Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Батзаяа, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Л.Галсансанжаа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2136000000165 дугаартай, 178/2021/0113/Э/ индекстэй хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч,2021 оны  10 сарын 04-ний өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын *******  багт оршин суух, аминдаа гэр-1, Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл, 10 тугалтай үхэр, 5 адуу, 50 богтой, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Тал” гэх газарт 17-12 ******* улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, 1 нас 10 сар 2 хоногтой хохирогч  Г.*******ыг мөргөж, амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Тал” гэх газарт болсон байв. Хэрэг болсон гэх газарт 17-12 ******* улсын дугаартай саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хойт зүгт харж зогссон, баруун урд хаалга онгорхой,баруун хаалганы доод талд шороон дээр  амь хохирогчийг цэнхэр өнгийн хар оруулгатай цахилгаантай цамцаар бүтээсэн байв....Уг тээврийн хэрэгслийн баруун урд, зүүн урд дугуйны урд хэсгээр газар / шороо/ дээгүүр хөндлөн гарсан тээврийн хэрэгслийн / усан хээтэй/ мөр гарсан байх ба 17-12 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд 2 дугуй уг тээврийн хэрэгслийн мөр дээгүүр давж гараагүй байна.17-12 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар хэсгээр тээврийн хэрэгслийн мөр байхгүй, хүний мөр, олон тооны гарсан байх ба тээврийн хэрэгслийн мөр бүдгэрч арилсан байв...амь хохирогчийг бүтээсэн цамцыг сөхөж үзэхэд тархи нь цацарч газар /шороо/ дээр унасан, цээж хэсгээрээ ягаан өнгийн цамцтай хар хөх өнгийн өмдтэй, 2 хөл шулуун байрлалтай байв...17-12******* улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд дугуйд үзлэг хийхэд 195/65R1595Т гэсэн бичлэгтэй дугуй байх ба уг дугуйны дотор талын хээ хэсэгт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв.Амь хохирогчийг нүдээр харахад ямар нэгэн эд зүйлийн ул мөр байхгүй учир нарийвчилсан үзлэг хийлгэхээр шинжилгээнд хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-23-р хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон...Уг зам тээврийн осолд жолооч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг сайтар шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна... гэх акт / хэргийн 24-25-р хуудас/

17-12******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26-29-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 30-36-р хуудас/

 Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 38-43-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Ховд аймгийн ******* суманд 1989.08.09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал маладаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, ******* регистрийн дугаартай/... Зөөд овогт Лхагвасүрэнгийн Галсансанжаагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Тал” гэх газарт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийх уулзалтанд би эхнэр Зулаа, талийгаач бид гурав очсон. Орой  17 цагийн үед тарсан. Би уулзалт тараад эхнэр талийгаач хүүхэд хоёрыг үлдээгээд гэртээ ирээд малаа туугаад явж байтал манай сумын Одонтогтох гэх залуу мотоцикльтой ирээд “танай хүүхдийг дайрчихлаа” гэж хэлсэн. Би малаа орхичихоод буцаад ирэхэд талийгаачийн дээгүүр юмаар хучаад тавьчихсан байсан. Б.******* нь миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Манай талийгаачийн буяны ажилд гарсан зардал мөнгийг Б.******* гаргасан тул дахин нэхэмжлэх зүйлгүй, Б.******* болгоомжгүй ийм асуудал гаргасан тул гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг, 

Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уулзалт тараад гэр лүүгээ явах гэж байтал 17-12 ******* улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн урд хүүхэд зогсож байсныг Б.******* харалгүй машинаа асаагаад хүүхэд дээгүүр гарчихсан.Би тухайн үед сигналдаад, гэрлээрээ дохиод сонсоогүй.Тэгээд хүүхэд дайрснаа мэдээд машинаа зогсоогоод бууж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 57-60-р хуудас/

Гэрч С.Энх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уулзалтанд очоод тарчихаад гэр лүүгээ явахаар машиндаа ороод сууж байтал Приус машины урд талд нь хүүхэд байсныг харалгүй дайраад гарчихсан.Жолооч нь эрэгтэй хүн байсан.Манай дүү уг тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож хөдөлгөсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 62-64-р хуудас/

Гэрч Л.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хурал тарчихаад манай нөхөр Б.******* бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл машин юман дээгүүр гарч байх шиг болсон.Б.******* машинаас буугаад хаалгаа онгорхой орхичихоод доош тонгойгоод байхаар нь би буугаад очсон чинь хүүхэд дайрагдсан байсан.Амь хохирогч хүүхэд хаана байсныг би хараагүй. Машинд манай нөхөр Б.******* бид хоёр байсан, Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 66-69-р хуудас/

Гэрч М.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хүмүүс орилж хашгираад байхаар нь очсон чинь саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хүүхэд дайрсан юм шиг хүүхэд доогуур нь хэвтэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 71-73-р хуудас/

Гэрч Д.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийх уулзалтанд Засаг дарга М.Баатарын хамт очоод уулзалт тарж байх үед хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очтол 17-12 ******* улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хүүхэд дайрсан байсан. Машины хажууд жолооч Б.*******, жолоочийн эхнэр Л.Ганцэцэг, амь хохирогчийн ээж нар байсан... гэх мэдүүлэг / хэргийн 76-79-р хуудас/

Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Хүмүүс “аваарь болчихлоо” гэхээр нь очиж харахад хүүхэд тархи хэсгээрээ дайрагдсан Приус машины баруун урд дугуйны ард машин доогуур байсан.Тухайн үед шоконд ороод сайн харж чадаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 81-83-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай ... Г.*******ын гэх цогцост гадны нөлөөтэй гэмтлүүд тогтоогдлоо.Г.*******ын гэх цогцост суурь ясны бяцарсан хугарал, дух ясны баруун дунд хэсгээс зүүн чамархайн ясыг дайрч дагз ясны баруун дунд хэсэг хүрсэн гавлын ясны бяцарсан ил хугарал, духны баруун хэсгээс зүүн чамархай хэсгийг дайрч дагзны дунд хэсэг хүрсэн хуйхны урагдсан шарх, духны баруун дээд хэсгийн зулгаралт, духны дунд доод хэсэг, хамар болон хамрын уг хэсэг дээд доод уруул хэсгийн зулгаралтууд зүүн нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Г.*******ын цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

Г.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Г.******* нь тухайн хэрэг учралын үед гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 89-91-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай химийн шинжилгээний...Б.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Б.*******ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт / хэргийн 93-95-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... 2021 оны 08 сарын 12- ны өдөр УИХ- ын гишүүн Б.Пүрэвдорж уулзалт хийж байна гэхээр нь эхнэр Л.Ганцэцэгийн хамт өөрийн 17-12 ******* улсын дугаартай приус маркийн машинтай очсон. Орой уулзалт тараад машинаа асгаагаад хөдөлтөл машин юман дээгүүр гарах шиг болсон. Өөдөөс хараад зогсож байсан машин сигналдаад гэрлээрээ дохиод байхаар нь машинаа зогсоогоод хаалга онгойлготол машины баруун урд дугуйны хажууд хүүхэд байсан. Тухайн үед сандраад татаад гаргаад ирсэн. Манай эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй.  Миний хариуцлагагүй алдаанаас болж болгоомжгүйгээр Г.*******ын амь насыг  хохироосонд гэмшиж байна. Миний эхнэр талийгаачийн авга эгч нь, би хүргэн ах нь байсан юм. Би талийгаачийг хэзээ миний машинд ирснийг мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 110-111-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын 1 сая гаруй төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн талаас уучлалт  гуйж байна ... гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ Тал” гэх газарт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн, 17-12 ******* улсын дугаартай,Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохоор хөдөлгөн уг тээврийн хэрэгслийн хажууд байсан 1 нас 10 сар 2 хоногтой  хохирогч Г.*******ыг харалгүйгээр дайрч, Монгол улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 10.1-д “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг сайтар шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчиж амь насыг нь хохироосон  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т... “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг сайтар шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх  заалтыг  зөрчиж зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн хажууд байсан 1 нас 10 сар 2 хоногтой Г.*******ыг дайрч амь насыг хохироосон нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Галсансанжаагийн мэдүүлэг, гэрч Л.Лхагвасүрэн, С.Энх-Очир, Л.Ганцэцэг,М.Баатар,Д.Баатарсүрэн, Б.Пүрэвдорж нарын мэдүүлэг,2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдлон тогтоогдож байгаа ба шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэм буруу,  хэргийн  зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнийг  эхлүүлэхдээ  тээврийн хэрэгслийн эргэн тойрны орчны байдлыг сайтар харж, шалгаагүй хайнга хандсан, мөн бага насны хүүхдэд эцэг эхийн зүгээс хараа хяналт   тавиагүйгээс тээврийн хэрэгслийн хажууд байсан бага насны хүүхдийг дайрч  амь нас нь  хохироход хүрсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна.

 Энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.******* нь  үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  хохирогч нас барснаас учирсан оршуулгын зардлыг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь  хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан  тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Галсансанжаагийн ... Манай талийгаачийн буяны ажилд гарсан зардал мөнгийг Б.******* гаргасан тул дахин нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлгээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн  115 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Ганбаатарын  өгсөн...Б.******* нь даруухан, уурлаад байдаггүй,эцэг эхээс  дүүтэйгээ хоёулаа, Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг  боловч зан аашийн хувьд өөрчлөгдөөд байдаггүй. 8 дугаар анги төгсөөд эцэг эхийнхээ хамт мал малласан. Одоо эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг...  гэх мэдүүлэг / хэргийн 86-87-р хуудас/ Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, хохирогч Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл,Б.*******ын “Жолоочийн үнэмлэх”-ний хуулбар зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан нөхцөл хангагдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байгаа тул шүүгдэгч Б.*******ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******ын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Төрийн банкны 111100017240 тоот дансанд 1 сая төгрөг битүүмжилснийг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх дүгнэлт гаргав.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батзаяа: Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа,хохирогчид төлөх хохирол төлбөргүй.Б.******* нь 0-10 насны 5 хүүхэдтэй, айлын мал маллаж амьдардаг байгаа.Улсын яллагчийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүй, тэнсэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Мөн албадлагын арга хэмжээг мөн зөвшөөрч байна ...  гэх дүгнэлт гаргав.

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  шүүх хуралдаанаас  шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  хохирогч нас барснаас учирсан хохиролд 1 сая төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн дүгнэлт болон шүүгдэгчийн  хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасч, 1 жил 5 сарын  хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 -д заасан...тэнссэн хугацаанд  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг тайлбарлаж, шүүгдэгч Б.*******од хяналт тавихыг Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Төрийн банкны 111100017240 тоот дансанд 1 сая төгрөг битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.1, 36.1, 36.2,1,2,4, 36.6, 36.7, 36.8 ,36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан ... авто тээврийн хэрэгсэлийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 05/ тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогч нас барснаас учирсан хохиролыг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од  тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан журмыг шүүгдэгч Б.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.*******од  оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон хорих ял оногдуулахгүйгээр  01 жил 05 сарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн  1000000 төгрөг бүхий Төрийн банкны 111100017240 тоот дансыг  битүүмжилсэн прокурорын  2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Т.ЦЭЦЭГМАА

Top of Form