| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00354/И |
| Дугаар | 00562 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 00562
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-4-18 тоотод оршин суух, Саахуу овогт Нямдэлгэрийн Оюунтуяагийн /регистрийн дугаар ГБ74083109/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш 23-8 тоотод байрлах, “Нью блю хаус” ХХК
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-4-23 тоотод байрлах, “Донж орд” ХХК-д холбогдох
Газар чөлөөлүүлэх, барилга буулгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Оюунтуяа, хариуцагчийн төлөөлөгч Н.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Н.Оюунтуяа нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол А хэсэг 93 тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авч, тухайн газартаа “Нью блю хаус” ХХК-аар амины орон сууц бариулах болсон. Ингэж амины орон сууц бариулах саналыг “Донж Орд” ХХК-ийн захирал Даринчулуун гэгч эмэгтэй тавьсны дагуу 2 давхар 120 метр квадрат талбай бүхий амины орон сууц бариулахаар тохироцсон. Ингээд барилга барьж эхэлсэн бөгөөд энэ үед надаас огт мөнгө аваагүй барилгыг барьж эхэлсэн. Нийт 146,400,000 төгрөгийн өртөг бүхий амины орон сууц барих болсон бөгөөд уг барилгыг “Нью блю хаус” ХХК барьж байгаа гэж Даринчулуун хэлсэн. Ингээд эхний ээлжинд бэлэн мөнгө өгөх хүртлээ газраа 20,000,000 төгрөгөөр үнэлж манай компанинд шилжүүлчих гэсэн. Тус компанид шилжүүлчих гэж байтал Хүрэлчулуун гэх “Нью блю хаус” ХХК-ийн захирал гэх этгээд би танай газар дээр барилга барьж байгаа хүн байна Даринчулууны компани биш миний компани луу газраа шилжүүл би барилгыг барьж байгаа гэсэн. Ингээд манай амины орон сууцыг хэн барьж байгааг тодруулахад Хүрэлчулуун барьж байгаа нь тогтоогдсон. Барилгыг нэлээд хэсгийг барьсан өндөр өртөгтэй барьсан. Манай компани болон нөгөө компанийн хооронд маргаан үүссэн би танай газарт барьсан барилгаа м,кв 1,300,000 төгрөгөнд үнэлнэ гэх болсон. Ингээд бид маргалдаад Даринчулуун энэ бүхэн надад хамаагүй, яах аргагүй дээрхи компани барьсан гэх болсон. Ингээд өндөр үнэтэй барилга авах боломгүй талаар “Нью блю хаус” ХХК-ийн захирал Хүрэлчулуунд мэдэгдэхэд та нартай тохиролцож болно, хэн хэнийгээ хохироохгүй байх үүднээс санал тавъя, 14,000,000 төгрөгөнд тооцож хохиролгүй болгоё та нар бариулна гэчихээд манай компанийг хохиролоо гээд байсан учир нөхөртэйгээ зөвшилцөж байгаад газрыг барилгыг худалдан авч байгаа гэх Бямбасүрэн гэгч этгээдийн нэр дээр шилжүүлэн уг “Нью блю хаус” ХХК газрын маань хохирол гэх 10,000,000 төгрөгийн газрын хохирол үнэ гэж өгч 4,000,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж бичиг хийж өгөөд бидний газрыг шилжүүлэн авсан. Бид ингээд газар ч байхгүй, газрын хохирол үнэ гэх 10,000,000 төгрөгнөөс өөр зүйлгүй болж амины орон сууц, газар ч үгүй болсон. Энэ бүх асуудлыг 2 бие бие лүүгээ чихээд учир нь олдохгүй байгаа. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол А хэсэг 93 тоот газрыг өөрийн эзэмшилдээ буцаан авч, газар дээрхи барилгыг буулгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Хүрэлчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Н.Оюунтуяатай ямар нэгэн байдлаар барилга бариулах гэрээ болон захиалагчийн хувиар холбогдолгүй болно. Н.Оюунтуяа нь өөрийн эзэмшлийн газраа “Донж Орд” ХХК-тай худалдах, худалдан авах тохиролцоо хийснээр бид “Донж Орд” ХХК, Н.Оюунтуяа нарын хоорондын асуудлыг мэдэлгүйгээр залилан мэхлүүлж Орхон аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэх 2015 оны 01 дүгээр сард шалгуулж байсан юм. Н.Оюунтуяаг бид хохироож үлдээхгүйн тулд аль аль талаа бодолцон үзэж шийдвэрт хүрсэн. Ингээд Н.Оюунтуяа бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн. Уг мөнгө нь газрынх нь үнэ бөгөөд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг дараа нь төлөхөөр тохиролцож, төлөх боломжгүй байсаар өдийг хүрсэн. Одоо уг газар нь 3 дахь эзэндээ очиж амины орон сууцанд айл амьдарч байгаа тул ямар ч чөлөөлөх боломжгүй болно гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, “Нью блю хаус” ХХК, “Донж орд” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Оюунтуяа би, “Нью блю хаус” ХХК-ийн захиралтай Н.Хүрэлчулуунаас 4 сая төгрөг гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. “Нью блю хаус” ХХК-ийн захирал Н.Хүрэлчулуун миний бие нь Н.Оюунтуяад газрын үнэ болох 14 сая төгрөгийн үлдэгдэл 4 сая төгрөгийг төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунтуяа нь “Нью блю хаус” ХХК, “Донж орд” ХХК-д холбогдуулан Газар чөлөөлүүлэх, барилга буулгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Нью блю хаус” ХХК, “Донж орд” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 4 сая төгрөгийг “Нью блю хаус” ХХК-аас гаргуулахаар, хариуцагч “Нью блю хаус” ХХК нь нэхэмжлэгч Н.Оюунтуяад 4,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хууль болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
“Донж Орд” ХХК-ийн төлөөлөгч Ж.Даринчулуунд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Нью блю хаус” ХХК-аас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Оюунтуяа нь “Нью блю хаус” ХХК, “Донж орд” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 4 сая төгрөгийг “Нью блю хаус” ХХК-аас гаргуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Нью блю хаус” ХХК-аас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунтуяад олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ тогтоолд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ,ШҮҮЧ Б.БЯМБАСҮРЭН