| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 147/2016/00215/И |
| Дугаар | 1846 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЛЮ89072486 регистрийн дугаартай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Шарга-ын 1-2 тоотод оршин суух Гон овогт Борчулууны Урангоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЛЮ76042818 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 108-06 тоотод оршин суух Порни овогт Төмөрбаатарын Дашбатад холбогдох,
-2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”,
-2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Т.Дашбат, хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Урангоо миний бие 1989 оноос эхлэн Баруун-Урт сумын 7-р баг хуучнаар Шарга зочид буудлын 1-2 тоотод амьдарч эхэлсэн. Аав маань 2006 онд нас барж, ээж, би хэдэн дүүтэйгээ өнчин үлдсэн. Байрны өмчлөгчөөр би бүртгэгдэж, өмчлөлийн гэрчилгээгээ авсан байсан. 2008 онд Дашбат ах ээжтэй маань танилцаж, бидэнтэй хамтдаа амьдрах болж, тэд хүүхэд төрүүлсэн. Ингээд Дашбат ах бидэнтэй 2012 он хүртэл хамтдаа амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаанд Дашбат ах байраа томруулна, амьдралаа дээшлүүлнэ, дотроо арицн цэврийн өрөөтэй, устай тохилог байранд амьдарна гээд л сайхан ирээдүй төсөөлж ярьдаг байсан. Би тэр үед 10-р ангиа төгсөөд амьдралын нөхцөлөөс болж сургуульд явж чадаагүй. Нөхөртэй болж хүүхэд гаргасан байсан. 2010 онд нөхрөөсөө салаад хүүхэдтэйгээ гэртээ буцаж ирсэн. Бүгдээрээ ажилгүй, орлогогүй амьдрал хүнд байсан. Энэ үед Дашбат ах миний дүү гэрт зүгээр сууснаас наймаа ч гэсэн хий, ах нь мөнгө өгье гээд 2011 онд 2.0 сая төгрөг өгснөөр нь би наймаа хийх гээд бүтэлгүйтсэн. Гэхдээ тэр үед Дашбат ах эр хүний хувьд бид нарт нөмөр нөөлөг болж амьдрал ахуйд минь тусалдаг байсан. 2012 оны 6 сард дүү Нарангоо сургуулиа төгсөхөд хонхны баярт нь зориулж 600.000 төгрөгийг миний дансанд хийж, 2013 оны 6 дугаар сард Хятадруу суралцахаар явахад 500.000 төгрөг өгч байсан. Бид тэр үед ээж маань сайн хүнтэй учирлаа бид нарт зааж сургаад өөд нь татаад явах юм байна гэсэн итгэл төрж маш их баярладаг байсан. Ингээд ахынхаа нэр дээр байраа болгочих би бүгдийг нь зохицуулна энэ муу жижиг байрнаас гарч, тохилог том байранд орно гээд л байнга ярих болсон. Бид нар ч олуулаа жижиг байранд багталцах зай муутай байсан учир байраа томсгохыг хүсдэг байсан. Ингэж ярихад нь том байртай болчихсон юм шиг л баярладаг байсан. Ингээд байраа нэр дээр нь шилжүүлэхээр болж нотариатч дээр очсон. Надтай хамт манай найз Солонгоо хамт явсан бөгөөд ороход нотариатч Ариунзаяа ийм гэрээ хийх гэж байгааг мэдэж байсан. Надаас зөвхөн хэдээр үнэлэх юм бэ л гэж асуусан. Би 15.0 сая гэхэд Дашбат ах 10 0 саяар биччих гэсэн. Бидний дунд өөр ямар нэгэн яриа болоогүй, Ариунзаяа эгч энэ гэрээг хийвэл ийм тийм үр дагавартай шүү гэдгийг тайлбарлаж өгөөгүй. Ингээд гэрээн дээр надаар гарын үсэг зуруулаад Дашбат ах тэндээ үлдээд би явсан. Гэрээний хувийг ч надад өгөөгүй. Үүнээс хойш бид нар хамтдаа амьдраагүй, Дашбат ах хүүхдээ аваад Улаанбаатар явсан. Хааяа утсаар ярьж гэрчилгээгээ авъя гэхэд ахад нь байгаа, ах нь юу гэж та нарыг байргүй болгох вэ, томсгож сольчихоор байшин хараад байна, та нар ч гэсэн байшингаа харж, судлаад байж бай гээд ярьдаг байсан. Сүүлдээ шүүхээр заргалдаж байгаад хүүхдээ өөрийн нэр дээр болгож аваад ээжийг маань орхиж, намайг эзгүйд бид нараас бүр мөсөн яваад өгсөн байсан. Харин байрыг чинь зарсан гэж огт хэлээгүй. Гэтэл 2015 онд надад танай байрыг Дашбат чинь зарчихсан байна гэж Хишиг дэлгүүрийн Мөнхцэцэг эгч хэлсэн. Тэгэхээр нь Дашбатруу ярихад би байрыг чинь зараагүй, ахад нь гэрчилгээ чинь байгаа гээд утсаа тасалсан. Яриад асуухаар л би мэдэж байгаа л гээд өөр тодорхой юм ярихгүй яваад байсан. Ягаанаа эгчийг авсан гэхээр нь уулзахад Дашбат надад 18.0 саяар зараад 2 жил болж байна, араас нь хөөцөлдөөд утсаа авахгүй байна, та нарт байр авч өгнө гэж ярьж байсан гэсэн. Өмнө нь Ягаанаа эгч ч бид нарт танай байшинг Дашбат зарсан, би худалдаж авсан. Та нар байр чөлөөлж өгөөрэй гэж огт ярьж байгаагүй, 2015 оны 8 дугаар сард шүүхээс намайг дуудахад Мөнхнаран гэдэг хүн байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нь Ягаанаа эгчийн дүү юм билээ. Энэ нэхэмжлэлийг аваад би Дашбатыг шүүхээр эрэн сурвалжлуулхаар хандсан, цагдаад өгсөн боловч надад байраа зарсан, би төлбөрийг төлсөн гэж мэдүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан.
Ингээд би Дашбат ахыг ээжтэй минь суух гэж байна: бидний амьдрал ахуй нэмэр болох гэж байна, байраа томруулах юм байна гэж итгээд байраа нэр дээр нь шилжүүлсэн нь сүүлдээ өөрсдөө орон байргүй болж хохирход хүргээд байна.
Тухайн үед Дашбат нь миний дансанд мөнгө хийх, надад мөнгө өгөхдөө байрыг чинь худалдаж авч байна, төлбөрийг нь хийж байна гэж огт ярьж байгаагүй нотариат ч дээр гэрээ хийхдээ ч тэгж тайлбарлаагүй, гэрээн дээр надаар гарын үсэг л зуруулах гэж дагуулж очсон. Би тэр үедээ өмнө нь бидэнд өгсөн мөнгө манай байрыг худалдаж авахаар өгч байсан мөнгө гэдгийг мэдээгүй, байраа тэр хүнд бүр мөсөн өгчихөж байна ч гэж бодоогүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй Дашбат ах бид хоёрын нэр дээр л гарах юм байх гэж бодоод яваад байсан.
Дансны хуулгаа авдаггүй. мэдээлэл ирдэггүй байсан учраас миний дансанд байрны мөнгө гэж мөнгө хийж байгааг ч би тухайн үедээ мэддэггүй байсан. Сүүлд цагдаад шалгагдаж байх үед 3.7 сая төгрөгийг миний дансанд хийсэн байсан. Нэгэнт байраа зараагүй учраас энэ мөнгийг нь би хүлээж аваагүй, одоо энэ мөнгө нь цагдаад эд мөрийн баримтаар хадгалагдаж байгаа 2012 онд манай байр 10.0 саяар үнэлэгдэж байгаагүй, бид өөрсдөө орох оронгүй байж байраа ийм хямдхан үнээр зарахгүй шүү дээ. Тэгээд ч 2012.05.31-ны өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр Дашбат гарын үсгээ зураагүй байгаа юм.
Дашбат нь анхнаасаа бидний итгэлийг олж, худал сайхан үг хэлж төөрөгдүүлж байж энэ гэрээг хийсэн, гэрээн дээр өөрөө гарын үсэг зураагүй. Нотариатч Ариунзаяа гэрээний утга агуулгыг тайлбарлаж өгөөгүй, энэ гэрээний улмаас бид орох оронгүй болж байгаа зэргээс миний болон ээж, дүү, хүүхдийн маань эрх ашиг зөрчигдөж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар энэхүү орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дэр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар уг орон сууцыг худалдахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй тул анхнаасаа хүчин төгөлдөр бус болно.
Мөн 2012.05.31 -ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2013.03.11-ний өдөр Дашбат, Мөнхнаран нарын хооронд орон сууц хүдалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар энэ гэрээ нь ч хүчин төгөлдөр бус юм.
Иймд 2012.05.31 -ний өдөр Т.Дашбат, Б.Урангоо нарын дунд хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Т.Дашбат Б.Мөнхнаран нарын хооронд 2013.03.11-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах. худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Дашбат шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Т.Дашбат нь 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Б.Урангоотой орон сууц худалдан авах гэрээг нотариатч Б.Ариунзаяагаар худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан хийсэн. Нотариатч Б.Ариунзаяа нь Б.Урангоо бид 2-т иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шалгасан бөгөөд уг гэрээнээс үүдэн гарах учир холбогдлыг асууж тайлбар өгсөн болно. Мөн нотариатч Б.Ариунзаяа нь иргэн Б.Урангоогоос байраа зарахыг ээж чинь мэдэж байгаа юу та хэд байраа зарж яах гэж байгаа юм бэ гэж асуухад Б.Урангоо ээж мэдэж байгаа би наймаа хийх гэж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан. Б.Урангоо нь худалдах гэрээг бэлэглэлийн гэрээний хэлбэрээр хийе гэсэн санал тавихад нотариатч Б.Ариунзаяа надад байрыг бэлэглэлээр өгч байгаа юм уу, худалдан авч байгаа юм уу гэж асуухад би худалдан авч байгаа учраас бэлэглэлийн гэрээ хийхгүй гэсэн. Б.Ариунзаяа нь Б.Урангоод хандан та өмнө нь Хишиг дэлгүүрийн эзэн Л.Мөнхцэцэгт байраа бэлэглэлийн гэрээгээр өгөөд уг гэрээг цуцлаж байраа буцааж авч байсан. Иймээс үнэхээр худалдаж авч байгаа бол заавал худалдах худалдан авах гэрээгээр хийх нь зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд иргэн Б.Урангоо бид нар хуулийн хүрээнд худалдах худалдан авах гэрээг хийсэн нь үнэн болно. Иймд бүх зүйл хуулийн дагуу үйлдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхнаран шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Мөнхнаран миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж амьдардаг бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдөр иргэн Т.Дашбатаас 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг гэрээг нотариатаар баталгаажуулан худалдаж авсан. Тухайн үед байр худалдаж авах саналыг иргэн Т.Дашбат тавьсан бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт өргөтгөл хийх боломжтой гэж үзэж байрны ордер бичиг баримтыг шалгахад Т.Дашбат хууль ёсны эзэмшигч нь болоод нэг жилийн хугацаа болсон байсан учир саналыг нь хүлээн авч байрыг худалдан авсан. Гэрээг нотариат баталгаажуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг улсын бүртгэлээс авахад тус байрыг иргэн Б.Урангоо, Т.Дашбат, Мөнхцэцэг гэх 3 хүн хэд хэдэн удаа худалдах, худалдан авах гэрээг хоорондоо хийсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш байраа суллуулж авах гэтэл Т.Дашбат ах хашаа байшин бариулж байгаа өвлийн цагт ажил зогссон, миний дүү өвлийн цагт ажил зогссон байраа яг одоохондоо засаж янзлахгүй хүлээж байгаа ч гэсэн хүсэлт тавьсан. Би байраа дулаан орохоор засах бодолтой байсан тул хүслэтийг нь хүлээн авсан боловч тэр үеээс хойш байраа суллуулж авч чадаагүй. Гэрээ хйисэн хүнээсээ байраа авч чадахгүй байсан тул оршин суугч Б.Урангоод хэлэхэд байрыг суллаж өгөхөөс татгалзаж, хэл амаар доромжилж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэд хэдэн удаа Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн шүүхэд хандсан байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ 2 хүний маргаанаас болж эдийн засаг, амьдралын хүнд байдалд орж ноцтой хохироод байна. Миний бие байраа суллуулах тал дээр Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Т.Дашбат, Б.Урангоо нарын хоорондын маргаан шийдвэрлэгдтэл хойшлогдсон. Уг хурал 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын дүүргийн иргэний хэргийн шүүхээр хуралдахаар болсон албан бичиг мөн утсаар надад мэдэгдэл ирсэн боловч тухайн шүүх хурал болох өдөр миний бие БНХАУ-ын Бээжин хотод чухал ажилтай байх тул уг хуралд суух боломжгүй болсон тул албан ёсоор мэдэгдэж, хариу тайлбар гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Урангоо нь хариуцагч Т.Дашбатад холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Зохигч талын хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр үйлдэн нэг талаас Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 7 дугаар баг Шаргын 1-2 тоотод байрлах 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдах, нөгөө талаас худалдан авсан орон сууцны үнэнд 10.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна./х.х-ийн 28 дугаар тал/
Уг худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан орон сууцыг Т.Дашбат нь 2013 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр 10.000.000 төгрөгөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхнаранд худалдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 29 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрэлснээс хойш бий болсон хөрөнгө бөгөөд уг орон сууц нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлтэй” гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “.. хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь тухайн хэлцлийг заавал эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байгуулахыг шаардсан бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж заасан зохицуулалт нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай, өөрөөр хэлбэл хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч байгаа тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох талаар шаардлага гаргах эрхийг зохицуулсан.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай маргааныг энэ зүйлийн 183.3-т зааснаар эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргаагүй бол тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл маргаж буй Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 7 дугаар баг Шаргын 1-2 тоотод байрлах 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Урангоо бүртгэгдэж Ү-1213001142 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул хариуцагч Т.Дашбатын хувьд уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. /х.х-ийн 179 дүгээр тал/
Түүнчлэн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “гэр бүлийн гишүүдийн нэг нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтын агуулга нь бүртгэлд үндэслэгдсэн тул зохих этгээдийн буюу гэр бүлийн гишүүдийн зохих зөвшөөрлийг аваагүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан бөгөөд хуулийн 16.3-т “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн нь иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.
Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Дашбат болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхнаран нар маргааны зүйл болсон Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 7 дугаар баг Шаргын 1-2 тоотод байрлах 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн байх бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд түүнийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч хэмээн үзэх үндэслэлтэй.
Учир нь, хариуцагч Т.Дашбатын хувьд тухайн орон сууцыг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхнаран энэхүү бүртгэлийг үнэн зөв гэж үзэж, хөрөнгийн өмчлөгчийг Т.Дашбат хэмээн тооцож, итгэх эрхтэй тул түүний итгэл үнэмшил хамгаалагдах учиртай.
Нэхэмжлэгч нь 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд Т.Дашбат гарын үсэг зурсан болон зураагүй хэлбэрээр хэрэгт авагдсан гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна./х.х-ийн 11, 28 дугаар тал/
Өөрөөр хэлбэл хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн үйл баримтын талаар талууд маргаан үүсгээгүй болно.
Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т тус тус зааснаар үндэслэн тайлбарласан боловч 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь агуулга, хэлбэр, субъект болон субъектив талын хувьд хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох бусад үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Урангоогийн 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Дашбатад холбогдох 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Урангоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч Б.Урангоо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ