хариуцагч нь гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлтийг 17.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр “Э.х.” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш байна.
3.14. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй захиргааны актыг хүчингүй болгосон талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэр, ...хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэр гэх захиргааны акт нотлох баримтаар авагдаагүй байна. Харин хэргийн хавтасны 89 дэх талд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр авагдсан ба уг шийдвэрийн 1 дэх заалтаар “NМ-025889 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Айраг уул нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ш.” ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэсэн байгаа болно. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргаан бүхий захиргааны актыг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд “Э.х.” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ж нараас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э.х.” ХХК /хуучин нэрээр Ш./-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ж нараас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг дүгнэх замаар хэргийг шийдвэрлэнэ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус хуульчилсан.
6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар бусдын өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэж маргаж байгаа эсэх, түүнчлэн энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нараас өөрийн эзэмшил газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа эсэх, эсхүл тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардаж байгаа эсэхийг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
7. Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулиар баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй. ...уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг, ... “Ш.” ХХК /“Э.х.” ХХК/ Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй” гэж тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүхээс маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн дагуу хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа эсэх талаар буюу нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл бүрт, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн байна.
8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас маргаж буй Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э.х.” ХХК /хуучин нэрээр Ш./-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол уг маргаж буй актын улмаас хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгах, түүнчлэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн болон нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх, мөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг хүчингүй болгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа эсэхийг тодруулах, мөн захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл ямар буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгч нараас тодруулж, тайлбар авах шаардлагатай.
9. Үүнээс гадна анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
10. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийг тодорхой заасан төдийгүй уг баримтуудыг хавсаргаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байгаа боловч тухайн тохиолдолд Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөөгүй тул шүүхийн шийдвэрээр албадан гаргуулсны улмаас тус өргөдлийг дээр дурдсан хуулийн хугацаанд шийдвэрлээгүй талаарх үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатай.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Ш.” ХХК-иас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байх бөгөөд иргэн Н.Ц, “Б.х.м..” НҮТББ-аас гуравдагч этгээд болох “Э.х.” ХХК /“Ш.” ХХК/-ийн ашигт малтмалын хайгуулын XV-12596 тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Н.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наас хяналтын журмаар гомдол гаргасан боловч уг гомдлоо буцаан авах хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар захирамжаар гомдол гаргаагүйд тооцсон үйл баримт тогтоогдож байна.
12. Дээрх үйл баримтаас үзвэл “Ш.” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар маргаж байх үед тухайн компаниас гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг захиргааны байгууллага шийдвэрлэх боломжтой байсан эсэх талаарх баримт болон тус маргаан шүүхэд хянагдаж байгаатай холбогдуулан энэ талаарх хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаж байсан эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүх цуглуулах шаардлагатай байжээ.
13. Түүнчлэн “Ш.” ХХК-иас Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дах хэсэгт заасан тодорхойлолтыг “Ш.” ХХК-д гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар “Ш.” ХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байгаа нь тус компаниас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэрлэхэд нөлөөлсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
14. Тодруулбал, анхан шатны шүүх гуравдагч этгээдээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр “Ш.” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талаарх үйл баримтыг дүгнэсэн хэдий ч “Ш.” ХХК-иас уг хүсэлтийг өгөх үед тухайн компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар маргаж байсан болох нь хариуцагчийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, мөн дээр дурдсан Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 12596Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоолгох... шаардлага бүхий маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь хариуцагчаас энэ маргаан бүхий актыг гаргахад хууль зүйн үүднээс харгалзан үзэх үүргийг үүсгэсэн эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай байна.
15. Мөн хэрэгт нэхэмжлэгч Д.Жигжидэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших, Ар айрагийн Бахуут гэх газарт нэгж талбарын 8124000555 дугаар бүхий 10000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар олгосон, улсын бүртгэлийн Э-0923000061 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн нэхэмжлэгч Н.Цд тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших, Ар Айрагийн Ногоон дээлт гэх газарт нэгж талбарын 8124000625 дугаар бүхий 10000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар олгосон, улсын бүртгэлийн Э-0923000307 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд авагдсан байна.
16. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд “Ш.” ХХК-ийн 2762 га хайгуулын талбай нь нэхэмжлэгч Н.Цын өвөлжөөний 1400 м.кв газартай болон 33 иргэний өвөлжөөний газартай давхцалтай...” талаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “...Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг үндэслэн 1400 м.кв /0.14 га/ газрыг /Ар Айрагийн Ногоон дээлт/-д 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар Н.Цд эзэмшүүлсэн...” талаар дурдсанаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн эсэх талаар зөрүүтэй үйл баримт тогтоогдож байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.
17. Нөгөөтээгүүр, шүүх маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай төдийгүй, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.
18. Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас MV-022051 дугаартай тусгай зөвшөөрлийн талаар маргах эрхтэй эсэх, шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх хууль зүйн боломжтой эсэх талаар тодруулсны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болж буй нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар болон маргаж буй захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өгч буй тайлбар, шүүх уг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болж байгаа хууль эрх зүйн хэм хэмжээ, түүнийг бодит нөхцөлд хэрхэн дүйцүүлж тайлбарлаж хэрэглэж байгаа талаар шийдвэрт тодорхой тусгах замаар маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.
19. Мөн хавтаст хэрэгт Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаартай “...NM-025889 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Айраг уул нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ш.” ХХК-д олгосугай” гэх шийдвэр авагдсан байх бөгөөд “Э.х.” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон MV-022051 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “Кадастрын хэлтсийн даргын 2021.12.16-ны өдрийн 489 тоот шийдвэр”-ийг үндэслэсэн талаар тэмдэглэсэн, харин нэхэмжлэгч нараас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э.х.” ХХК /хуучин нэрээр “Ш.”/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа тул энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.
20. Шүүхээс нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан он, сарын зөрүүтэй дээрх маргаан бүхий актын талаар хариуцагч захиргааны байгууллагаас тодруулж, тайлбар авах боломжтой тул “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэр гэх захиргааны акт хэрэгт авагдаагүй, маргаан бүхий захиргааны актыг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх гуравдагч этгээдийн гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд дээрх тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулж, шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд тус бүрчлэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА