Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоотод байрлах, /Регистрийн дугаар: 4398467/, “Эгшиглэнт Солонго” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-23-58 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ВЭ64021804/, Таван ханхарынхан овогт Лхагвын Цогзолмаад холбогдох

3,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Л.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эгшиглэнт солонго” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Лхагва овогтой Цогзолмаа нь тус компанийн оруулан ирж худалдан борлуудаг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 12 сарын 09-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6 200 000 төгрөг|5а худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 300 000 төгрөгеөр тооцоо хийж 19 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно.

Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон 9 удаагийн төлөлтөөр нийт 3 700 000 төгрөг төлсөн боловч 2016.05.23-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 09 сарын 27-ны өдөр дуусгавар болсоноос хойш нийт 180 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 7.3-ийн дагуу тооцвол алданги 2 250 000 болсон байна.

Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2 500 000 төгрөг болон алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Цогзолмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Цогзолмаа нь “Эгшиглэнт Солонго” ХХК-аас хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 20174 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 6,200,000 төгрөгөөр худалдан авч 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөлт 300,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал сар бүр 300,000 төгрөгийг төлж байсан. 2016 оноос эрүүл мэндийн байдал болон зах зээлийн байдлаас болож төлж чадаагүйд хүрсэн. 2016 оны 05 дугаар сарын 23-нд бүх боломж бололцоогоо ашиглан 500,000 төгрөг төлсөн. Нийт 4,900,000 төгрөгийг төлсөн. Хямралын үед үлдэгдэл 1,300,000 төгрөгийг төлж чадаагүй. Уг төхөөрөмж нь судлаж үзэхэд 2 сая төгрөг хүрэхгүй байхад ийм өндөр үнээр зарчихаад алданги ярих шаардлагагүй гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХнь:

            Нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК нь хариуцагч Л.Цогзолмаагаас нь Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдаж авсны үлдэгдэл үнэ 2,500,000 төгрөг болон алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 1,300,000 төгрөг төлнө, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна.

            Зохигчид 2014 оны 12 сарын 09-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг 6,200,000 төгрөгөөр худалдаж, уг төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

            Талууд гэрээ байгуулагдсан, хивс цэвэрлэгчийг хариуцагчид шилжүүлсэн худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 300 000 төгрөгеөр тооцоо хийж 19 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон, уг эд хөрөнгө нь ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй байсан талаар маргахгүй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг урьдчилгаа болон 9 удаагийн төлөлтөөр нийт 3 700 000 төгрөг төлсөн боловч 2016.05.23-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 09 сарын 27-ны өдөр дуусгавар болсноос хойш нийт 180 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 7.3-ийн дагуу тооцвол алданги 2 250 000 болсон, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2 500 000 төгрөг болон алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна. 

            Хариуцагч нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2015 оны 1 сараас 12 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгийг төлж байсан, 2016 оноос эрүүл мэндийн байдал болон зах зээлийн байдлаас болж төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүх боломж бололцоогоо ашиглан 500.000 төгрөг төлсөн, нийт 4.900.000 төгрөг төлсөн, хямралын үед үлдэгдэл 1.300.000 төгрөгийг төлж чадахгүй байхад алдангийг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг нийт 3.700.000 төгрөг төлсөн гэж байгаа бол хариуцагч нийт 4.900.000 төгрөг төлсөн, 2015 оны 1 сараас 12 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгийг төлж байсан гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

            Гэвч хариуцагч нь нийт 4.900.000 төгрөг төлж барагдуулсан болохоо нотлож чадахгүй байх бөгөөд гэрээндээ төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хүү төлөхөөр талууд тохиролцсон байна.

             Шүүх Иргэний хуулийн 232.8-д зааснаар хивс цэвэрлэх зориулалттай ахуйн хэрэгцээний төхөөрөмжийг 6.200.000 төгрөгөөр үнэлэн худалдсан нь хэт өндөр үнэтэй, дээр нь анз тооцсон, энэ хэмжээ нь илт их байгаа тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж 200.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар нэхэмжлэгчээс эвлэрэх эсэх саналыг асуухад үлдэгдэл 2.500.000 төгрөг дээр 200.000 төгрөгний алданги тооцож эвлэрч болох юм гэсэн санал гаргаж, хэдийгээр хариуцагч үүнийг хүлээж авч эвлэрээгүй ч нийт 2.700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх 1,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Л.Цогзолмаагаас 2,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Цогзолмаагаас 58,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН