| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0074/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Г.Б, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Э, Ч овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С аймгийн Э суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт түр оршин сууж байгаа, Х овогт Н.Э,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Ч овогт Г.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Захиргааны ... тоотод иргэн Г.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Захиргааны ... тоотод иргэн Н.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын Сүлд багт байрлах 24 айлын ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 09 цагийн орчимд ажлаасаа буугаад хамт ажилладаг Б-н хамт нэг нэг лааз пиво уусан. Тэгээд би 12 цагийн үед гэртээ харьж ажлын хувцсаа сольж өмсөж, хоёр найзыгаа дуудаад найз Б-н гэрт хүргүүлсэн. Б-н гэрт ороход Н.Э, Б, Б, А нар байсан. Манай найз Б 2,5 литрийн хоёр ширхэг пиво гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд би дахин архи уумаар байна гэж хэлэхэд Б, Н.Э нар гэрээс гараад явсан. Би урьд шөнө нь ажилтай байсан тул нойр хүрээд байхаар нь том өрөө буюу гал тогооны өрөөнд байсан буйдан орон дээр унтаж байхад Б, Н.Э нар орж ирсэн. Намайг буйдан дээр унтаж байхад Н.Э босоод ир гээд хувцаснаас татаад байхаар нь би ядраад байна гэж хэлсэн. Б намайг буйдан дээрээс босгоод унтлагын өрөөнд байдаг орон дээрээ унтуулсан. Удалгүй миний араас Н.Э орж ирээд намайг бос гэж хэлэхээр нь би ядраад байна гэж хэлэхэд миний хоолойг боож, үсдээд доошоо дарсан, нүүр самардсан, энэ үед Б Н.Э-н араас нь татаад надаас салгаад том өрөө рүү оруулсан. Б гаднаас орж ирээд Э-тай юм яриад байсан. Өөр зүйл болоогүй. Би ямар ч байсан өглөө нэг лааз пиво уусан. Б-нд орж ирээд тавуулаа 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Б-н гэрт унтлагын өрөөний орон дээр хэвтэж байхад Н.Э араас орж ирээд миний биед гэмтэл учруулсан. Н.Э миний нүүрийг самардсан, нуруу хэсэг рүү гараараа цохиод байсан. Надад хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 47-48/
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 09 цагийн орчимд ажлаасаа буугаад, гэртээ харьж ажлын хувцсаа сольж өмсөж Б-нд очсон. Тэнд пиво уугаад ядраад хэвтсэн. Б, Э хоёр гаднаас архи, пиво аваад орж ирсэн. Э намайг “бос архи уу” гэхээр нь “ядраад байна” гэж хэлсэн. Б намайг жижиг өрөөндөө оруулж унтуулсан. Тэнд унтаж байтал Э дахин орж ирээд босгох гээд байсан. Би “ядраад байна чи цаашаа яв” гэж хэлтэл Э хоолой багалзуурдаад үс зулгаагаад нүүр маажсан. Б Э-г надаас салгаад нэг алгадаад өрөөнөөс гаргасан. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Э.Б--ний хамт ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Замын-Үүд сум 1 дүгээр баг Захиргааны байрны ... тоотод амьдардаг Б ахынд нөхөр Б-ний хамт өмнөх өдөр нь ирээд унтаж амарсан. Манай нөхөр ажилтай гээд өглөө эрт гараад яваад өгсөн байсан. Тэгээд Б ахынд 12 цагийн үед Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёр найзаараа хүргүүлж ирсэн. Б ах 2,5 литрийн хүрэн хуванцар савтай 2 ширхэг пиво гаргаж ирээд Г.Б тэнд байсан хүмүүст аягалж өгсөн. Бид нарын ууж байсан 2 ширхэг пиво дуусаад “Г.Б би архи уумаар байна” гэсэн чинь А найзаасаа мөнгө аваад дэлгүүр ороод архи авч уух юм уу гэж хэлсэн. Харин Б ах би архи аваад өгье гэж хэлээд би Б ахын хамт дэлгүүр орж Б ах 0,5 литрийн нэг шил архи, би болохоор 8 лааз пиво худалдаж авсан. Тэгээд Б ах бид хоёрыг гэрт орж ирэхэд бид нарын сууж байсан газар буюу гал тогооны өрөөний буйдан орон дээр Г.Б эгч хэвтэж байсан. Би Г.Б эгчид хандаж архи, пиво аваад хүрээд ирсэн, та уухгүй юм уу гэж асуухад би хэсэг амарч байгаад болъё гэж хэлсэн. Бид нар дэлгүүрээс авч ирсэн архи, пиво задлаад уугаад сууж байхад Б ах архи аягалж өгөөд намайг уучих гэхээр нь би архи ууж чадахгүй шүү дээ гэж хэлэхэд залуу хүүхэд ууж сурсан нь дээр гээд тэнд байсан Б, А, Б ах нар хэлээд байхаар нь би 2 хундага архи татсан. Бид нарыг архи, пиво уугаад сууж байхад Г.Б, Б ахын унтлагын өрөөнд орж амарч байсан. Тэгээд би Г.Б эгчийг босгох санаатай унтлагын өрөөнд ороод сэрээтэл Г.Б нь надаа уурлаад би амарч байна чи цаашаа зайл, ямар ядаргаатай юм бэ гээд уурлаад байхаар нь би тоглоод Г.Б эгчийн хоолой хэсэгт гараараа хүртэл Г.Б уурлаад намайг түлхэхээр нь миний уур хүрээд Г.Б эгчийг орон дээр нь хоолой хэсэгт дартал Г.Б миний үснээс зулгаасан тэгээд бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад орон дээр бид хоёр дээр доороо ороод зууралдаж байхдаа нэг нэгнээ маажих буюу ганц нэг удаа цохиод байх шиг байсан. Тэгтэл Б эгч намайг салгаж орон дээрээс буулгаад намайг боль гээд загнасан тэгээд би уйлаад өрөөнөөс гараад Б ахын гэрээс гарах гэтэл Б ах намайг гаргахгүй гээд миний хоолойноос бариад буйдан луу түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад би гармаар байна гэсэн чинь Б ах намайг дахин боож авч хараалын үгээр урсгаад байж бай гээд байхаар нь би Б ахад хандан би жаахан гараад агаар амьсгалж тайвширч байгаад ороод ирье гээд гэрээс гарсан. Тэрнээс хойш ямар нэг зодоон болоогүй. ...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г.Б-тай Б ахын унтлагын өрөөнд орон дээр нэг нэгийнхээ үснээс зууралдах үед Г.Б миний баруун нүд болон уруул хэсэгт цохих үед миний биед гэмтэл учирсан. ...Тухайн үед өвчин намдаах эм ууж байсан. Одоогийн байдлаар ямар нэг учирсан хохирол байхгүй. Надад хүсэлт байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 55-56/
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б 2021 оны 09 сарын 06-ны өдөр Б ахынд орж ирсэн. Бид хэд нийлээд пиво уусан. Б архи уумаар байна гэхээр нь Б ах бид хоёр гарч дэлгүүр ороод архи, пиво авсан. Гэрт ороход Б хэвтэж байсан. Архи уумаар байна гээд байхаар нь архи авч ирсэн бос гэтэл ядраад байна 5 минут болоод босно гэж хэлсэн. Тэгээд бид хэд архи, пиво уусан. Б, Б ахын жижиг өрөөнд ороод унтсан байсан. Би араас нь ороод босгох гэтэл уурласан. Тэгэхээр нь би хоолой дээр нь гараа тавьсан чинь намайг түлхсэн. Би уурлаад хоолойг нь шахсан. Тэгээд бид хоёр орон дээр нь ноцолдсон. Тэр үед бие биенийхээ биед гэмтэл учруулсан байх. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын Сүлд багт байрлах 24 айлын ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 09 цагийн орчимд ажлаасаа буугаад хамт ажилладаг Б-н хамт нэг нэг лааз пиво уусан. Тэгээд би 12 цагийн үед гэртээ харьж ажлын хувцсаа сольж өмсөж, хоёр найзыгаа дуудаад найз Б-н гэрт хүргүүлсэн. Б-н гэрт ороход Н.Э, Б, Б, А нар байсан. Манай найз Б, 2,5 литрийн хоёр ширхэг пиво гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд би дахин архи уумаар байна гэж хэлэхэд Б, Н.Э нар гэрээс гараад явсан. Би урьд шөнө нь ажилтай байсан тул нойр хүрээд байхаар нь том өрөө буюу гал тогооны өрөөнд байсан буйдан орон дээр унтаж байхад Б, Н.Э нар орж ирсэн. Намайг буйдан дээр унтаж байхад Н.Э босоод ир гээд хувцаснаас татаад байхаар нь би ядраад байна гэж хэлсэн. Б намайг буйдан дээрээс босгоод унтлагын өрөөнд байдаг орон дээрээ унтуулсан. Удалгүй миний араас Н.Э орж намайг бос гэж хэлэхээр нь би ядраад байна гэж хэлэхэд миний хоолойг боож, үсдээд байхаар нь би урдаас нь бас зүгээр байхгүй эсэргүүцэл үзүүлж түлхсэн. Энэ үед өрөөнд байсан Б Н.Э-г араас нь татаад надаас салгаад том өрөө рүү оруулсан. “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Б-н гэрт унтлагын өрөөний орон дээр хэвтэж байхад Н.Э араас орж ирээд миний биед гэмтэл учруулсан. Н.Э миний нүүрийг самардсан, нуруу хэсэг рүү гараараа цохиод байсан. Миний толгой өвөөд толгой барьдаг хүнээр 2 удаа 20,000 төгрөгөөр толгойгоо бариулсан. Нүүр хэсэгт сорви арилгах өөрийн хэрэглэж байсан тосоо түрхсэн. Өвчин намдаах эм хэрэглэсэн. Надад хүсэлт байхгүй, санал гомдолгүй гэв. /хх-ийн 11-12/
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Замын-Үүд сум 1 дүгээр баг Захиргааны байрны ... тоотод амьдардаг Б ахынд нөхөр Б-ий хамт өмнөх өдөр нь ирээд унтаж амарсан. Манай нөхөр ажилтай гээд өглөө эрт гараад яваад өгсөн байсан. Тэгээд Б ахынд 12 цагийн үед Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёр найзаараа хүргүүлж ирсэн. Б ах 2,5 литрийн хүрэн хуванцар савтай 2 ширхэг пиво гаргаж ирээд Г.Б тэнд байсан хүмүүст аягалж өгсөн. Бид нарын ууж байсан 2 ширхэг пиво дуусаад “Г.Б би архи уумаар байна гэсэн чинь” А найзаасаа мөнгө аваад дэлгүүр ороод архи авч уух юм уу гэж хэлсэн.” Харин Б ах би архи аваад өгье гэж хэлээд би Б ахын хамт би дэлгүүр орж Э ах 0,5 литрийн нэг шил архи, би болохоор 8 лааз пиво худалдаж авсан. Тэгээд Б ах бид хоёрыг гэрт орж ирэхэд бид нарын сууж байсан газар буюу гал тогооны өрөөний буйдан орон дээр Г.Б эгч хэвтэж байсан. Би Г.Б эгчид хандаж архи, пиво аваад хүрээд ирсэн, та уухгүй юм уу гэж асуухад би хэсэг амарч байгаад болъё гэж хэлсэн. Бид нар дэлгүүрээс авч ирсэн архи, пиво задлаад уугаад сууж байхад Б ах архи аягалж өгөөд намайг уучих гэхээр нь би архи ууж чадахгүй шүү дээ гэж хэлэхэд залуу хүүхэд ууж сурсан нь дээр гээд тэнд байсан Б, А, Б ах нар хэлээд байхаар нь би 2 хундага архи татсан. Бид нарыг архи, пиво уугаад сууж байхад Г.Б, Б ахын унтлагын өрөөнд орж амарч байсан. Тэгээд би Г.Б эгчийг босгох санаатай унтлагын өрөөнд ороод сэрээтэл Г.Б нь надаа уурлаад би амарч байна чи цаашаа зайл, ямар ядаргаатай юм бэ гээд уурлаад байхаар нь би тоглоод Г.Б эгчийн хоолой хэсэгт гараараа хүртэл Г.Б уурлаад намайг түлхэхээр нь миний уур хүрээд Г.Б эгчийг орон дээр нь хоолой хэсэгт дартал Г.Б миний үснээс зулгаасан тэгээд бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад орон дээр бид хоёр дээр доороо ороод зууралдаж байхдаа нэг нэгийнээ маажих буюу ганц нэг удаа цохиод байх шиг байсан. Тэгтэл Б эгч намайг салгаж орон дээрээс буулгаад намайг боль гээд загнасан тэгээд би уйлаад өрөөнөөс гараад Б ахын гэрээс гарах гэтэл Б ах намайг гаргахгүй гээд миний хоолойноос бариад буйдан луу түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад би гармаар байна гэсэн чинь Б ах намайг дахин боож авч хараалын үгээр урсгаад байж бай гээд байхаар нь би Б ахад хандан би жаахан гараад агаар амьсгалж тайвширч байгаад ороод ирье гээд гэрээс гарсан. Б ахын гэрт Г.Б орж ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Г.Б орж ирээд Б ах 2,5 литрийн 2 ширхэг пиво гаргаж ирээд бид нар хувааж уусан. Дараа нь нэг лаазтай пиво уугаад, архинаас 2 хундага уусан байсан. Бид нарын тийм их согтоогүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г.Б-тай Б ахын унтлагын өрөөнд орон дээр нэг нэгийнхээ үснээс зууралдах үед Г.Б миний баруун нүд болон уруул хэсэгт цохих үед миний биед гэмтэл учирсан. Г.Б гараараа цохиод гэмтэл учруулсан. Тухайн үед өвчин намдаах эм ууж байсан. Одоогийн байдлаар ямар нэг учирсан хохирол байхгүй. Надад хүсэлт байхгүй, санал гомдолгүй гэв. /хх-ийн 6-7/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум 1 дүгээр баг Захиргааны байрны ... тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сард Э.Э нөхрийн хамт манайд амьдарч байсан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд манай найз Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд манай эхнэр Б, Г.Б-д өмнө уугаад үлдсэн байсан 2,5 литрийн савлагаатай тал пиво, мөн 2,5 литрийн нэг ширхэг пиво гаргаж өгсөн. Би тухайн үед гадаа машины суудлын бүрээс хийж дуусаад буцаад ороод ирэхэд А, Г.Б, Н.Э нар уугаад сууж байсан. Тэгээд бид нар пиво уугаад дууссан. Манай найз Г.Б архи уумаар байна гэхээр нь Н.Э-н хамт гэрээс гараад хүнсний дэлгүүр орж би “Э” нэртэй 0,5 литрийн нэг шил архи, Н.Э пиво ууна гээд 8 лааз пиво худалдаж авсан. Тэгээд бид хоёрыг гэрт орж ирэхэд Г.Б сууж байсан том өрөөний буйдан дээр унтаад өгсөн байсан. Тэгээд би авсан архиа тэнд байсан хүмүүст нэг аягалж өгөхөд бүгд нэг нэг татаад, Н.Э, Г.Б-г архи аваад ирсэн уухгүй юм уу гээд Г.Б-г татаад чангаагаад байхад манай эхнэр Г.Б-г унтлагын өрөө лүү оруулсан. Тэгээд би хүүхдүүдээ сургуулиас авах гээд гарч яваад хүүхдүүдээ сургуулиас нь аваад гэрт орж ирэхэд Г.Б, Н.Э нар хоорондоо муудалцсан байдалтай, Б-н нүүр хэсэг шалбарсан, үс нь унасан байдалтай байсан. Мөн энэ үед Н.Э миний өөдөөс дайраад байхаар нь том өрөөний буйдан дээр түлхээд суулгасан. Г.Б нь манай гэрт орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н.Э, Г.Б нар манай гэрт 2,5 литрийн 2 ширхэг пиво дөрөвүүлээ хувааж уусан. Согтолтын зэрэг гайгүй байсан гэжээ. /хх-ийн 17-19/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум 1 дүгээр баг Захиргааны байрны ... тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сард Э.Э нөхрийн хамт манайд амьдарч байсан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд манай найз Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд манай нөхөр найзуудтайгаа уугаад үлдсэн байсан 2,5 литрийн савлагаатай тал пиво, мөн 2,5 литрийн нэг ширхэг пиво Г.Б-д гаргаж өгсөн. Тухайн үед манай нөхөр гадаа машины суудлын бүрээс хийж дуусаад гэрт орж ирсэн. Би хөхүүл хүүхэдтэй тул пиво уугаагүй манай нөхөр, А, Г.Б, Н.Э нар уугаад юм яриад суусан. Тэгээд тэд нарын ууж байсан пиво дуусаад манай найз Г.Б архи уумаар байна юм ярьж сууя гэж хэлсэн. Манай нөхөр Б, Н.Э-н хамт гэрээс гарч яваад “Э” нэртэй 0,5 литрийн нэг шил архи, Н.Э пиво 8 лааз пиво аваад орж ирсэн. Тэр бид хоёрыг гэрт орж ирэхэд Г.Б сууж байсан том өрөөний буйдан дээр унтаж байсан. Манай нөхөр авч ирсэн архи аягалж тойруулаад сууж байхад Э, Г.Б-г архи аваад ирсэн чи босож архи уухгүй юм уу гээд татаж чангаагаад унтуулж амраахгүй байхаар нь би Б-г унтлагын өрөөнд унтаж амар гаад оруулсан. 15 цаг 30 минутаас сургуулиас хүүхдүүдийг авах цаг нь болсон байсан тул манай нөхөр гэрээс гараад явсан. Тэгээд унтлагын өрөөнд А, би хүүхдээ тэврээд сууж байхад Э, Б-н гар утсаар Б-н гар утас руу залгаад тэнд олон юм яриад яваад байсан. Тэгээд Э-г Б-г унтаж байхаар нь чи бос гээд Б-н нөмрөөд хэвтэж байсан даавууг нь авч шидээд уурлаад байсан. Энэ үед Б чи яахаараа миний гар утсыг бариад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Э-г Б-д хандаж чи эгч гээд томроно гэж бодоо юу гээд сонин сонин юм яриад Б-н хоолой хэсэгт гараараа дарахад Б Э-н гар луу түлхэж салгахад Э Б-н үснээс нь зуураад тэр хоёр орон дээр зууралдаад байхаар нь А-д хүүхдээ өгчихөөд тэр хоёрыг салгах гээд Э-н биеэс татахад салахгүй Б Э хоёр дээр доороо ороод зууралдаад, нэг нэгийгээ түлхээд зууралдаад байхаар нь Э-г арай гэж салгаж холдуулахад дайраад байхаар нь баруун талын гараараа зөөлөн Б-н зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Б-н үс нь сэгсийсэн, Э-н уруул хэсэгт хөхөрсөн байсан. Тэгээд би Э-н өрөөнөөс гаргах үед манай нөхөр гэрт орж ирж тараад Э манай нөхөр Б рүү миний зөв гээд дайраад гэрт шүлсээ хаяад байхаар нь манай нөхөр Б том өрөөний буйдан дээр түлхээд суулгасан. Тэгээд Э би гарч хэсэг тайвширчхаад ороод ирье гээд гараад явсан. Өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 20-22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 02/264 дугаартай дүгнэлт: 1.Н.Э-н биед баруун нүдний гадна тал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөхний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 02/263 дугаартай дүгнэлт: 1.Г.Б-н биед тархи доргилт, нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34/
Хохирогч Н.Э-н Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 28-29/
Хохирогч Г.Б-н Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-38/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 42, 50/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2120000000081 прокурорын тогтоол /хх-ийн 43-44, 51-52/
Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60, 72-73/
Шүүгдэгч Г.Б-н Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд нь гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, гомдол мэдээлэл, захиргааны зөрчилд холбогдож байсан тухай судалгаа /хх-ийн 65-71/
Шүүгдэгч Н.Э-н Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, урьд нь гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, гомдол мэдээлэл, захиргааны зөрчилд холбогдож байсан тухай судалгаа /хх-ийн 77-84/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-87/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 90/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/44 дугаартай тогтоол /хх-ийн 91-92/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 93/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Захиргааны ... тоотод иргэн Г.Б-г зодож, биед нь тархи доргилт, нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Захиргааны ... тоотод иргэн Н.Э-г зодож, биед нь баруун нүдний гадна тал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Э, Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б /хх-ийн 17-19/, Г.Б /хх-ийн 20-22/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 02/264 дугаартай дүгнэлтээр “Н.Э-н биед баруун нүдний гадна тал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өвдгөнд цус хуралт тогтоогдсон. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 30/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 02/263 дугаартай дүгнэлтээр “Г.Б-н биед тархи доргилт, нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34/-ээр нотлогдож байна.
Дорноговь аймгийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролын хувьд:
Хохирогч Г.Б, Н.Э нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч нарын хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н.Э, Ч овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Г.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Н.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б, Н.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б