| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00467/И |
| Дугаар | 00561 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 00561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн шинэ хороо 6-5 тоотод оршин суух, Бүргэд овогт Хэнзээгийн Дандарын /Регистрийн дугаар: УР66092711/, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Дандар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Дандар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Х.Дандар нь 2012 онд хот хохижуулах газрын 1-р хэсэгт ажилд орсон. Б.Оюунбаяр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/07 тушаалаар ажлаас халсан. Би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 туүаалыг эс зөвшөөрч байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Хот тохижуулах газрын зам талбайн 1-р хэсгийн үйлчлэгчээр ажиллаж байсан Х.Дандар нь 2017 оны 01-р сарын 17-ны өдөр байгууллагын дарга ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байхад согтуугаар даргатай янз бурийг үг хэлээр маргалдаж ажил явуулах хэвийн байдал алдагдуулсан тул цагдаагийн газарт хэлж архи уусан эсэхийг шалгуулахаар согтолтын зэрэг тогтоогч багажаар үлээлгэхэд 0,66 хувийн согтолттой байсан.
Өөрөөс нь архи уусан талаар нь тодруулахад 2 найзтайгаа тааралдаад архи уусан гэж гэм буруугаа хүлээсэн. Х.Дандар нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа урьд өмнө нь удаа дараа архидан согтуурч байсан талаар ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.
Х.Дандар нь ажлын цагаар архи ууж бусдын амгалан тайван байдал алдагдуулж согтуугаар байгууллагын даргатай маргалдаж цагдаагийн шалгалтаар архи уусан нь тогтоогдсон тул 2017 оны 02-р сарын 31-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4., 131-р зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14-р зүйлийн 14. 4.12 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халагдсан байна.
Х.Дандар нь Байгууллагын дотоод журмын Ажлаас шууд халах үндэслэл нь 14.4.12./...ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан/, мөн хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.5.7-д ажилтай ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон...гэсэн заалтыг зөрчсөн байна.
Х.Дандар нь хамт олны хурал болон байгууллагын ёс зүйн хорооны хурлаар өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ажлаас халагдсан тушаалтайгаа 2017 оны 02-р сарын 01-ний өдөр танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Х.Дандар нь энэ өдрөөс хойш ажлаас халагдсан талаар ямар нэг гомдол маргаан гаргаагүй байж 2017 оны 04-р сарын 14-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заасны дагуу гомдол хугацаа хэтэрсэн хойно шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Дандар нь шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Дандарыг 2012 онд Хот хохижуулах газрын 1-р хэсэгт ажилд орж, ажиллаж байхад нь Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 14-р зүйлийн 14.4,14.4.12 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан байна.
Өөрөөр хэлбэл түүнийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж, байгууллагын даргатай хэрэлдэж маргалдан, байгууллагын амгалан тайван байдлыг алдагдуулж хөдөлмөрийн дотоод журамд ажлаас шууд халахаар заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэр өдөр найзтайгаа таарч нэг лааз пиво уусан, даргатайгаа маргаагүй, харин байгууллагуудаар орчных нь газрыг цэвэрлүүлж баймаар байна гэдэг санал гаргасан гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч нь байгууллагын даргыг ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи ууж, согтууран улмаар даргатайгаа маргалдаж ажил явуулах хэвийн байдлыг алдагдуулсан байх бөгөөд түүнийг архи уусан эсэхийг цагдаагийн газар мэдэгдэн шалгуулж, согтолтын зэрэг тогтоогч багажаар үлээлгэхэд 0.66 хувийн согтолттой байсан байна.
Тухайн үед нэхэмжлэгчээс архи уусан талаар нь тодруулахад “....2 найзтайгаа таараад архи уусан” гэж гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү хариуцагч нь байгууллагын дотоод журмын 14.4.12-д заасан “ Ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан”,мөн хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.5.7-д заасан “ ажилтан ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон” гэсэн ажлаас шууд халах үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
Түүнээс гадна Х.Дандар нь хамт олны хурал болон байгууллагын ёс зүйн хорооны хурлаар өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ажлаас халсан тушаалтайгаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцаж, тушаалыг хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү тушаалыг гардан авсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ийн “ ажилтан буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэсэн заалтыг зөрчиж 2 сар 10 хонгийн дараа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, энэхүү байдлаа нотлож чадаагүй болно.
Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 66 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Х.Дандарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН