| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0457/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/304 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/304
2021 05 12 2021/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч С.Болорзул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал,
Шүүгдэгч Ш.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..................оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш.С, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ш.С нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны төв салбарт ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч Жан Юйчинийн 340004110954 тоот хадгаламжийн данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 401.480.000 төгрөгийг, харилцагч Хироши Эндогийн 340003174301 тоот хадгаламжийн данснаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 33 сая төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 сая төгрөгийг 2 удаагийн үйлдлээр 52.000.000 төгрөгийг,
Мөн Баянгол дүүрэг дэх Барс тооцооны төвийн харьяа “Хотын гааль” тооцооны төвд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд харилцагч Л.Халтарын 108900042884 дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 134,150,000 төгрөгийг, харилцагч Г.Баасанжавын 108900044330 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 140.000.000 төгрөгийг авч завшиж улмаар уг гүйлгээг нуун далдлах зорилгоор салбарын дотоодын замд яваа данснаас нөхөж хийн, дээрх хугацаанд нийт 89 удаагийн үйлдлээр бэлнээр болон бэлэн бусаар гүйлгээ хийж Төрийн банкнаас нийт 775,951,961 төгрөгийг авч завшсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж нийт 1.229.431.961 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн Халтар гэх хүний гомдлын дагуу Барс тооцооны төвийн хотын гааль касс дээр очиж шалгалт хийсэн. Халтар нь миний дансанд байсан 68.737.057 төгрөг байхгүй байна гэж гомдол гаргасан. Тухайн үед манай газрын 2 хянагч, шалгагч очиж шалгалт хийсэн бөгөөд кассад тооллого хийсэн. Кассад тооллого хийсэн гэдэг нь тухайн тооцооны төв дээр байгаа иргэдэд үйлчилж байгаа бэлэн мөнгийг тоолсон гэсэн үг. Уг тооллогоор кассын мөнгө дутсан байсан. Түрүүнд ярьж байсан замд яваа мөнгө, дотоодын данс гэж байгаа тухайн салбар нь төв банктайгаа харьцдаг данснуудад хий орлого үүсдэг гэсэн үг. Тийм данснуудаас өөрийн авч хэрэглэж дутаасан мөнгөө нөхөж хийсэн нөхцөл байдал илэрсэн. Шалгалтын явцад Барс тооцооны төв дээр нийт 734.350.320 төгрөгийн хохирол үүссэнээс Ш.С нь 535.450.320 төгрөгийг буцаан төлсөн байсан. Одоогийн үлдсэн бодит хохирол нь 198.900.000 төгрөг. Шалгалтаар Ш.Сын өмнөх ажлуудыг шалгаж үзэхэд Төв салбар дээр олон удаагийн үйлдэл хийгээд бодитоор 453.420.000 төгрөгийн хохирол учруулсан. Төрийн банкны 2 салбарт нийт бодитоор 652.380.000 төгрөгийн хохирол учруулсан. Бодит хохирол болох 652.380.000 төгрөгийг Ш.Саас нэхэмжилж байна. Ш.Сын төлсөн, оруулж, гаргасан мөнгөнүүдийн нийт хэмжээ нь 1.256.567.000 төгрөг. Энэ орсон гарсан мөнгөний тооцоо нь 4 харилцагчийн мөнгө болон хотын гааль тооцооны төвөөс олон удаагийн үйлдлээр авсан 734.350.000 төгрөг зэргийг нэгтгээд гаргаж байгаа үнийн дүн...” гэв.
Эрүүгийн 1909027750869 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ш.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...х бет цахим спортын мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Учир нь их хэмжээний мөнгөний асуудалд орсон. Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төрийн банкны төв салбар дээр ахлах теллерээр ажиллаж байхдаа кассад байгаа бэлэн мөнгөнөөс 10 сая, 20 саяар өөрөө бэлнээр авч гараад 1хбет гэдэг бооцоо тавьдаг тоглоомыг тэр мөнгөөрөө тоглодог байсан. Кассаас авсан мөнгө их болоод ирэхээр нь хугацаатай хадгаламж эзэмшигч БНХАУ-ын иргэн Жан Юйчинийн хугацаатай хадгаламжийг цуцлаад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 160.000.000 төгрөгийг зарлагдаад кассаа тэнцүүлсэн. Мөн түүнээс хойш кассад байгаа бэлэн мөнгөнөөс 10 сая, 20 саяар өөрөө бэлнээр авч гараад 1хбет гэдэг бооцоо тавьдаг тоглоом тоглож алдсаар байгаад кассын дутагдал их болоод ирэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 90.000 ам.доллар буюу 231.480.000 төгрөгийг зарлагадаад кассаа тэнцүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг шууд зарлагын баримт үйлдээд харилцагчийн гарын үсгийг зуралгүйгээр өөрөө шууд бэлнээр авсан. Ингээд нийт 401.480.000 төгрөгийг хугацаатай хадгаламж эзэмшигч БНХАУ-ын иргэн Жан Юйчинийн данснаас авсан... Өөрөө ажил дээрээ байж байхдаа манай харилцагч Япон улсын иргэн Хироши Эй гэдэг хүний данснаас 2 удаа 33 сая төгрөгөөр, 19 сая төгрөгөөр мөнгө хүүлэгчийн данс руу шууд шилжүүлээд өрөө төлчихсөн. Би ахлах теллер байсан учраас миний үйлдэл мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-57, 106-108, 2 дугаар хх-ийн 103-106, 119-120, 169-171, 3 дугаар хх-ийн 163-166 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээгээр 775.951.961 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ нь ямар учиртай гэхээр тухайн ажилтан гүйлгээ хий гаргаад эргээд орой нь гүйлгээг буцаах замаар хийсэн байна. Орой нь гүйлгээ буцаахаар тухайн өдрийн хийгдсэн гүйлгээ хүчингүй болж программд бүртгэгддэггүй. Энэ мэтчилэн шинжилгээгээр гарсан 775.951.961 төгрөгийг гарган ашиглаад эргээд санхүүгийн шалгалт орох үед 491.265.601 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс 291.881.515 төгрөгийг нөхөн төлсөн байна. Ингээд үлдэгдэл 198.384.086 төгрөг байна. Энэ мөнгө бол Барс тооцооны төвийн харьяа Хотын гааль касст учирсан хохирол байгаа юм. Үүн дээр харилцагч Хироши Эндо, Жан Юйчин нарын хадгаламжийн данснаас авсан нийт 453.480.000 төгрөгийг манай Төрийн банкнаас төлсөн. Тийм учир энэ нийт хохирол болох 651.864.086 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 144 дүгээр хуудас/,
Хохирогч Жан Юйчинь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны төв салбар дээр өөрийн биеэр очиж амьдралынхаа туршид хуримтлуулсан 300.087.966,04 төгрөгийг хадгаламжийн данс нээлгэж 1 жилийн 17,8 хувийн хүүтэй, 370 хоног буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 429 дугаартай ахлах теллер дээр очиж хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж мөнгөө хадгалуулсан. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны төв салбар дээр өөрийн биеэр очиж хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгуулахад миний мөнгө 350.317.123,33 төгрөг болсон байсныг 1 жилийн 16,8 хувийн хүүтэй, 366 хоног буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 718 дугаартай теллер дээр очиж 340004110954 дансны дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгуулсан. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр очиж хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ сунгуулахад миний мөнгө 400.009.740,05 төгрөг болсон байсныг 1 жилийн 15 хувийн хүүтэй, 366 хоног буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 717 дугаартай теллер дээр очиж 340004110954 дансны дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгуулсан. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгуулахаар Цэцэг төвийн эсрэг талын Төрийн банкны салбар дээр очсон чинь “таны хугацаатай мөнгөн хадгаламжид 3.200.000 төгрөг үлдсэн байна” гэхээр нь би бүр гайхаад “яагаад миний мөнгө ийм бага болсон талаар” банкны теллерээс асуухад бид нар “шалгаад өгчихье” гээд миний хадгаламжийн дэвтэр дээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойших хадгаламжийн дансны мэдээллийг дэвтэр дээр бичилт гаргаж өгсөн... Захирал нь миний гарын үсгийг цагаан цаасан дээр бичүүлж авч үлдсэн. Мөн миний хадгаламжийн гэрээг хуулбарлаж авч үлдээд “та нар битгий санаа зовоорой, бид нарын буруу, бид нар таны бүх мөнгийг буцаж оруулж өгнө, манай дотоод хяналт шалгалтаараа шалгуулъя” гэж хэлсэн. Миний хугацаатай мөнгөн хадгаламжийн мөнгө зөвхөн миний гарын үсгээр орлого, зарлага хийдэх ёстой. Би уг хадгаламжийг хэн нэгэнтэй хамтарч эзэмшдэггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ш.С нь хохирогч Жан Юйчинийн данснаас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 160.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 231.480.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийн гүйлгээ тус тус хийж завшсаныг нотолсон баримтууд /1 дүгээр хх-ийн 6, 28, 38 дугаар хуудас/,
Хохирогч Хироши Эндо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...миний 340003174301 тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 33 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 сая төгрөгийн шилжүүлэг ХААН банкны 5166395695 тоот Нямаа гэсэн данс руу гүйлгээ хийгдсэн байсан. Миний бие Япон улсаас Монгол улс руу ямар нэгэн ажлаар ирэх шаардлага байгаагүй. Миний харилцах данснаас миний зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн байна. Мөн банк хоорондын гүйлгээний баримтад миний гарын үсэг зураагүй байна. Миний хувьд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-99 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Баасанжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Төрийн банканд 108900044330 дугаартай нэг жилийн хугацаатай хадгаламжийн дансыг эзэмшдэг. Тэгээд одоогоос нэг сар орчмын өмнө над руу Төрийн банкнаас хүн залгаад “танаар гарын үсэг зуруулмаар байна, та данснаасаа гүйлгээ хийсэн үү” гэж хэлэхээр нь санаа зовоод очиж уулзахад “таны данснаас 140.000.000 төгрөг гарчихсан байна, уг мөнгийг буцаагаад хийчихсэн байгаа, уг дансанд байршсан мөнгөний хүүг ямар нэгэн байдлаар алдагдалгүй тооцож хийнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ мөнгийг минь буцаагаад хийчихсэн юм чинь тоогоогүй. Төрийн банк миний дансанд мөнгийг буцаагаад хийчихсэн. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/,
Хохирогч Л.Халтар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Төрийн банканд 108900042884 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансыг эзэмшдэг. Уг дансандаа би өөрийн тэтгэврийн мөнгийг нэмж хийгээд хадгалсан байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын сүүл орчмоор миний дансны хамтран эзэмшигчээр миний охин Эрдэнэчимэг байгаа эсэхийг шалгахаар очихдоо мөн дансны үлдэгдлээ шалгаж үзэхэд миний дансанд 198.000 төгрөг үлдчихсэн байна гэж хэлэхээр нь би гэртээ очиж банкны хадгаламжийн дэвтрээ авч ирэхэд ямар нэгэн орлого болон зарлага хийгээгүй байсан талаараа хэлсэн. Тэгээд би өөрийн охин Эрдэнэчимэгт хэлэхэд Төрийн банкны дотоод хяналт шалгалтад хандсан. Төрийн банкнаас миний данс руу буцааж мөнгийг хийсэн. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Гэрч Б.Амарсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны Гааль тооцооны кассад хадгаламжтай иргэн Халтар гэх хүнээс “миний данснаас гүйлгээ хийгээгүй байхад 68 сая төгрөг алга болсон байна” гэсэн гомдлыг манай лавлахад гаргасан байсан. Үүний дагуу манай банкны дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагч Энхбаяр, Пүрэвжав гэх 2 шалгагч газар дээр нь ажилласан. Газар дээр нь ажиллаад иргэн Халтарын 108900042884 тоот данснаас хий гүйлгээ хийж 68 сая төгрөг данснаас нь гарсан нь тогтоогдсон. Хяналт шалгалт хийсэн хүмүүс нь кассын ахлах теллер Ш.Саас гүйлгээ хийсэн баримтуудыг нэхэхэд байхгүй байсан. Ингээд өдөр 12 цаг 35 минутад Ш.С нь ажлаасаа гарч яваад дахиж ажил дээрээ ирэлгүй алга болсон. Манай шалгагч нар цааш шалгалтаа үргэлжлүүлэхэд одоогийн байдлаар 100 гаруй мянган долларын гүйлгээ мөн хууль бусаар хийгдсэн байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Гэрч Г.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Ш.Сын ах Нямбат нь өөрийнхөө ХААН банкны 5111021984 тоот данснаас нийт 4 удаа 55.850.000 төгрөг тоглоомын данс руу хийчихээрээ гэж шилжүүлснийг би тэр даруйд нь 5124048016 тоот Батням гэх хүний данс руу нь шилжүүлж өгч байсан. Мөн миний дансанд тоглоомын хожсон мөнгө гэж ХААН банкны 5037063268 тоот данснаас 2 удаа 20.000.000 төгрөг, 5124048016 тоот данснаас 2 удаа 12.000.000 төгрөг орж ирсэн. Нийт тоглоомын хожсон мөнгө гэж миний дансаар 32 сая төгрөг орж ирснийг С буцааж авсан... би хаанаас ямар учиртай мөнгө олж миний дансанд хийж байсныг нь сайн мэдэхгүй. Би Сыг тоглоомоос хожсон мөнгөө миний дансанд хийж байсан гэж ойлгож байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-207 дугаар хуудас/,
Гэрч П.Булгамаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би Тэди төв дээр ажил дээрээ байж байтал С утсаар 12 цагийн орчимд залгаад “уулзах хэрэгтэй байна, ажлынхаа гадаа гараад ирж чадах уу” гэсэн. Би чадна гэдгээ хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын гадаа ирсэн байна гэхээр нь би гарч очсон ба юу болсон талаар асуухад С ажлынхаа мөнгөнөөс аваад тоглоом тоглочихсон байсан чинь шалгалт ороод ирлээ. Тэгээд би зугтаад гараад ирлээ гэсэн... “Тийм их мөнгөний ард яаж гарах юм” гээд байсан боловч яг хэдэн төгрөг гэдгээ хэлээгүй... 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С бид 2 хамт хот руу орж ирж Өргөө кинотеатрын урд байрлах ХААН банкнаас миний дансанд байсан 264.800.000 төгрөгийг доллар болгосон ба 100.000 доллар болсон...С 2018 оны 12 дугаар сарын сүүлд байх яг сайн санахгүй байна, интернэтээр тоглодог тоглоомд миний нэрээр аккаунт үүсгэж бүртгүүлчихье гэж байсан. Тухайн үед би тэг тэг гэж байсан. Миний ямар ямар мэдээ мэдээллийг ашигладгийг нь мэдээгүй ба сүүлд мэдэхэд уг тоглоомынхоо мөнгө төгрөг өгдөг авдаг дансаар миний ХААН банкны 5041261527 тоот дансыг бүртгүүлсэн байсан. Ер нь бол С миний банкны данс болон нууц дугаарыг бүгдийг нь мэддэг байсан. Ингээд би өөрийн дансаа цагаан сарын дараа нэг шалгахад миний мэдэхгүй их хэмжээний мөнгө төгрөг орж гарсан байсан ба үлдэгдэл 20 гаран сая төгрөг байсан. Ингээд Саас асуухад “хүнээс зээлсэн юм хүний мөнгө” гэж байсан... Сүүлдээ С “дансанд чинь мөнгө орсон байгаа, уг мөнгийг ийш тийш нь шилжүүлчих” гэдэг болсон. Голдуу ХААН банкны Батням гэсэн 5124048016 гэсэн данс руу хийлгэдэг байсан... Эх Энхтуяа, дүү Байгалмаа, эцэг Пүрэвсүрэн нарын хувийн мэдээллийг авч байгаад нэвтрэх хаяг нээж өгч байсан... Ерөнхийдөө цагдаад баригдах үед нь мэдсэн. Тэрнээс өмнө нь бол ямар нэгэн байдлаар мөнгөний эх үүсвэрээ хэлсэн асуудал бол надад байхгүй... би тухайн мөнгөнөөс ямар нэгэн байдлаар өөртөө авч хэрэглэсэн асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 208-214 дүгээр хуудас/,
Гэрч П.Байгальмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний ХААН банкны дансанд голдуу манай эгч Булгамаагийн 5041261527 тоот данснаас их мөнгө орж ирдэг байсан. Эгч залгаад “мөнгө орж ирсэн үү” гэдэг байсан. Тухайн үед нь би мөнгө орж ирсэн талаар эгчдээ хэлэхэд наад мөнгөө ийм данс руу хийчхээрэй гээд дансны дугаар өгдөг байсан. Би тэр данс руу нь орж ирсэн мөнгийг нь хийдэг байсан. Ямар учиртай мөнгө болохыг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 215-217 дугаар хуудас/,
Гэрч С.Золзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би хуралтай байж байтал 12 цаг өнгөрч байхад над руу манай тооцооны касс дээр шалгалт хийж байсан хүн намайг нэг харилцааны менежерээ дагуулаад түргэн хүрээд ирээч гэхээр нь би менежер Болормааг Хотын гааль тооцооны касс дээр дуудаад өөрөө явж очсон. Намайг очиход дотоод хяналт шалгалтын 2 шалгагч кассын мөнгийг тоолж Болормаад хүлээлгэж өгсөн. Надад харилцагчийн гомдлоор шалгалт хийсэн...бэлэн мөнгө авахдаа орой ажил тарах үед теллерүүд өдрийнхөө баримтын хамтаар бүх мөнгөө Ст хүлээлгэж өгдөг. С уг мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг өөрөө аваад уг авсан мөнгөө замд яваа мөнгө гэж тайланд тусгаад балансаа тэнцүүлдэг байсан байна. Банкны өдрийн гүйлгээний цаасан баримтыг бүгдийг нь надаар хянуулах ёстой байдаг ба С уг цаасан баримтынхаа заримыг нь нуусан байсан. Сүүлд ахаар нь дамжуулж авчруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 218-220 дугаар хуудас/,
Гэрч Ш.Нямбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Алтанцэцэг рүү дүү Сын ажилладаг банкнаас залгасан юм шиг байгаа юм. Манай ээж надад хэлэхдээ “дүү чинь банкнаасаа мөнгө төгрөг аваад үрсэн юм шиг байна, захирлууд нь залгаад байна” гэж хэлсэн... С миний ХААН банкны 5111021984 дугаартай дансанд мөнгө хийдэг байсан хаанаас хийдэг байсныг нь сайн анзаараагүй. Мөнгө хийчхээд утсаар залгаад дансанд чинь мөнгө хийсэн тоглоомын аккаунтыг цэнэглэчхээрэй гэдэг байсных нь дагуу би өөрийнхөө тоглоомын аккаунтыг цэнэглэдэг байсан. Тэгээд С миний аккаунтаар тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 221-223 дугаар хуудас/,
Гэрч С.Бекбулат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2015 оны үед хоёр Орос загасанд ирээд тэгээд надтай танилцаж байсан. Би өөрөө Орос хэлтэй учир танилцаж байсан юм ингээд анх танилцаж байх үед 1х бет сайт байна спортын бооцоот тоглоом учир тоглогч бооцоо тавихад эргээд мөнгө авахад Монгол данс ашиглах юм бол хамгийн хурдан тийм учир таны дансыг ашиглах хүсэлтэй байна гэх хүсэлт тавьсан. Тухайн үед би таньдаг хүнээсээ өөрийн дансаа өөр хүнд ашиглуулж болох уу гэж асуусан. Тэгэхэд болно болохгүй гэсэн зохицуулалт алга байна гэж хэлсэн. Мөн нэг шалтгаан нь би өөрөө Америк руу гарах гэж байсан тул би хүлээн зөвшөөрч дансаа ашиглуулах болсон. 2018 оны 03 сараас тухайн оны сүүлээр над руу цагдаагаас яриад дуудаж байсан. Би энэ талаар Оросуудад хэлээд дансаа ашиглуулахаа больсон. Миний хувьд Монгол тоглогч нарт энэ тоглоомын талаар мэдээлэл өгч байсан удаа байхгүй, харин миний дансыг ашиглаж байсан Орос талаар спортын хэллэгийн талаар асуудаг байсан. Тэр үед нь би хариулан орчуулж өгдөг байсан удаа байгаа. Би 1х бет сайтаар орж харахад уг сайт дээр албан ёсны эрхтэй гээд зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг байршуулсан байсан. Тийм учир албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна гэх ойлгож байна. 1х бет сайт олон улсын спорт бооцооны сайт гэж байсан. Бооцооны мөнгө хаашаа шилждэг, мөн бооцооны мөнгө нь тоглогчийн нэр дээр хэрхэн байршдаг талаар мэдэхгүй байна. Энэ талаар миний дансыг ашигладаг хүмүүс хэлж байгаагүй. Тухайн үед би дансаа ашиглуулахдаа өөрийнхөө дансны гүйлгээ хийх нууц дугаараа хэлээд өгсөн байсан учир миний данснаас шилжүүлэг хийх нь надад хамаагүй данс ашиглаж байгаа хүмүүс хийдэг байсан. Хамгийн гол нь надад дансаар гүйлгээ хийгдэх нь чухал байсан. Надад хэлэхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй энэ чинь өөрөө олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шаардлагагүй гэж ойлгуулсан. Тухайн үед сайт руу ороод үзэж байсан гадаад зөвшөөрлийн бичиг байсан би тэрийг хараад Олон улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 117, 3 дугаар хх-ийн 147-148 дугаар хуудас/,
Гэрч М.Батням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний хувьд уг сайтын орчуулагч хийдэг байсан. Анх уг сайтын 2011 онд оруулж байсан бөгөөд энэ үеэс Орос улсын иргэнтэй танилцаж байсан. Тэр хүн анх энэ сайтын талаар надад мэдээлэл өгч байсан. Ингээд энэ хүн хэсэг хугацаанд алга болсон бөгөөд 2018 оны сүүлээр нөгөө Орос хүн надтай холбоо бариад “чи Орос хэлтэй учир 1хбет сайтын орчуулагч хийгээд өгөөч, Монгол талаар тоглох хүний бооцооны мөнгийг Монгол иргэний дансаар шилжүүлэн авах юм бол төлбөрийн шилжилт хөдөлгөөн хурдан болох гээд байна” гэж хэлсэн. Би тухайн үед болох болохгүй талаар хүнээс асууя гэж хэлсэн. Ингээд дансаа ашиглуулж болохгүй талаар ямар нэг зохицуулалт байхгүй байсан тул би өөрийн дансаа ашиглуулах болсон юм. Мөн тухайн сайтад орчуулагч хийх болсон. Хэрхэн яаж мэдээлэл өгдөг байсан бэ гэхээр Монгол талаар тоглогч нь ямар нэг асуудал гарах юм бол над руу утсаар ярина тэрийг нь би цаашаа 1х бет гэсэн чат руу чат бичдэг юм. Тэр үед 1х бет сайтаас Орос хэл дээр мэдээлэл тайлбар ирдэг тэр тайлбарыг нь орчуулан мэдээллийг нь асуусан хүн рүү өгдөг байсан юм. Ийм ажил хийж байсан. Тэгтэл 2020 оны 01 сар буюу цагаан сарын үед над руу кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүн яриад энэ талаар Монгол улсын хуулиар хориглосон байсан тул миний ашиглуулж байсан дансыг цаанаас нь хаасан юм. Одоо миний данс хаагдан битүүмжлэгдэн 1х бет сайт миний дансыг ашиглахгүй байгаа. Миний дансыг ашигладаг байсан бөгөөд Оросоос гүйлгээ хийдэг байсан. Би тухайн үед дансаа ашиглуулах Орос хүнд дансны гүйлгээ хийх эрхийг шилжүүлсэн интернэт банкны гүйлгээ хийх нууц дугаараа хэлээд өгсөн байдаг байсан. Гүйлгээ хэрхэн яаж хийдэг талаар мэдэхгүй байна. Бооцооны хаана төвлөрөн шилждэг талаар мэдэхгүй, тэр Оросууд нь хийдэг байсан. Алег гэсэн Орос хүн байсан. Яг энэ хүнтэй холбоо барих талаар мэдэхгүй байна, 1х бет гэсэн сайт руу орвол болох байх гэж бодож байна. Чатаар холбоо барьдаг байсан болохоос өөрөөр холбоо барьж байгаагүй. Тийм учир сайн мэдэхгүй байна. Олон улсын сайт зөвхөн цахимаар ордог учир Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан эсэхийг би мэдэхгүй байна. Зөвшөөрөл авдаг гэж ярьж байгаагүй юм, би энэ сайтад орчуулагч, мөн дансаа ашиглуулж байсан, тэрнээс Монгол улсад зохион байгуулсан зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа цаанаасаа явагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 118, 3 дугаар хх-ийн 145-146 дугаар хуудас/,
Гэрч Э.Бадралын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнгөнтулгын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 167 дугаар хуудас/,
Гэрч Ц.Галбадрахын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/,
Жан Юйчинийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /1 дүгээр хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
“Төрийн” банк Депозит дансны харилцагчийн монгол хуулга /1 дүгээр хх-ийн 15, 85-88, 151, 2 дугаар хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хироши Эй-Стил-Эндогийн “Төрийн банк” Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Кассын зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
“Төрийн банк” Дотоодын дансны хуулга /1 дүгээр хх-ийн 164-173, 2 дугаар хх-ийн 5-12 дугаар хуудас/,
Төрийн банкны ажилтны анкет /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Төрийн банкны захирлын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1959 дугаартай “Ш.Сыг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал /1 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/,
“Төрийн банк” 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/901 дугаартай “Ш.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай” захирлын тушаал /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/,
Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 135-137 дугаар хуудас/,
Ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 138-139 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1 дүгээр хх-ийн 140 дүгээр хуудас/,
Банк хооронд бэлэн бус шилжүүлгийн баримт /1 дүгээр хх-ийн 152-155 дугаар хуудас/,
Банк хоорондын гүйлгээ /1 дүгээр хх-ийн 156-158 дугаар хуудас/,
Зузаатгалын гүйлгээ /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Galaxy A8 маркын хар өнгийн IMEI: 352022/09268137/6, 352023/09268137/4 1 ширхэг гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай…” гэжээ /1 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Л.Халтарын “Төрийн банк”-ны Депозит дансны харилцагчийн монгол хуулга /1 дүгээр хх-ийн 151, 2 дугаар хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Баасанжавын “Төрийн банк”-ны дансны хуулга /2 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,
Кассын орлогын баримт /1 дүгээр хх-ийн 156-158, 162-163 дугаар хуудас/,
Ш.Сын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /22 дугаар хх-ийн 21-39, 3 дугаар хх-ийн 2-67, 3 дугаар хх-ийн 2-67 дугаар хуудас/,
Ш.Нямбатын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 40-56 дугаар хуудас/,
П.Байгальмаагийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 75-84 дүгээр хуудас/,
П.Булгамаагийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 85-98, 197-250 дугаар хуудас/,
Касс, үнэт зүйлсийн албанд хийсэн шалгалтын тайлан /2 дугаар хх-ийн 176-191 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №187 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 60, 239 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 59, 234 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 61, 235 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 67-71, 142-149 дүгээр хуудас/, гэрч Г.Шомбонбаатарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.С нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны төв салбарт ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус банкны харилцагч Жан Юйчинийн 340004110954 тоот хадгаламжийн данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 401.480.000 төгрөгийг, харилцагч Хироши Эндогийн 340003174301 тоот хадгаламжийн данснаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 33 сая төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 сая төгрөгийг 2 удаагийн үйлдлээр 52.000.000 төгрөгийг,
Мөн Баянгол дүүрэг дэх Барс тооцооны төвийн харьяа “Хотын гааль” тооцооны төвд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд харилцагч Л.Халтарын 108900042884 дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 134,150,000 төгрөгийг, харилцагч Г.Баасанжавын 108900044330 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 140.000.000 төгрөгийг авч завшиж улмаар уг гүйлгээг нуун далдлах зорилгоор салбарын дотоодын замд яваа данснаас нөхөж хийн, дээрх хугацаанд нийт 89 удаагийн үйлдлээр бэлнээр болон бэлэн бусаар гүйлгээ хийж Төрийн банкнаас нийт 775.951.961 төгрөгийг авч завшсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж нийт 1.229.431.961 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Жан Юйчинийн “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ сунгуулахаар Цэцэг төвийн эсрэг талын Төрийн банкны салбар дээр очсон чинь “таны хугацаатай мөнгөн хадгаламжид 3.200.000 төгрөг үлдсэн байна” гэхээр нь би бүр гайхаад “яагаад миний мөнгө ийм бага болсон талаар” банкны теллерээс асуухад бид нар “шалгаад өгчихье” гээд миний хадгаламжийн дэвтэр дээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойших хадгаламжийн дансны мэдээллийг дэвтэр дээр бичилт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Хироши Эндогийн “...миний 340003174301 тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 33 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 сая төгрөгийн шилжүүлэг ХААН банкны 5166395695 тоот Нямаа гэсэн данс руу гүйлгээ хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Баасанжавын “...Би Төрийн банканд 108900044330 дугаартай нэг жилийн хугацаатай хадгаламжийн дансыг эзэмшдэг. Тэгээд одоогоос нэг сар орчмын өмнө над руу Төрийн банкнаас хүн залгаад “танаар гарын үсэг зуруулмаар байна, та данснаасаа гүйлгээ хийсэн үү” гэж хэлэхээр нь санаа зовоод очиж уулзахад “таны данснаас 140.000.000 төгрөг гарчихсан байна. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Халтарын “...Би Төрийн банканд 108900042884 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансыг эзэмшдэг. Уг дансандаа би өөрийн тэтгэврийн мөнгийг нэмж хийгээд хадгалсан байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын сүүл орчмоор миний дансны хамтран эзэмшигчээр миний охин Эрдэнэчимэг байгаа эсэхийг шалгахаар очихдоо мөн дансны үлдэгдлээ шалгаж үзэхэд миний дансанд 198.000 төгрөг үлдчихсэн байна гэж хэлсэн... Төрийн банкнаас миний данс руу буцааж мөнгийг хийсэн. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Амарсанаагийн “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны Гааль тооцооны кассад хадгаламжтай иргэн Халтар гэх хүнээс “миний данснаас гүйлгээ хийгээгүй байхад 68 сая төгрөг алга болсон байна” гэсэн гомдлыг манай лавлахад гаргасан байсан. Үүний дагуу манай банкны дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагч Энхбаяр, Пүрэвжав гэх 2 шалгагч газар дээр нь ажилласан. Газар дээр нь ажиллаад иргэн Халтарын 108900042884 тоот данснаас хий гүйлгээ хийж 68 сая төгрөг данснаас нь гарсан нь тогтоогдсон. Хяналт шалгалт хийсэн хүмүүс нь кассын ахлах теллер Ш.Саас гүйлгээ хийсэн баримтуудыг нэхэхэд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Анхбаярын “...Ш.Сын ах Нямбат нь өөрийнхөө ХААН банкны 5111021984 тоот данснаас нийт 4 удаа 55.850.000 төгрөг тоглоомын данс руу хийчихээрээ гэж шилжүүлснийг би тэр даруйд нь 5124048016 тоот Батням гэх хүний данс руу нь шилжүүлж өгч байсан. Мөн миний дансанд тоглоомын хожсон мөнгө гэж ХААН банкны 5037063268 тоот данснаас 2 удаа 20.000.000 төгрөг, 5124048016 тоот данснаас 2 удаа 12.000.000 төгрөг орж ирсэн. Нийт тоглоомын хожсон мөнгө гэж миний дансаар 32 сая төгрөг орж ирснийг С буцааж авсан... би хаанаас ямар учиртай мөнгө олж миний дансанд хийж байсныг нь сайн мэдэхгүй. Би Сыг тоглоомоос хожсон мөнгөө миний дансанд хийж байсан гэж ойлгож байсан... гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Булгамаагийн “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би Тэди төв дээр ажил дээрээ байж байтал С утсаар 12 цагийн орчимд залгаад “уулзах хэрэгтэй байна, ажлынхаа гадаа гараад ирж чадах уу” гэсэн. Би чадна гэдгээ хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын гадаа ирсэн байна гэхээр нь би гарч очсон ба юу болсон талаар асуухад С ажлынхаа мөнгөнөөс аваад тоглоом тоглочихсон байсан чинь шалгалт ороод ирлээ. Тэгээд би зугтаад гараад ирлээ гэсэн... “Тийм их мөнгөний ард яаж гарах юм” гээд байсан боловч яг хэдэн төгрөг гэдгээ хэлээгүй... уг тоглоомынхоо мөнгө төгрөг өгдөг авдаг дансаар миний ХААН банкны 5041261527 тоот дансыг бүртгүүлсэн байсан. Ер нь бол С миний банкны данс болон нууц дугаарыг бүгдийг нь мэддэг байсан. Ингээд би өөрийн дансаа цагаан сарын дараа нэг шалгахад миний мэдэхгүй их хэмжээний мөнгө төгрөг орж гарсан байсан ба үлдэгдэл 20 гаран сая төгрөг байсан. Ингээд Саас асуухад “хүнээс зээлсэн юм хүний мөнгө” гэж байсан... Сүүлдээ С “дансанд чинь мөнгө орсон байгаа, уг мөнгийг ийш тийш нь шилжүүлчих” гэдэг болсон. Голдуу ХААН банкны Батням гэсэн 5124048016 гэсэн данс руу хийлгэдэг байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Золзаяагийн “...бэлэн мөнгө авахдаа орой ажил тарах үед теллерүүд өдрийнхөө баримтын хамтаар бүх мөнгөө Ст хүлээлгэж өгдөг. С уг мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг өөрөө аваад уг авсан мөнгөө замд яваа мөнгө гэж тайланд тусгаад балансаа тэнцүүлдэг байсан байна. Банкны өдрийн гүйлгээний цаасан баримтыг бүгдийг нь надаар хянуулах ёстой байдаг ба С уг цаасан баримтынхаа заримыг нь нуусан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Нямбатын “...С миний ХААН банкны 5111021984 дугаартай дансанд мөнгө хийдэг байсан хаанаас хийдэг байсныг нь сайн анзаараагүй. Мөнгө хийчихээд утсаар залгаад “дансанд чинь мөнгө хийсэн тоглоомын аккаунтыг цэнэглэчихээрэй” гэдэг байсных нь дагуу би өөрийнхөө тоглоомын аккаунтыг цэнэглэдэг байсан. Тэгээд С миний аккаунтаар тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Байгальмаагийн мэдүүлэг,
Гэрч С.Бекбулатын мэдүүлэг,
Гэрч М.Батнямын мэдүүлэг,
Жан Юйчинийн Төрийн банкан дахь хадгаламж эзэмшигчийн баталгаажуулсан хуулбар,
Хироши Эй-Стил-Эндогийн “Төрийн банк” Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Л.Халтарын “Төрийн банк”-ны Депозит дансны харилцагчийн монгол хуулга,
Г.Баасанжавын “Төрийн банк”-ны Депозит дансны харилцагчийн монгол хуулга,
Ш.Сын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Ш.Нямбатын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
П.Байгальмаагийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
П.Булгамаагийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Касс, үнэт зүйлсийн албанд хийсэн шалгалтын тайлан,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №187 дугаартай дүгнэлт
Кассын орлого, зарлагын баримтууд,
“Төрийн банк” Дотоодын дансны хуулга,
Банк хооронд бэлэн бус шилжүүлгийн баримт,
Банк хоорондын гүйлгээ,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/,
Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ,
Төрийн банкны захирлын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1959 дугаартай “Ш.Сыг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал,
“Төрийн банк” 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/901 дугаартай “Ш.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай” захирлын тушаал,
Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Төрийн банкны ажилтны анкет, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ,
Шүүгдэгч Ш.Сын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Ш.С нь Төрийн банканд ахлах теллерээр ажиллахдаа банканд байршиж байсан мөнгийг дур мэдэн өөрийн болон бусдын эзэмшлийн банкны дансаар шилжүүлэн болон бэлнээр өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №187 дугаартай дүгнэлтүүд бусад баримтуудаар, тэрээр тус банканд ахлах теллерээр ажиллаж байсан нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ бусад баримтууд тус тус тогтоогдсон байх тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч нь хохирогчоос /Төрийн банкнаас/ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 1.229.431.961 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллаж, шүүгдэгч Ш.С нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн санал тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалаас “...Ш.Сын төлсөн, оруулж, гаргасан мөнгөнүүдийн нийт хэмжээ нь 1.256.567.000 төгрөг байгаа. Ш.С нь Төрийн банкны 2 салбарт нийт бодитоор 652.380.000 төгрөгийн хохирол учруулсан. Бодит хохирол болох 652.380.000 төгрөгийг Ш.Саас нэхэмжилж байна. Тэрээр 291.881.515 төгрөгийг өгсөн.....” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс 651.864.086 төгрөгийг төлөөгүй байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч Ш.Саас 651.864.086 төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банк /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал/-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Ш.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Galaxy A8 маркын хар өнгийн 1 ширхэг гар утсыг хохирол төлүүлэхээр зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж ажил албан тушаалын байдлаа далимдуулан амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Ш.Сыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ст оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ш.С-аас 651.864.086 төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банк /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Galaxy A8 маркын хар өнгийн 1 ширхэг гар утсыг хохирол төлүүлэхээр зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН