| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0072/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.С-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум Бүрдэнэ багт оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн гэх, Б овогт Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ө.Б-н гэрт Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр Салаа гэх газарт байх саахалтын айл Б-нд 10 цагийн орчимд очсон. Б нэг шил 0.5 гр-ын архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Удаагүй 11 цагийн орчимд Б-н дүү Б ирсэн ба Б дүүгээ ирлээ гээд 0.75 гр-ын нэг шил архи гаргаж ирсэн. Б, Б бид гурав юм ярингаа тэр архийг тойруулсаар байгаад дуусгасан. Б нөгөө гэр лүүгээ унтана гээд явсан. Б бид хоёр ойр зуурын зүйл ярьж байгаад манай нэг үхэр ноднин намар Б-н үхэрт нь байж байгаад алга болчихсон талаар ярьж үүнээс болоод маргалдсан. Б би мэдэхгүй гэхээр нь өөрийнхөө үхэртээ байсан хүний үхрийг чи мэдэхгүй байхдаа яадаг юм, чи авсан биз гэсэн. Миний үхэр яасныг би мэдэхгүй, Б-г авсан эсэхийг би мэдэхгүй л дээ, үхэрт нь байж байгаад алга болчихсон болохоор нь л нэхэж ярьсан нь маргаан болсон. Миний шар хөдлөөд Б-г баруун орон дээр хэвтэж байхад нь би хажуугаар нь явж гадагш гарахдаа баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Аажуухан цохичхоод гарах бодолтой л цохисон юм. Тэгсэн чинь уруул амыг нь оноод цохисон. Би Б-н биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, Б-тэй уулзаж уучлалт гуйсан, Б-н зүгээс намайг уучлаад хохиролдоо мөнгө нэхэмжлэхгүй гэсэн...Шүдээ янзлуулна тэгэхээр мөнгө өгөөрэй гэж байсан, би өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,
- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ баг хөдөө байх төрсөн ах Б-н гэрт ганцаараа очсон. Намайг очиход Б ах саахалт айлын С хоёр Е нэртэй 0.5 гр-ын нэг шил архийг уугаад дуусгачихсан халамцуу сууж байсан. Тэгээд намайг ирлээ гээд Б ах нэг шил 0.75 грамын архи гаргаж ирсэн ба би Б ах, С нарын хамт юм ярингаа гаргасан архийг нь хувааж ууж дуусгасан. Б ах унтлаа гээд нөгөө гэр лүүгээ орсон. С бид хоёрын хажууд Б ахын охин Ц гэрийн ажил хийгээд байж байсан. Б ахын эхнэр Э бас нөгөө гэртээ байсан. Тэгээд С бид хоёр ойр зуурын сонин сайхан юм яриад байж байтал С нь гэнэт чи манай үхрийг хулгайлсан уу, чамаас гарцаагүй, чи л ноднин хулгайлсан даа энэ тэр гээд шууд гүжирдээд сонин юм яриад эхэлсэн. Би С-г чи юу яриад байна аа, чиний үхрийг хулгайлсан гэж байгаа бол баримтаа гаргаад ир, битгий хүн гүтгээд байгаарай, намайг үхэр хулгайлсан гэж байгаа бол тэр үедээ цагдаа, шүүхэд хандаж шалгуулахгүй яасан юм бэ, би танай үхрээр яадаг юм, би өөрөө малтай хүн гэж хэлсэн. Ингэж бид хоёр бага зэрэг хэрэлдсэн. Хажууд Ц сонсоод байж байсан. Тэгээд би гэрийн баруун орон дээр дээшээ хараад хэвтэж байсан чинь С хэрүүл хийж байгаад шууд миний дээд уруул руу гараараа нэг удаа цохиод авсан. Би яаж байна гээд амаа дарсан чинь амнаас цус гараад, дээд нэг шүд уначихсан. Энийг харангуутаа С хар цагаан дуугүй гэрээс гараад морио унаад явчихсан. Би амнаас гарсан цусаа усаар зайлчхаад тэндээ унтаж байгаад орой нь ажилладаг зөрлөг рүүгээ явсан. Маргааш нь С-т зодуулсан талаараа хэсгийн төлөөлөгч Э.М-д өргөдөл бичиж өгсөн. Бид уулзаж учир зүйгээ олж эвлэрсэн. С бид хоёрын хооронд эд мөнгөний маргаан байхгүй. Одоо С-т ямар нэгэн гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хөдөө гэртээ очоод гурав хонож байсан. Тухайн өдөр 11 цагийн орчимд манай саахалт айлын С гэх хүн манай гэрт ирсэн. Манайд байнга ирээд байдаггүй болохоор аав надад хандан “нөгөө архиа гаргаад ир” гэж хэлэхээр нь би 0,5 литрийн савлагаатай ерөөл гэх нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архийг манай аав болон С нар хуваан ууж байсан. Тэр үед Б ах гаднаас орж ирсэн. Тэгээд тэр гурав нэг шил архийг хувааж уусан. Архи дуусах үед С болон Б нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед аав, ээж хоёр зүүн гэрт байсан. Баруун талын гэрт С, Б бид гурав хамт байсан. С нь Б ахад хандан “Чи хулгайч, чи миний үхрийг хулгайлсан” гэх зэргээр дайрч байсан. Б ах “Би хулгайч биш, хулгай хийсэн баримт нь хаана байна” гээд маргалдаж байх үед С ах гэнэт Б ахын нүүр рүү цохисон. Тэгээд С ах дахиад дайрахаар нь би та ямар дээрэлхүү юм. Танд ямар гэм хийсэн юм гэж хэлтэл С ах гараад морио унаад явчихсан. Б ахын амнаас нь цус гарч байсан. Би цаасаар арчиж өгөхөд үүдэн шүд нь сул болчихсон байсан. Тэгээд Б ах орон дээр унтаж байгаад гэр рүүгээ явсан. Явсны дараа нь би гэрийнхээ хогийг шүүрдэж байтал орны доороос нэг шүд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,
- Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдрийн өглөө хавьцаа С мал усалж байгаад ирлээ гээд манайд ирсэн. Төд удалгүй Б ажлаар явж байгаад ирлээ гээд мөн манайд ирсэн юм. С нь манай гэрт ирж байгаагүй тул би гэрт байсан архийг гаргаж өгсөн. Тэр хооронд миний нойр хүрээд унтаад өгсөн юм. Тэр хооронд Б, Б, С нар тухайн архийг хувааж уусан юм байна лээ. Гэнэт Б хүүе гэхээр нь сэртэл Б-н шүд нь уначихсан, уруул ам нь цус болчихсон байсан. С нь явчихсан байсан. Манай охин Ц тухайн үед Эрдэнэ сумын төвөөс ирчихсэн байсан тул охиноосоо асуухад С нь Б-г цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 04/190 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Иргэн Д.Б-н биед үүдэн 1 шүдний бүрэн булгарал, 1 шүдний хагас булгарал, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Д.Б-н биед учирсан гэмтлүүдээс үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулын дотор талын язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 51.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, үүдэн 1 шүдний хагас булгарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинээр илэрсэн зүйлгүй болно....” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/,
- Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-44,/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Г.С нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ө.Б-нд, Ө.Б, Д.Б нарын хамт архи уусан, улмаар Д.Б-тэй маргалдаж биед үүдэн 1 шүдний бүрэн булгарал, 1 шүдний хагас булгарал, дээд уруулын дотор талд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Б-н “...төрсөн ах Б-н гэрт ганцаараа очсон. Намайг очиход Б ах саахалт айлын С хоёр Е нэртэй 0.5 грамын нэг шил архийг уугаад дуусгачихсан халамцуу сууж байсан. Тэгээд намайг ирлээ гээд Б ах нэг шил 0.75 грамын архи гаргаж ирсэн ба би Б ах, С нарын хамт юм ярингаа гаргасан архийг нь хувааж ууж дуусгасан... Тэгээд С бид хоёр ойр зуурын сонин сайхан юм яриад байж байтал С нь гэнэт чи манай үхрийг хулгайлсан уу, чамаас гарцаагүй, чи л ноднин хулгайлсан даа энэ тэр гээд шууд гүжирдээд сонин юм яриад эхэлсэн... Тэгээд би гэрийн баруун орон дээр дээшээ хараад хэвтэж байсан чинь С хэрүүл хийж байгаад ирээд шууд миний дээд уруул руу гараараа нэг удаа цохиод авсан. Би яаж байна гээд амаа дарсан чинь амнаас цус гараад, дээд нэг шүд уначихсан...” гэсэн, гэрч Б.Ц-н “...Тухайн өдөр 11 цагийн орчимд манай саахалт айлын С гэх хүн манай гэрт ирсэн. Манайд байнга ирээд байдаггүй болохоор аав надад хандан “нөгөө архиа гаргаад ир” гэж хэлэхээр нь би 0,5 литрийн савлагаатай Е гэх нэг шил архи гаргаж ирсэн. Тэр үед Б ах гаднаас орж ирсэн. Тэгээд тэр З нэг шил архийг хувааж уусан. Архи дуусах үед С болон Б нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн...С гэнэт Б ахын нүүр рүү цохисон...Б ахын амнаас нь цус гарч байсан. Би цаасаар арчиж өгөхөд үүдэн шүд нь сул болчихсон байсан...” гэсэн, гэрч Ц.Э “...С нь манай гэрт ирж байгаагүй тул би гэрт байсан архийг гаргаж өгсөн. Тэр хооронд миний нойр хүрээд унтаад өгсөн юм. Тэр хооронд Б, Б, С нар тухайн архийг хувааж уусан юм байна лээ. Гэнэт Б хүүе гэхээр нь сэртэл Б-н шүд нь уначихсан, уруул ам нь цус болчихсон байсан... Манай охин Ц тухайн үед Эрдэнэ сумын төвөөс ирчихсэн байсан тул охиноосоо асуухад С нь Б-г цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/190 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С-с хохирогч Д.Б нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримт авагдаагүй тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн “...Шүдээ янзлуулна тэгэхээр мөнгө өгөөрэй гэж байсан, би өгнө..." гэсэн мэдүүлгээр түүний үүдэн 1 шүд бүрэн булгарсан бөгөөд эмчилгээ хийлгээгүй цаашид эмчилгээ хийлгэхээр шүүгдэгчид ярьсан байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэхээр заах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.С-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Б нь шүүгдэгч Г.С-с уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н