| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/342 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/342
2021 05 21 2021/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч Б.Ү, өмгөөлөгч Л.Хаш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээллийн системийн менежмент мэргэжилтэй, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хамтын ажиллагаа бизнес хөгжлийн хүрээлэнгийн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Ү, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Ү нь хохирогч А.Ганзориг, Б.Идэрбаатар нарт “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд зарлагдсан цэцэрлэгийн тендерийн ажлыг өвч өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Идэрбаатараас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134002737 дугаарын дансаар, хохирогч А.Ганзоригоос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хажууд байрлах бэлэн мөнгөний машинаас 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1909033551333 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Ү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний тухайд нийт 20.000.000 төгрөгийг авснаас Ганзоригт 5.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр болох 15.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Миний хувьд Идэрбаатар, Ганзориг нартай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан асуудал яригдаж байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих асуудал гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,
Хохирогч Б.Идэрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би анх Үтэй уулзаж байхад өөрийгөө Эрдэнэс Таван толгой компанитай холбоотой үйл ажиллагаа явуулдаг Хятадын 10 компанийн Монгол талыг хариуцсан төлөөлөгч гэж танилцуулж байсан ба яг тодорхой нэг компанийн нэр хэлээгүй. Фэйсбүүкээр Хятад компанийн хүмүүстэйгээ явж байна гээд янз бүрийн зураг болон бүтээн байгуулалтын ажил хийлээ гээд барилга, байшингийн зураг байнга явуулдаг, Хөвсгөл аймагт хүртэл ирээд уулзаад явж байсан. 2019 оны 05 дугаар сард Б.Ү надтай фэйсбүүкээр харилцаж байгаад “юу хийж байна” гэж бичихээр нь би “барилгын тендерт оролцох гээд материал бэлдэж байгаа” талаар хэлэхэд Б.Ү “би чамд нэг удаа тусалъя, танай Хөвсгөлд зарлагдсан барилгын тендер юу байна” гэхээр нь худалдан авах ажиллагааны газрын сайтаар ороод харахад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Төмөрбулаг суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан тухай хэлэхэд, “асуудал байхгүй, би наад барилгын ажлыг аваад өгье, чи тендерийн материалыг явуул, би хүнд үзүүлээд болохгүй байгаа зүйлийг хэлээд, засуулаад явъя” гэж хэлсэн. Би өөрийн компани дээр тендерийн материал бэлдээд Б.Үөд явуулахад хэд хоногийн дараа цаасан дээр баахан зүйл бичсэн хуудас надад фэйсбүүк хаягаар явуулсан ба уг бичиг дээр борлуулалтын орлого зэргийг засах гээд зүйлүүд бичсэн байсан. Тэгээд би түүний хэлснээр материалаа засаад буцаагаад явуулсан. Харин үүнээс хойш хэд хоногийн дараа “үнэлгээний хооронд 5 хүн байгаа, үүнээс 3 хүн нь манай талын хүн, харин 2 нь цааш харах гээд байна, энэ 2 хүнд тус бүрд нь 10.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн тул би шууд татгалзсан хариу хэлсэн ба “чи надад тусална гэж хэлсэн гэтэл яагаад одоо надаас мөнгө нэхээд байгаа юм, би чадахгүй” гэдгээ шууд хэлэхэд над руу байн байн залгаад “би чиний ажлыг бүтээх гэж гүйж байна, ямар ч асуудалгүй найдвартай бүтээж өгнө, чи 20.000.000 төгрөгийг гялс өгчих, хэрэв надад итгэхгүй байгаа бол манай аав Батжаргалын ажил дээр очоод надтай гэрээ хий, тэгээд ажил чинь бүтэхгүй бол мөнгөө буцаагаад ав” гээд бүр шалаад байсан. Ингээд би түүний үгэнд итгээд түүнд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банк дахь 5890572986 дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн яг энэ үед манай багын найз Ганзориг надтай яриад “ойр зуур хийчих ажил юу байна” гэхээр нь би Б.Үийн хэлсэн зүйлийг түүнд дамжуулан хэлэхэд “хэрэв энэ тендерийн ажлыг авчих юм бол гайгүй ашигтай юм байна” гэдгийг хэлэхэд А.Ганзориг мөнгө өгөхөөр болсон. Харин би мөнгө шилжүүлсний маргааш нь Улаанбаатар хотод ирээд Б.Үтэй уулзаад А.Ганзоригтой уулзуулаад 10.000.000 төгрөг авч өгөөд би түүнд 20.000.000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээг Ганзориг, Ү нар хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирогч А.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би найз Идэрбаатараас “богино хугацаанд хийчих ажил юу байна” гэж асууж байсан. Тэгэхэд “манай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд цэцэрлэгийн тендерийн ажил байгаа” гэж ярьж байсан. “Энэ тендерийг бүтвэл хоёулаа хийе” гэж ярилцсан. Дараа нь хот руу орж ирээд нэг хүн авч өгнө гэж байна хоёулаа авч өгч байгаа хүндээ мөнгө өгөх юм байна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад манай найз Идэрбаатар над руу залгаад нөгөө хүнтэйгээ цуг очиж байна. UB Place-ийн урд талд гараад ир гэсэн. Тэгээд би гарахад Идэрбаатар нь Үтэй цуг байсан. Би тэр хоёртой мэндлээд гар барихад “нөгөө тендерийн хүн чинь энэ байна, чи маргааш энэ хүнтэй уулзаад мөнгөө өгөөд гэрээгээ хийчхээрэй” гэж хэлээд бид салцгаасан. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би Үтэй Багшийн дээдийн их сургуулийн зүүн талын Хаан банкны АТМ-ын гадаа уулзсан. Тэгээд Нотариат ороод зээлийн гэрээ хийгээд буцаж гарч ирээд АТМ-с Үийн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 20-оос хойш над руу Идэрбаатар утсаар яриад “нөгөө тендер чинь худлаа боллоо одоо мөнгөө буцааж авъя” гээд Ү рүү залгахад утсаа авахгүй байж байгаад хариу мессеж бичээд удахгүй өгнө, мөнгөгүй байна ийм ч ажилтай байна тийм ч ажилтай байна гэж дандаа мессежээр харилцдаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 25-нд мөнгө хэрэгтэй байна гэхэд байгаа нь энэ байна гээд надад 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс мөнгө өгөөгүй утсаа ч аваагүй, мессежээр л харилцдаг байсан. Манай найз Үийн аавыг Санхүү эдийн засгийн сургуулийн захирал гэж хэлж байсан. Тэгэхээр би аавтай нь уулзах гээд СЭЗДС дээр очиж аав Батжаргалтай нь уулзах гээд очиход Ү өөрөө тааралдаад намайг хараад бантаад “мөнгийг чинь удаачихлаа одоо удахгүй өгнө” гэж хэлж байсан. 2019 оны 10 дугаар сар гараад Үийг мөнгөө өгөхгүй байхаар нь аавтай нь уулзахаар сургууль дээр очиход аав нь “Ү урд нь өчнөөн хүнд мөнгө өгөх ёстой гэж надаас хүмүүс мөнгө нэхэж ирсэн би төлж чадахгүй, нас биед хүрсэн хүмүүс хоорондоо учраа ол” гэж хэлж байсан. Би мөнгөө авах гэж 2 удаа гэрийн хаягаар нь очсон тэгэхэд хаалгаа тайлахгүй байсан. Түүнээс хойш би Үтэй уулзаагүй. Одоо өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
А.Ганзоригийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
А.Ганзоригийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А.Ганзориг болон Б.Ү нарын хооронд байгуулсан “№419 дугаартай зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /48-49 дүгээр хуудас/,
Б.Үийн Хаан банкны 5134002737 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89-91 хуудас/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74-85 дугаар хуудас/,
Б.Үийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 90 дугаар хуудас/,
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №1/107 дугаартай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын албан бичиг /хх-ийн 93 дугаар хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №1/1856 дугаартай Төрийн худалдан авах ажиллагааны газрын материал хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх-ийн 47, 51-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 160 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ү нь хохирогч А.Ганзориг, Б.Идэрбаатар нарт “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд зарлагдсан цэцэрлэгийн тендерийн ажлыг авч өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Идэрбаатараас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134002737 дугаарын дансаар, хохирогч А.Ганзоригоос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хажууд байрлах бэлэн мөнгөний машинаас 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ганзориг, Б.Идэрбаатар нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.Ү нь “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд зарлагдсан цэцэрлэгийн тендерийн ажлыг авч өгнө” гэж А.Ганзориг, Б.Идэрбаатар нарыг төөрөгдүүлэн хуурч тэдгээрийн эд хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Үийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Б.Ү нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Үийг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Идэрбаатар, А.Ганзориг нараас “...Гомдол санал байхгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 174-175/ гаргаж энэ талаар баримт шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Үийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Ү нь, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуут овогт Батжаргалын Үийг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үөд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хууль зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН