| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01365/И |
| Дугаар | 1883 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХИ66101014 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж 13-33 тоотод оршин суух Хантайшир овогт Пүрэвжалын Бадралын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УХ89040752 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 1-36 тоотод оршин суух Монгол овогт Тэгшжаргалын Тэмүүжинд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Бадрал миний бие Т.Тэмүүжинтэй 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 6 сая төгрөгийг 21 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр уг зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Т.Тэмүүжин ямар би ямар ч асуудал гаргалгүй найдвартай таны мөнгийг өгнө, харин жаахан хугацаа хэрэгтэй байна, та ганц хоёр хоног хүлээгээч гэх мэтээр удаа дараа элдэв шалтаг тоочон өдий хүрсэн. Тухайн үед би Япон улсруу явахаар виз гаргуулсан байсан бөгөөд 21 хоногийн дотор зээлсэн мөнгөө заавал буцааж өгнө гэсэн Т.Тэмүүжингийн амлалтад итгэн өөрийн машинаа зарж Япон улсруу зорчих зардалдаа зарцуулах мөнгөө түүнд зээлдүүлсэн. Гэтэл визний хугацаа 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дуусч Япон улс руу явж чадалгүй, зээлдүүлсэн мөнгөө ч буцааж авч чадалгүй хүнд байдалд ороод байна.Иймд үндсэн зээл 6.000.000 төгрөг, гэрээний хугцааа дууссан өдөр болох 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2017 оны 4 дүгээр сарын 25 буюу хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж, хариу тайлбар гаргасан хугацаа хүртэлх хүү 2.600.000 төгрөг нийт 8.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Тэмүүжин нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 6 сая төгрөгийг 21 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн явдалд маргахгүй. Харин зээлийн гэрээг хуульд зааснаар сунгаагүй тул 2.600.000 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Бадрал нь хариуцагч Т.Тэмүүжинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.600.000 төгрөг нийт 8.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 6.000.000 төгрөгийг 21 хоногийн хугацаатайгаар, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнд маргаагүй. /х.х-ийн 4 дүгээр тал/
Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.
Уг зээлийн гэрээгээр 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ хэрэгжсэн байх бөгөөд гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх зээлдүүлэгчид үүсчээ. /.х.х-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хариуцагч үндсэн зээл болон хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 92 хоногын хүү 2.600.000 төгрөг нийт 8.600.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “зээлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаатайгаар”, 2.3-т “зээлийн хүү 10 хувь” гэж тохиролцсоноор зээлдүүлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон 21 хоногийн хүү 600.000 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Харин зээлийн гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч хугацааг бичгээр сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Т.Тэмүүжингээс үндсэн зээл 6.000.000 төгрөг хүү 600.000 төгрөг нийт 6.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бадралд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Тэмүүжингээс 6.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бадралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тэмүүжингээс 120.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бадралд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 06487 дугаар захирамж хэвээр байхыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ