Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/357

 

 

 

 

 

2021          05          27                                  2021/ШЦТ/357       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч М.Отгонбаатар, 

Хохирогч Д.Шинэбаатар,

Шүүгдэгч Д.Т, өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1909015261374 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Г.О” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 дугаар сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Т, /РД: /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Шинэбаатарт “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэтэй 2016 оноос хойш найзалж байна. 2018 онд Сэлэнгэ надтай тааралдаад хамтарч ажиллах санал хэлсэн. Тэрний дагуу 2018 оны 08 дугаар сард Баасандорж гэх хүнтэй анх уулзсан. Анх Чингэлтэй дүүргийн тендер цуцлагдсан учраас Хан-Уул дүүрэг рүү шилжсэн. Тендер 2019 оны 01 дүгээр сард задарсан. Гэвч манайх тендерт ялж чадаагүй. Нийгмийн даатгал болон татварт өртэй байсан учраас ялах ямар ч боломжгүй байсан. Үүнээс хойш тендерт ялаагүй учраас үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг төлөхөд хүндрэл үүсэж эхэлсэн. Анх 2019 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүрэг дээр дуудагдсан. Би хохирогчийн итгэлийг олж мөнгө авсандаа харамсаж байна. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Бид нар хамтарч ажиллаж бүгдээрээ байшин баръя, мөнгө олъё гэж бодож орсон. Баасандорж ах өөрөө 02 дугаар сараас хойш олдохоо больсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 02 дугаар сард компанид тендер дууссан талаарх материал авагдсан байх ёстой...” гэв.

 

Хохирогч Д.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...6.000.000 төгрөгийг өнөөдөр өглөө өгч байна.  09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үлдэгдэл төлбөрөө төлчихье, чиний 13.000.000 төгрөгийн хүүгийн хохирлоос ядаж 5.000.000 төгрөгийг нь хариуцъя гэсэн. Тодорхой хэмжээнд, танилын хүрээнд Сэлэнгэ гэх хүнд итгэснээр өөрийн гаргасан үйлдлээрээ хохирч байгаа учраас бусад зардлаа өөрөө хариуцъя гээд 09 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 14.000.000 төгрөгийг, хүүгийн нь 13.000.000 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг зөвшөөрч байгааг нь хүлээн зөвшөөрч баримт дээр гарын үсэг зурсан. Залуу хүн ажил хийж төлье гэж байгаа тул шүүгдэгчид хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхийг хүсэхгүй байна. 20.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 14.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 1909015261374 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би өөрийн танил Сэлэнгэ гэх эмэгтэйгээр дамжуулж Шинэбаатартай холбогдож хамтран ажиллахаар аман байдлаар тохирсон. Үүний дараа уулзаж цэцэрлэгийн тендерийн ажил дээр хамтран ажиллахаар болсон. Үйл ажиллагааны зардалд 40 сая төгрөг гарна үүнийг хоёр талаасаа гаргана гэж тохирсон. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд 17 сая төгрөг хийсэн ба үлдсэн 3 сая төгрөгийг Сэлэнгэ надад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Тэгээд ажлаа эхэлсэн. Би гадаад харилцаа хариуцаж хүмүүстэй уулзаж бичиг баримт бүрдүүлсэн. Тендерийн гол бичиг баримтыг Шинэбаатар “Цомбон тоосго” компани дээр бүрдүүлсэн. Бид нар тендерт орсон боловч “Цомбон тоосго” ХХК дээр бүрдүүлсэн материал маш их дутуу мөн санхүүгийн зөрчил илэрсэн. Бид нар тендерт шалгарч чадаагүй... Хамтран ажиллах хүнээ буруу сонгосон нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62, 75, 97-98 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Шинэбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 09 сарын үед байх өөрийн танил Баасандоржоор дамжуулан Сэлэнгэ, Т нартай танилцсан. Эдгээр хүмүүс тухайн үед надад “бид нар барилга барих тендерийг Төрөөс авах гэж байгаа юм, үүнд минь бага зэрэг санхүүгийн хөрнгө оруулалт дутаад байна, өөрийг чинь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг бидэнд хийгээч, тэр хөрөнгө оруулсан мөнгөөр чинь тендер авах үйл ажиллагаандаа зарцуулж тендерээ авчихаад хамтран ажиллая, Сэлэнгэ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг, Т нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг болохоор тендер авч байгаа, сургуулийн барилга барих гэж байгаа ба тус барилгыг барьж дууссаны дараагаар олсон цэвэр ашигаа тэнцүү хуваана, өөрт чинь ашгийн тал хувийг өгнө, дээр нь нэмээд 20 сая төгрөгийг чинь өгнө” гэхээр нь би өөрөө тооцоолж үзэхдээ хөрөнгө оруулалтаар оруулсан 20 сая төгрөг дээрээ нэмээд цэвэр ашиг нь 100 сая орчим төгрөг боллоо гэж бодход түүний тал гэхээр 50 сая төгрөгийг дор хаяж авчих юм шиг байна гэж тооцоолсон. Би эдгээр хүмүүстэй хамтарч ажиллах учраас барилга барих үйл явцад хамтран оролцож, хяналт  тавих болохоор энэ санал боломжийн санагдаад, дээр нь эдгээр хүмүүс төрийн байгууллагад ажилладаг гэсэн болохоор түүнд нь итгэж, итгэл төрсөн учраас тус 20 сая төгрөгийг хөрөнгө оруулалтаар оруулахаар болсон. Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамгийн эхлээд Дашчойлин хийдийн гадна машин дотроо бэлнээр 3 сая төгрөгийг Сэлэнгэд өгсөн. Тэр үед Т нь хамт байгаагүй. Үүний дараагаар тухайн өдөртөө би Тийн Хаан банкны 5069081430 дугаартай данс руу 17 сая төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “E Март” их дэлгүүрийн 1 давхарт байр Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаас түүний данс руу шилжүүлсэн. Ингээд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “хүүтэй зээлдүүлэв” гэж бичиж хийсэн. Т нь өөрөө ингэж бичиж шилжүүлээрэй гэхээр нь тэгж бичсэн. Учир нь Төрийн алба хаагч болохоор янз бүрийн асуудалтай байдаг болов уу” гэж бодоод хэлсэнээр нь бичсэн. Ингээд тэдгээрийн ажил эхлэхийг хүлээсэн бөгөөд одоог хүртэлх хугацаанд ямар нэгэн ажил явагдсан нь мэдэгдэхгүй, тендерээ авсан эсэх нь тодорхойгүй байгаа ба одоогоор надтай уулзахгүй, утасаа авахгүй байгаа юм. Тэр мөнгийг шилжүүлэн авсаныхаа хэд хоногийн дараагаас эхлэн бага багаар утсаа авахаа больчихсон ба одоогоор утсаа авахгүй байгаа юм. Сэлэнгэ нь 2018 оны 11 дүгээр сарын үеэс эхлэн өөрөө надад “би Тийг хайгаад олохоо больчихлоо, тэрээр чиний шилжүүлсэн мөнгийг аваад алга болчихлоо, ингэхээр ажил бол худал болчихлоо” гэх зэрэг зүйл яриад байсан. Одоогоор миний мөнгийг эргүүлэн өгөөгүй бөгөөд тус 20 сая төгрөгийг би өгөхдөө өөрийн танил О.Бямбадорж гэдэг хүнээс сарын 5 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. Өгсөн мөнгөн дүнгүүдээ нийлүүлээд Сэлэнгээтэй хамтын ажиллагааны хүрээнд бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан, үүгээр нотлогдоно. Хөндлөнгийн хүн гэвэл Баасандорж мэдэж байгаа. Энэ хамтран ажиллах зорилгоор эхний санхүүжилтийг хийж, ашигаа хувааж авахаар тохирсон. Зээлэх зорилгоор өгөөгүй. Ач холбогдолтой гэж бодоогүй учраас андуурсан байна, эхлээд 17 сая төгрөгийг Е Март дэлгүүрийн АТМ-ээс шилжүүлчхээд, дараа нь Дашчойлон хийдийн гадна үлдэгдэл 3 сая төгрөгөө Сэлэнгэд өгөнгөө нийт 20 сая төгрөг өгсөн талаараа тэмдэглэл бичиж үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 53-54, 92 дугаар хуудас/, 

 

Гэрч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие Баасандорж, Т нарыг таньдаг бөгөөд энэ хүмүүсээр дамжуулан анх танилцаж байсан. 2018 оны 08 дугаар сарын үед байх Шинэбаатар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт таних хүн байна уу, би нэг тендер авах гээд материалаа оруулчихсан байгаа, түүнийгээ авч чадахгүй байна” гэхээр нь “надад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт таних хүн байхгүй, би Тээс асууж үзье, би тусалж чадахгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд Ттэй ярьсан чинь “би тусалж болох байхаа” гэхээр нь тэр хоёрыг хооронд нь холбож өгсөн. Харин тэр 2 хүний дунд 20 сая төгрөгийн яриа болсон байсан. Түүнээс хойш 1-2 удаа Шинэбаатартай уулзсан байх. Гэхдээ ямар нэгэн байдлаар онцгой зүйл болон энэ тендерийн асуудлын талаар огт ярилцаагүй. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн үед Шинэбаатар над руу яриад “би танай гэрийн гадаа ирчихсэн байна, та түр гараад ирээч” гээд залгаад байхаар нь би гарч уулзсан. Тэр үед миний бие өвдсөн байсан болохоор гарч чадахааргүй байна гэдгээ хэлж, уулзахаас татгалзсан боловч байн байн залгаад, дуудаад байхаар нь би гарсан. Тэгээд уулзсан чинь  Шинэбаатар нь “би сая 17 сая төгрөгийг Тийн данс руу хийчихээд ирлээ, үлдсэн 3 сая төгрөгийг нь бэлнээр аваад ирлээ, үүнийг таньд өгчихье, би бичиг бичээд аваад ирсэн, үүн дээр гарын үсгээ зурчих” гээд гуйгаад байхаар нь тэр 3 сая төгрөгийг нь аваад, түүний бичиж ирсэн бичиг дээр нь гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахаасаа өмнө нь Тээс 17 сая төгрөгийг нь авсан эсэхийг нь асуухад авсан гэж хэлсэн болохоор нь би тэр бичиг дээр нь гарын үсэг зурсан. Би тэр дороо нөгөө авсан 3 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу хийгээд шууд Тийн данс руу шилжүүлсэн. Би ямар ч мөнгө аваагүй, залилуулсан гэх 20 сая төгрөгийг Т авсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Тийн ажил бүтэхээ больсон гэж сонссон. Тэгээд мөнгийг нь эргүүлэн өгөх гэхээр Шинэбаатар нь “би энэ мөнгийг хүнээс 5 хувийн хүүтэй зээлж авсан, харин одоо тэр хүүтэй нь буцааж өг” гээд байгаа гэсэн. Т нь би хүүгүй, үндсэн мөнгийг чинь буцааж өгнө гэж маргалдаад одоог хүртэл зөвшилцөлд хүрээгүй гэсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 55 дугаар хуудас/,

 

Д.Шинэбаатар, Т.Сэлэнгэ нарын хооронд бэлэн мөнгө хүлээлцсэн акт /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Д.Тийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-46, 99-100 дугаар хуудас/,

 

            Т.Сэлэнгээгийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 107 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 13 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Шинэбаатарт “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

- хохирогч Д.Шинэбаатарын мэдүүлэг,

 

- гэрч Т.Сэлэнгээгийн мэдүүлэг,

- “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар Д.Т нь “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” гэж Д.Шинэбаатарыг төөрөгдүүлэн хуурч 20.000.000 төгрөгийг өөртөө авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь бусдаар дамжуулан дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллах” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Улсын яллагчаас ялласан болон прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв зүйлчилж хэрэглэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Тийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шинэбаатараас “...20.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Д.Т 6.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 14.000.000 төгрөгөө 2021 оны 09 дүгээр сарын 01-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул түүнд учирсан 20.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Д.Т нь 6.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн гэж үзэж, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Шинэбаатарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө тодорхой хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчоос “...Д.Т үлдэгдэл хохирлоо хугацаа тогтоож төлөхөө илэрхийлсэн, оногдуулах ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй...” гэсэн саналыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдууллаа.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

           

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Т-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Шинэбаатарт олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН