Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00546

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр

         Дугаар 142/ШШ2017/00546

Орхон аймаг

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Хөтөлийн 29-44 тоотод оршин суух, Энх овогт Нямдаваагийн Энхтуяагийн /МЛ90040805/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын 10 дугаар гудамж, 25 тоотод оршин суух, Сартуул овогт Цэдэндамын Ариунболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Энхтуяа, хариуцагч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Н.Энхтуяа нь 2010 онд Ц.Ариунболдтой танилцаж, түүнтэй хамт амьдарч байсан ба 2011 оны 08 сарын 18-ны өдөр бидний дундаас хүү Э.Мөнх-Ирээдүй төрсөн. Ц.Ариунболд нь хүүхэд төрсөнөөс хойш хүүхдээ тэжээн тэтгэж байгаагүй бөгөөд ажил хийж олсон мөнгөө өөртөө зарцуулж, согтууруулах ундааны зүйлд зарцуулдаг. Хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдийн хэрэгцээний зүйлд зарцуулах мөнгө өгөхийг олон удаа хэлсэн боловч огт тоодоггүй ба цалин мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн шалтаг хэлж өдийг хүрээд байна. Миний бие хүүхэд байхдаа ширээн дээрээс унаж гэмтсэний улмаас нурууны сүрьеэ өвчнөөр өвдсөн ба одоо хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул группын мөнгөөрөө хүүгийнхээ хэрэгцээг хангаж, өөрийн эрүүл мэндэд анхаарал тавилгүй амьдарч байна. Хүний адил хөдөлмөр эрхлэх чадвартай байсан бол Ц.Ариунболдоор хүүгээ тэжээн тэтгүүлэлгүйгээр өөрөө хүүгийнхээ хэрэгцээг зохицуулаад явах байсан. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна.

Иймд Ц.Ариунболдыг хүү Мөнх-Ирээдүйгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ариунболд болон Н.Энхтуяа нар баталгаатай гэр бүл биш. Тухайн үед Н.Энхтуяа нь баталгаатай гэр бүлийг үймүүлж ар гэрийг нь салгасан. Үүний улмаас одоо өөрийн охин болох Ц.Чанцалдуламд тэтгэвэр тогтоолгон төлж байгаа. Мөн би хүү Мөнх-Ирээдүйн эцэг мөн гэдэгт эргэлзэж зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Мөнх-Ирээдүйн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Энхтуяагийн иргэний үнэмлэхний лавлагаа, “Энхжин мандариваа” ӨЭТ тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3640 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Ц.Ариунболдод холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.Ариунболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Н.Энхтуяа, Ц.Ариунболд нар нь 2010 онд танилцаж хамтран амьдрах болсон байх бөгөөд 2011.08.18 өдөр хүү Э.Мөнх-Ирээдүйг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зохигчдын тайлбар, 3640 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Мөнх-Ирээдүйгийн төрсөн эцэг нь Ц.Ариунболд мөн эсэх талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

             Зохигчид нь гэр бүл болж эхнэр нөхрийн журмаар амьдарч байсан байх боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байх тул эцэг тогтоолгох, хүү Э.Мөнх-Ирээдүйг эх Н.Энхтуяагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг Ц.Ариунболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдав.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.Мөнх-Ирээдүйгийн эцэг нь Ц.Ариунболд мөн болохыг тогтоосугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011.08.18-ны өдөр төрсөн хүү Э.Мөнх-Ирээдүйг эх Н.Энхтуяагийнх нь асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Мөнх-Ирээдүйд бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ц.Ариунболдоор нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Ариунболдоос 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

5. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН